Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 578

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3-04 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОА89032301, Тавууд овогт Батбаярын Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 2-66 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОВ89082235, Сийхт овогт Ганболдын Батбаярт холбогдох,

       Н.Намууны төрсөн эцэг Г.Батбаяр мөн болохыг тогтоолгож тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, хариуцагч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Наранцэцэг миний бие Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтан хийдэг, 28 настай. Охин Н.Намууны хамт айлын хашаанд гэр барьж амьдардаг. 2012 онд Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт ажилд ороод 6 жил ажиллах хугацаанд Г.Батбаяртай танилцаж, Г.Батбаяраас өөр хүнтэй дотно харьцаанд орж байгаагүй бөгөөд 2015 оноос хойш 1 жил болоод 3 сартай жирэмсэн байхад Г.Батбаяр орхиж яваад одоо хүртэл охин бид хоёр дээр эргэж ирээгүй. Жирэмсний явцад хорлоготой, гэрт ганцаараа, жирэмсний сүүлийн үеийн хорлоготой эмнэлэгт хоёр удаа хэвтэхэд эргэлтийн хүнгүй хүнд хуцүү цаг үед утсаар дуудахад ирээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охиноо төрөхөд төрөлт удааширч эх баригч эмч дуудаж ирүүлээд 2 цагийн дараа Г.Батбаяр яваад дахин эргэж ирээгүй. Намайг нялх биетэй байх үед миний төрсөн ээж Зүүнхангай сумаас ирж намайг асарч өгсөн. Охиноо 3 сартайд нь хүүхэд асрагчид өгөөд миний бие ажилдаа орсон. Охин Н.Намуун одоо 7 сар, 23 хоногтой, эрүүл чийрэг өсөж байна. Би ээж хүний хувьд охиноо аавтай нь ойртуулах зорилгоор Н.Намууны аав болох Г.Батбаярынд хүргэж өгөхөд 1 цаг ч хараагүй, охиндоо нэг ширхэг ч памперс авч өгөөгүй, охиноо гэсэн сэтгэл огт байдаггүй, огт сэтгэл гаргаагүй учраас цаашид Г.Батбаяртай хамтарч амьдрах хүсэлгүй байна. Мөн охинтойгоо огт уулздаггүй. Иймд Г.Батбаярыг охин Намууны эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.  

    Хариуцагч Г.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Г.Батбаяр миний бие нэхэмжлэгч Батбаяр овогтой Наранцэцэгтэй 2015 оноос эхэлж найзалж байсан нь үнэн. Б.Наранцэцэг нь 2016 оны 2 дугаар сард жирэмсэн болж 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Намуунаа төрсөн. Бид хоёр 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл харилцаатай байсан. Энэ өдрөөс надтай муудалцаж 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хадаг сүй тавих байсныг болиулж, чиний хүүхэд биш гэж удаа дараа хэлж байсан учраас би эргэлзэж байсан. Одоо охин Намууныг өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Охиныг төрөхөд нь өлгий авч өгөх, өвчтэй үед эргэж тойрч, ээж маань харж өгөлцөж байсан. Бид хоёр цаашид таарч тохирч амьдрахгүй гэдэг нь мэдэгдэж байна. Хүүхдэд шинжилгээ хийлгэх шаардлагагүй тул хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хариуцагч Г.Батбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр Б.Наранцэцэг, хариуцагч Г.Батбаяр нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас 2016 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр охин Н.Намуун төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

       Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т заасны дагуу охин Тавууд овогт Наранцэцэгийн Намууныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Г.Батбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Г.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамж 23.296 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар Тавууд овогт Наранцэцэгийн Намууныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Г.Батбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамж 23.296 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР