| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00532/И |
| Дугаар | 584 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 584
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОА87080104, Булгадар овогт Сүхбаатарын Отгонтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багт оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОС85102619, Зургаадай овогт Тувааны Ариунболдод холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Т.Ариунболдтой 2010 онд танилцаж 2011 онд гэр бүл болсон. Бидний хамтын хугацаанд 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүү А.Төгөлдөр төрсөн. Бид хоёрын дунд хэрүүл маргаан гарахаар нөхөр маань намайг зоддог болж ах, дүү, ээж нарт нь хэлэхээр тоодоггүй, гэрээсээ гараад 2-3 хоногоор явчихдаг байсан. Тэгээд бид салахаар шийдэж тусдаа амьдраад 4 жил болж байна. Т.Ариунболд надаас салаад 2-3 сарын дараа эхнэр авсан гэсэн, би мөн өөр хүнтэй гэрлээд, 2 хүүхэд төрүүлсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудал байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү А.Төгөлдөр нь багаасаа аавынхаа асрамжид өсч байгаа ба цаашид аавынх нь асрамжид үлдээхээр ярилцаж шийдвэрлэсэн” гэжээ.
Хариуцагч Т.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Т.Ариунболд миний бие нэхэмжлэгч С.Отгонтуяагийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол, санал байхгүй. Мөн хариуцагч Т.Ариунболд миний бие 4 настай хүү болх Төгөлдөрийг цаашид асран хамгаалах саналтай байна. Хүү Төгөлдөр нь 3 сартайгаасаа хойш миний асрамжид байгаа болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Отгонтуяа нь хариуцагч Т.Ариунболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
С.Отгонтуяа нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэн С.Отгонтуяа, Т.Ариунболд нар 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж тэдний дундаас 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүү А.Төгөлдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй учир нь С.Отгонтуяа нь өөр гэр бүлтэй болж, 2 хүүхэд төрүүлсэн, Т.Ариунболд нь мөн гэр бүлтэй болсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг шүүх цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.Отгонтуяа, хариуцагч Т.Ариунболд нар эд хөрөнгийн маргаангүй талаар тайлбар гаргасан байх тул эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Отгонтуяаг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж байна.
Хариуцагч Т.Ариунболдод шүүх хуралдааны товын мэдэгдсэн боловч “Би алтанд явж байна. Намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч нь “хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зургаадай овогт Тувааны Ариунболд, Булгадар овогт Сүхбаатарын Отгонтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Төгөлдөрийг эцэг Т.Ариунболдын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч С.Отгонтуяаг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР