Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

Иргэдийн төлөөлөгч У.Гандолгор,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаяр, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Алгирмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2119000050015 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар багийн Улаан хошуу гэх газарт О.Оюунтүлхүүрийн хоолойг хэрчиж алсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 11-ний орой намайг Оюунтүлхүүрийн амь насыг бүрэлгэсэн гэдэг. Ийм явдал болоогүй. Би уг орой 17 цаг өнгөрч байхад талийгаачийн гэрт орсон. Гэтэл талийгаач гэртээ ээж, аавтайгаа бүгдээрээ байсан. Би баруун орон дээр нь сууж байгаад гараад гэртээ орж, 19 цаг өнгөрөөгөөд урагшаа Болдбаяр ахынх руу явсан. Манайх талийгаач Оюунтүлхүүртэй нэг хашаанд байдаг. Болдбаяр ахынд очиход манай бэр эгч, хүүхдүүдийн хамт байж байсан. Болдоо ах хаачсан юм гэж асуухад агаа чинь өнөөдөр ажилтай гэж хэлсэн. Би зурагтын цаг харахад 20 цаг өнгөрч байсан. Тэгээд баруун гэрт ороход Өсөхөө байж байсан, Өсөхөө нь манай бэр эгчийн төрсөн хүүхэд. Ээж нь хаачсан юм гэхэд ээж мах комбинат дээр ажилтай байгаа, шөнө ирэх байх гэж байсан. Өсөхөө хойд орон дээрээ гар утсаар тоглоом тоглоод байж байсан. Тоглоомыг нь хажууд нь очиж харж сууж байгаад цаг хэд болж байна гэхэд 8 цаг өнгөрч байна гэж хэлсэн. Би буцаад гарах гэсэн та гал асаагаад өгөөч гэсэн, би галыг нь асааж өгчихөөд Болдоо ахынд буцаж орж байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд тэнд зурагтын урд ор засаад унтсан. 12 дугаар сарын 12-ны өглөө дөнгөж орноосоо босоод хувцсаа өмсөөд байж байхад хашаанд машин орж ирсэн. Болдоо ах машинаасаа бууж ирж байсан, гэрт орж ирээд зуухны баруун талд зогсоход Төгсөө эгч ажлаасаа буучихсан юм уу гэхэд аль өглөө эрт буусан урьд шөнө их хүйтэн хоножээ, өглөө машин асдаггүй, хүний аккумлятор тавьж машинаа асаалаа гэж хэлсэн. Тэгээд Болдоо ах миний утсыг цэнэглэчих гээд Төгсөө эгчид утсаа өгтөл Төгсөө эгч, Болдоо ахын утсыг аваад баруун талын авдар дээр тавьсан. Тэгтэл утас нь дуугарсан Төгсөө эгч Болдоо ахын утсыг авч яриад дууссанаа Алтаа эгч ярьж байна хойд талын гарам дээр Туяа эгч мотоциклтой ирчихсэн байна гэнээ наашаа оруулахгүй байна, явган бол оруулж байна гэж байна, ирээд авчих уу гэж байна гэнээ гэж хэлсэн. Болдоо ах гараад явсан, удалгүй Алтаа эгчийг аваад ирсэн байсан. Гадуур гарах ажилтай гээд Болдбаяр ах Алтаа эгч бид хэд явсан. Юнител төвийн баруун талын зогсоол дээр очиж зогсоод Алтаа эгч би ийшээ орж дугаар сэргээчихээд ирье гээд Юнителийн төв рүү орж удалгүй гарч ирээд хаалттай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдбаяр ахаас одоо та хэд хаачих юм гэж асуухад бид хэд харилаа гэж хэлэхээр нь би машинаас бууж, тэр хэд хөдөлж явсан. Би гэр лүүгээ алхаж гэртээ ирэхэд манай ээж, хойд аав хоёр байж байсан. Би гэртээ орж байж байгаад хойшоо 60 гэр рүү явсан. 60 гэрт манай Нэмэхээ ахынх байдаг. Тэднийд Урнаа эгч Наранцэцэг 3 байсан. Би гэрт очиж суугаад цаг харахад 12 цаг болж байсан. Нэмэхээ ахын хашаанд манай дүү Сугармаагийнх байдаг, тухайн үед Сугармаа хөдөө байдаг би гэрийг нь хардаг байсан. Сугармаагийн гэрт нь орж гэрийг нь янзалчихаад орой харанхуй болох үед гараад засмал зам руу очиж такси бариад Болдбаяр ахынд очсон. Болдбаяр ах эхнэр хүүхэдтэйгээ байсан. Би Болдбаяр ахынд 2 хоноод 14-ний өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд талийгаачийнх руу ороход Түвшинээ ах, Отгоо эгч, Жагаа эгч, хүүхдүүдтэйгээ байж байсан. Талийгаачийг 12 дугаар сарын 11-ний орой гэрээсээ гараад гэртээ орж ирээгүй гэж хоорондоо ярьцгааж байсан. 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн талийгаачийг хайж эхэлсэн. Түвшинээ ах, Отгоо эгч, Төгсөө эгч, Болдоо ах, Цэцэгээ эгч, Наранбаа ах, Хуягаа, Тулгаа, Ганаа, Алтаа эгч, Жагаа эгч, Энхбат ах, Хашчулуун, Сугармаа нар надтай нийлээд 15 хүн хайж байсан. Эдгээр хүмүүс нотолно. Оройн 19 цагаас эхлэн шөнийн 03 цаг хүртэл тасралтгүй хайж байсан. Хаагуур хайж байсан бэ гэхээр зүүн талын овоо, ангал, зурагтын антены баруун талын жалга, судаг, гэр байр, хашаа ер нь хайгаагүй газар байхгүй. Талийгаачийг 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хайж байгаад, 01 сарын 06-ны орой нартай байсан, цаг хэд болж байгааг мэдэхгүй байна. Отгоо эгчийн утас дуугарч, Отгоо эгч утсаа авч ярьснаа цагдаагаас ярьж байна, би оччихоод ирье гээд бүгдээрээ явсан. Намайг хүүхдүүд хараад байж бай гэж хэлсэн. Би хүүхдүүдийг нь хараад гэрт нь үлдсэн. Харанхуй болсон үед ирсэн байх, тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Отгоо эгчийг гэр рүү орж хэвтүүлчхээд бүгдээрээ гэрийн үүдэнд цугларсан. Гэтэл Төгсөө эгч дүүг чинь олсон байна. Отгоо эгчид хувцас, бие хааг нь үзүүлэхэд мөн байсан гэж байна, хаанаас олсон юм бол гэтэл Түвшинээ ах зүүн зүгээс олсон юм шиг байна билээ, зүүн талын босоолготой овооны зураг цагдаагийн ширээн дээр байна лээ гэхэд, Төгсөө эгч, Цэцэгээ эгч хоёр хаанаас олсныг нь цагдаа нараас асуучихаад ирье гээд Төгсөө эгч, Цэцэгээ эгч, Наранбаа ах, Болдоо ах 4 явсан. Би талийгаачийн гэрт орж байж байгаад цаг харахад 23 цаг болж байсан. Түвшинээ ахыг гэрээс гарахад нь би дагаж гараад талийгаачийн гэрийн гадаа зогсож байхад явсан хүмүүс маань ирээд гэрийн зүүн урд талд машинаа зогсоогоод машинаасаа буугаад Түвшинээ ах бид 2 дээр ирсэн. Төгсөө эгч цагдаа нараас асуулаа зүүн талын зам дагасан сэтэрхий, босоо овоолготой жалга байдаг даа, тэрний урд талд хонхорхой байдаг, яагаа вэ нөгөө Сайнаа хог шатаагаад байдаг газраас олсон гэж байна. Газар нь цус болчихсон андашгүй газар байгаа гэж байна. Цагдаа нар хүнд битгий хэлээрэй гэж байсан очиж үзчихээд ирэх үү гэж Түвшинээ ах хамт явах уу гэхээр нь би явъя гэхэд Төгсөө эгч, Болдоо ах хоёр Цэцэгээ эгчтэйгээ хань болоод Отгоо эгчийгээ хараад байж бай гэж хэлсэн. Төгсөө эгч, Болдоо ах, Наранбаа ах, Түвшинээ ах 4 явсан. Би гэрт нь орж байж байгаад 00 орчихоод ирж байтал Төгсөө эгч, Болдоо ах, Наранбаа ах, Түвшинээ ах 4 гэрийн баруун урд талд машинаа тавьж байсан. Цэцэгээ эгч гэрээс гарч ирээд юу болов гэтэл очиж үзчихээд ирлээ. Жалга нь цус болоод хөлдчихсөн газар байна. Цэцэгээ эгч яг хаана юм гэтэл Төгсөө эгч яагаа вэ зүүн талын зам дагадаг сэтэрхий овоолготой хогтой жалга байдаг, тэр газрын урд хог шатаагаад байдаг хонхорхой тэр газарт тэгээд ламд үзүүлсэн чинь Долоон бурхан одны хамгийн доод талаасаа 3 дахь од тод байвал амьд байдаг, бүдэг байвал нас барсан гэж байна. Тод байх шиг байна гэж ярьсан. Намайг 01 сарын 08-ны өдөр цагдаа нар барьсан. Цагдаагийн дарга намайг зодож дарамталсан. Надад цагдааг танилцуулаагүй, нэрээ хэлээгүй. Чи хүн алсан гэж хэл гэж намайг дарамталж нүүр рүү зохиж, алгадаж, паркетан шалан дээр хэвтүүлж байгаад нуруун дээр дэвссэн. Болдбаяр гэж танай ах уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Гандаваа гэдэг байцаагч намайг байцааж байхдаа талийгаачийн хоолойг зүссэн байсан, ахын чинь машины араас цустай цаасны хутга гарч ирсэн, үүнийг мэдэх үү гэхэд нь би мэдэхгүй гэж хариулсан. Би тухайн үед мэдэхгүй байсан. Хамгийн анх мэдүүлэг өгөхдөө тухайн үед хаана байснаа үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Гарын үсэг зурсны дараа мэдүүлгээ буцааж болдог гэж надад хэлсэн. Би гарын үсэг зурчихаад мэдүүлэг өөрчлөгдөж болдог, болдоггүй талаар надад тайлбарлаж хэлээгүй. 48 цаг цагдан хоригдож 01 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос онц хүнд гэмт хэрэгтэй тэнцэх албаны хурандаа Баярсайхан гэдэг хүн намайг байцаасан. Чи хүн алсан гэж хэл, хэлэхгүй бол чамайг ална, хэлэхгүй бол ээж, гэр бүлийн хүмүүсийг чинь бүгдийг нь хорино гэж дарамталж хэд хэдэн удаа цохиж, элдэв бусаар хэлсэн.  Гандаваа байцаагч намайг байцаасан. Байцаагч хэлэхдээ чиний анхны мэдүүлэг чинь болохгүй байна. Талийгаачийн хоолойг зүссэн байсан, ахын чинь машины араас цустай цаасны хутга гарч ирсэн. Талийгаачийг хаанаас олсон газрыг мэдэх үү гэхэд нь би мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл гэрийнхэн чинь ямар нэгэн зүйл яриагүй юм уу гэхээр нь ярьсан гэхэд хэн юу гэж ярьсан юм бэ гэхээр нь манай бэр эгч ярьсан. 01 сарын 06-ны орой нар шингэхийн алдад байж байтал Отгоо эгчийн утас руу хүн залгасан гээд болсон явдлыг хэлсэн. Байцаагч чи тэгвэл наад газраа л заагаад өгчих, би наад хүмүүсийг чинь шалгана, цаасны хутганы өнгийг мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэхэд цэнхэр, шар ч гэдэг юм уу ямар ч хамаагүй өнгө хэлчих гэж хэлсэн. Чи хэргийн газарт очоод Төгсөө эгчийнхээ зааж өгсөн газарт очоод ийш, тийшээ заагаад зохиогоод ярьчих, 7 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хийсэн хэргийн эзнийг нь тодорхойлно, намайг болсон гэж хэлэхээр худлаа мэдүүлэг өгсөн гэж хэлээд үнэн учраа хэлж буцаалгаарай гэж хэлсэн. Хэрвээ чиний яриад байгаа үнэн л юм бол цаасны хутга чинь шинжээчийн дүгнэлтээр хүний цус уу, амьтны цус уу гэдэг нь гараад ирнэ. Өмгөөлөгч, байцаагч нартаа энэ талаар хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Төгсөө эгч тухайн үед хэргийн газрыг надад зааж өгөөгүй байсан бол би ийм газар гэж мэдэхгүй байсан. Надад зааж өгөөгүй байсан бол юун газар гэж зааж өгөх юм. Хоёрдугаарт, би талийгаачийн амь насыг бүрэлгээгүй. Б.Б санаанаасаа зохиож ярьж байна гэж мэдүүлсэн байдаг. Манай өмгөөлөгч надад мэдүүлгүүдийг нь уншиж өгдөг. Би өөрөө бичиг, үсэг мэддэггүй. Цагдаа нар албан тушаал, нэрээ хэлж болдоггүй юм уу. Намайг үг хэлэх завдалгүй зодсон, би тухайн үед асар их цочролд орж юу гэж мэдүүлэг өгөхөө мэдэхгүй байсан. Үнэнээ хэлэхээр худлаа хэллээ, чи алсан гэж хэл гэж эрүүдэн шүүсэн. Энэ талаараа прокурорт хүсэлт гаргахад прокурор миний хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариу очсон байсан. Үүнийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би талийгаачийг алаагүй, талийгаачтай уулзаагүй. Би алга боллоо гэсэн үеэс нь эхэлж хайлцаж өгсөн. Надад цагдаа нар хууль тайлбарлаж, танилцуулж байсан бол мэдэхгүй, янз бүрийн зүйл ярьж, хүний үгээр үг хийхгүй байсан. Би хуулийн талаар өөрөө сайн ойлгохгүй байна. Бас нэг ойлгохгүй байгаа зүйл нь 12 дугаар сарын 11-ний орой Нэмэхээ ах 12 цаг болж байхад ирсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Дараагийн мэдүүлэгтээ ирсэн шиг санаад байна, гурав дахь мэдүүлэгтээ нэг хүн орж ирээд гарсан сайн мэдэхгүй байна, гэрэл унтраалттай байсан гэж мэдүүлдэг. Би тэнд очих ямар ч боломжгүй байсан. 12 дугаар сарын 11-ний орой 22 цаг өнгөрөөгөөд орондоо орчихсон 24 цагийн үед унтаж байсан. Худал мэдүүлэг өгөөд байдаг үүнийг үнэн зөвшөөр шийдэж өгнө үү. Гар утсаар ярьсан гэх алт мөнгөний дархан тухайн өдрийн он, сарыг сайн санахгүй байна. Би ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан жоохон алт, мөнгөний хугархайг өгсөн. Миний нүд 2017 оноос хойш эхлэн нулимс гоожиж, асар их өвддөг, одоо ч нүдний дусаагуур дусаадаг. Нүдний дусаагуур нь эрхий хурууны чинээ байж 15,000 төгрөгийн үнэтэй. Нүдний уг өвдөөд байна гэж ээжид хэлэхэд ээж надад өөрийнхөө хэрэглэж байсан мөнгөний үлдэгдлийг өгсөн. Тухайн үед талийгаачтай тааралдаад хаашаа явж байгаа юм гэхэд би Машаг авах гээд явж байна гэж хэлсэн. Маша гэдэг нь талийгаачийн төрсөн дүү нь нэгдүгээр сургуульд суралцдаг. Та хаа хүрэх гэж байгаа юм гэхээр нь би алт, мөнгөний дархан руу орж жоохон мөнгө өгөх гээд нүд өвдөөд ээжээс мөнгө авчихаад гэж хэлээд алт, мөнгөний дархан руу очсон. Миний утас цэнэггүй болчихлоо та миний сим картыг өөрийнхөө утсанд хийгээд ярьчих гэж хэлээд надад сим өгсөн. Баярсайхан эмчийн бөөний дэлгүүрийн баруун талд байдаг алт мөнгөний дархан. Би алт, мөнгөний дархан руу залгахад утсаа авсан. Байна уу алт мөнгөний дархан уу гэхэд тийм байна гэсэн би жоохон мөнгө өгөх гэсэн юм та хаана байгаа юм ирэх боломж байна уу гэхэд би зах дээр ажилтай явж байна арай л болоогүй байна гэж хэлээд тасалсан. Дараа нь жоохон байж байгаад залгатал утсаа аваагүй, дахин залгахад бас аваагүй гэтэл агаа би явах болчихлоо, Машаг авах гэж байна би явлаа гэхээр нь сим картыг нь гаргаж өгөөд талийгаач явсан. Би ганцаараа зогсож байтал алт, мөнгөний дархан ирсэн. Алт мөнгөний дархан, бид 2 л уг өрөөнд орсон өөр хүн байгаагүй. Тухайн үед талийгаач надад дансаа өгч, би гар утасныхаа мессеж хэсэгт хадгалсан байсан. Би алт мөнгөний дарханд талийгаачийн дансыг үлдээгээд гараад явсан. Тухайн үед 20 гаруй мянган төгрөг болсон шиг санагдаж байна. Алт мөнгөний дархан хоёулаа орж ирсэн гэж мэдүүлсэн байсан. Үүний ээдрээ, төвөгтэй байдал, учрыг сайн гаргаж болох уу. Хэргийн газрыг би мэдэхгүй байхад Төгсөө эгч зааж өгсөн байдаг. Ганцхан Төгсөө эгч яриагүй, үүнийг ярихад Цэцэгээ эгч, Наранбаа ах, Түвшинээ ах, Болдоо ах, миний бие байсан. Хэргийн газрыг надад заж өгөөгүй байсан бол би хэргийн газрыг мэдэхгүй байсан. Яагаад гэвэл би талийгаачийн амь насыг бүрэлгээгүй. Талийгаачийн гар утсыг олох боломжтой юу. 12 сарын 11-ний орой талийгаач алга болж, 01 сарын 06-ний өдөр олдсон. Шинжээчийн дүгнэлтэд талийгаач амь насаа алдаад 24 цагаас хэтрээгүй, хөнгөн хөлдсөн байна гэсэн дүгнэлт гарсныг манай өмгөөлөгч надад уншиж танилцуулж байсан. Намайг талийгаачийн амь насыг хороосон гэсэн нотлох баримт нь юу байгаа юм. Талийгаачийг намайг цаасны хутгаар алсан гэж байгаа, би алаагүй. Тухайн үед намайг зодож, дарамталсан. Би худлаа мэдүүлэг гэж Батбаатар байцаагчид хэлж байсан. Хэргийн газар гээд байгаа газрыг надад хүн зааж өгсөн гэж хэлэхэд би шалгана гэж хэлсэн. Шалгаж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би цагдан хорих байранд хоригдоод 11 сар болж байна. Намайг хүн амины хэрэг хийсэн гэж байна. Үнэн зөвшөөр шийдэж өгнө үү. Ариунболд прокурорт ийм, ийм учиртай гэж хэлж байсан. Гэтэл прокурор чи наадахаа шүүгчид хэл надад хамаагүй, чи хүсэлт гаргаж болно гэж хэлсэн. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй. Гэтэл прокурор өөрөөсөө зайлуулж байгаа ч юм шиг эсвэл миний хүсэлтийг хангахгүй гэж байгаа юм шиг сонин үзэгдэл харагдаад байдаг. Яагаад ингээд байгаа юм, бичиж өгч болохгүй юм уу, үүнийг тодруулж өгнө үү гэж хүсэж байна. Асар их зөрүүтэй мэдүүлэг байхад зөрүүг нь яагаад гаргаагүй юм. Зөвхөн Б.Б л үйлдсэн гэж харагдаад байдаг. Гэтэл 12 дугаар сарын 11-ний орой намайг тэнд явж байсан гэж нотлох баримт байдаггүй. Үүнийг харгалзаж үзэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн л гэж үзээд байдаг. Намайг өмгөөлөгчгүйгээр өөр өрөөнд оруулж чи хүн алсан гэж зодож, эрүүдэн шүүгээд байсан. Хэргийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү би талийгаачийн амь насыг бүрэлгээгүй, талийгаачтай огт уулзаагүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 11-ний орой нөхөртэйгөө 7-8 цагийн үед урагшаа том эгчийнх рүүгээ явчихаад ирсэн. 20 цаг өнгөрөөгөөд 21 цаг дөхүүлээд гэртээ ирэхэд охин маань байхгүй байсан. Хүүгээсээ асуухад түрүүнд бие засах гээд гараад эргэж орж ирээгүй гэж хэлсэн. Би гарч дуудахад ойр хавьд байгаагүй, гар утас руу нь залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэр хавиараа жоохон хайж байгаад 2 дүү рүүгээ залгаж асуухад ирээгүй гэж байсан. Хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Тэр шөнөө гэртээ хоноод маргааш өглөө нь гадуур хайж, сүүлд нь ангийнх нь багшаас ангийнх нь хүүхдүүдийн дугаарыг авч асуусан боловч ямар ч хүүхэдтэй холбоо бариагүй байсан. 2, 3 хоносон байх сайн санахгүй байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш олон хоносон,  01 дүгээр сарын 06-ны өдөр олдсон байсан. Яг хаанаас олсон гэдгээ надад хэлээгүй. Мөн эсэх нь тодорхой биш, эмэгтэй хүний цогцос олсон гэж хэлээд гар утсан дээрээ дарсан зургийг надад харуулахад миний хүүхэд мөн байсан. Хаанаас олсон гэдгийг би мэдээгүй түүнээс хойш сайн санахгүй байна, бодоход гэртээ ирсэн байх” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаярын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед талийгаач гэртээ байж байгаад нөхөр бид хоёрыг эгчийнд очоод ирэхэд байхгүй байсан. Дүү нараас нь “эгч нь хаачсан юм” гэхэд “бие засаад ирнэ гэж хэлээд гарсан” гэж байсан. Охиноо хүлээгээд байсан ирэхгүй болохоор нь би өөрийн дүү болох Отгонжаргал, Отгонтөгс нараас утсаар “Оюунтүлхүүр очсон уу” гэж асуухад “ирээгүй” гэж хэлсэн. Тухайн шөнө охиноо хүлээгээд байсан, гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь би ангийнх нь багшийн утсыг олоод ангийнх нь хүүхдүүдийн дугаарыг авч, хүүхдүүд рүү залгаж асуусан, ангийнх нь хүүхдүүд уулзаагүй гэж хэлж байсан. Хоёр, гурав хоног сураглаад ирэхгүй болохоор нь ах, дүү нартайгаа гэрийнхээ ойр хавьд гадна зогсож, охиноо харж байсан.  Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр санаж байна, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... Би гэм буруутай хүнээс талийгаач охиныхоо ажил явдалд гарсан зардлыг нэхэмжлэх бодолтой байна. Бид ажил явдлын үеэр 4,000,000 төгрөгийн зардал гаргасан. Одоогоор ажил явдлын үеэр гаргасан зардлын баримтууд бэлэн биш байна ... Охиноо алга болсны дараа бид сар шахам эрж хайж байсан. Эрлийн явцад машины шатахуун, хүмүүсийн хоол, унд, утасны нэгж, ламд үзүүлж харуулж байсан зэрэг нийлээд 1,000,000 гаран төгрөгийн зардал гаргасан, үүнийг бас нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 144-148, 151-152, 3 дугаар хавтасны 191 дүгээр хуудас/,

Гэрч У.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед би гэрээсээ гараад төв орох гээд алхаж байхад овоон дээрээс 2 жаахан хүүхэд дуудахаар нь очиход “ахаа энэ жалганд хүн унтаж байна, нүүр нь цас болчихсон байна” гэж хэлэхээр нь тэр хоёр хүүхдэд “битгий ойртоорой” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Би тэр цогцос дээр очиж хараагүй. Эрэгтэй, эмэгтэй ямар хүн байсныг мэдээгүй. Тэр хоёр жаахан хүүхэд нүүр нь цас болсон байна гэхээр нь дотроо энэ өнгөрсөн хүн байна гэж бодоод дуудлага өгсөн. Өөр надад харсан, үзсэн зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 153-155 дугаар хуудас/,

Гэрч Ц.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 06 минутад 90227441 дугаарын утаснаас над руу залгасан байсан. Би уг дуудлагыг тухайн үед нь анзаарч аваагүй. Тэгээд удалгүй 2 минутын дараа 17 цаг 08 минутад уг 90227441 дугаарын утаснаас ахин дуудлага ирж, 50 секунт ярьсан. Тухайн үед ярихад утасны цаанаас эрэгтэй хүн “байна уу, алт мөнгөний дархан мөн үү, би жоохон мөнгө өгөх гэсэн юм, та ажил дээрээ ирэх үү” гэж ярьсан. Энэ үед нь гадуур Эргэл зах дээр ажилтай явж таарсан юм. Намайг ажлын гадаа ирэхэд ажлын үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Энэ үед миний утас халаасанд дуугарсан ба ажлын гадаа байсан хоёр хүний эрэгтэй нь залгаж байснаа намайг хараад тасалсан байх, би ажил руугаа ороод утсаа харахад 90227441 дугаараас 17 цаг 16 минутад миний утас руу дуудлага ирсэн байсан. Би энэ болсон явдлыг санаж байгаа нь миний утсанд залгасан дуудлага, яриа бичигдэж хадгалагддаг, уг 90227441 дугаартай хүнтэй ярьсан яриа болон дуудлага нь миний гар утсанд одоо хадгалаатай байгаа. Уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь 27-28 насны надаас бага зэрэг өндөр 170 см орчим өндөртэй, уруулын дээд хэсэгт бага зэрэг сахалтай, өмссөн хувцас нь санаж байгаагаар зузаан захтай хүрэм өмссөн байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Төмөр замчдын өмсдөг хувцастай их төстэй санагдаж байна. Мөн түрийтэй хар өнгийн гутал өмссөн, эмэгтэй нь 20 орчим насны, бор саарал өнгийн ороолт, малгай, богино улаан хүрэн куртик өмссөн байсан санагдаж байна. Уг хоёр хүн надтай хамт манай ажил руу орсон ба хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Би эрэгтэйгээс мөнгө грамлан худалдаж аваад, тооцоо хийх гээд дансны дугаар асуухад эрэгтэй нь надад “би картгүй” гэж байсан. Тэгээд хамт явж байсан эмэгтэйд хандаж “чи дансаа хэлчих” гэж байсан. Эмэгтэй нь дансаа өгөөд би уг хэлсэн данс руу нь 26,000 төгрөгийг “mungu” гэсэн утгатай шилжүүлж гүйлгээ хийсэн.  Мөнгө шилжүүлсний дараа уг хоёр хүн “баярлалаа” гэж хэлээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 189-191, 2 дугаар хавтасны 45 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч У.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Оюунтүлхүүр над руу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж чат бичсэн, түүнээс хойш надтай холбогдоогүй. Би Оюунтүлхүүрийг алга болсон гэдгийг 2020 оны 12 дугаар сарын 14, 15-ны үед мэдээд хэд хэдэн удаа чат бичсэн боловч хариу ирүүлэхгүй байсан. Гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан ... Оюунтүлхүүр утсаар ярьдаг хүнийхээ талаар надад хэлж байгаагүй ... сүүлийн 2 орон нь 7441 гэсэн дугаараас залгаж ярьдаг байсан ба гар утасных нь дугаарыг бүтнээр мэдэхгүй ... миний төрсөн өдрөөр өглөө 10 цаг өнгөрч байхад баяр хүргэж мессеж бичсэн байсан ба миний төрсөн өдрөөр ирээгүй. Би төрсөн өдрөө гэртээ орой тэмдэглэсэн болохоор Оюунтүлхүүрийг дуудаагүй ... тэр шөнө 23 цагийн орчим бид нар гэртээ амрах гээд хэвтчихсэн байж байтал Б манай гэрт орж ирсэн. Тэгэхэд манай ээж Урансайхан “яанаа хүү минь хоол унд байхгүй шүү дээ” гэж хэлэхэд Б гараад явчихсан. Дахиж тэр шөнөдөө манайд ирээгүй. Тэр шөнө манай гэрт ирэхдээ хар куртик, бараандуу өнгөтэй өмдтэй, хар өнгийн гуталтай явж байсан гэж харсан ...”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 201-204, 2 дугаар хавтасны 229 дүгээр хуудас/,

Гэрч М.Урансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагаас 23 цагийн үед Б манай гэрт орж ирсэн. Тэр үед нь “хоол цай дуусчихсан байна даа, хүү минь” гэж хэлтэл “за яахав яахав эгч” гэж хэлчихээд гараад явсан. Уг өдөр нь манай охин Наранцэцэгийн төрсөн өдөр болсон юм. Тэр өдрөөс хойш дахин уулзалдаагүй ...”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 207-209 дүгээр хуудас/,

Гэрч Ф.Нэмэхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн үед Б манай гэрт орж ирсэн. Тэр өдөр манай охин Наранцэцэгийн төрсөн өдөр байсан учраас би сайн санаж байна. Тэгээд би Бт хандан “яана даа дүү минь, хоол унд дуусчихсан байна” гэхэд “өө заа заа” гэж хэлээд гараад явсан. Уг нь өмнө нь гэрт орж ирдэг байхдаа суугаад байдаг байсан чинь тэр өдөр яагаад ч юм их хурдан гараад явчихсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 214-216, 2 дугаар хавтасны 63-64 дүгээр хуудас/,

Гэрч С.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Б 2020 оны зунаас хойш Самсунг S-7 edge маркийн гар утас барьж байсан. Одоо тэр утас нь өөрт нь байдаг байх, ямар өнгөтэй байсныг санахгүй байна. Ямар ч байсан дэлгэц нь гэмтээд нүүрнийхээ гол хэсгээр доошоо чиглэлтэй ягаан өнгийн зураастай болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 230-231 дүгээр хуудас/,

Гэрч Ф.Отгонтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр гэртээ амарч байгаад орой 19 цагийн орчимд ажилдаа явсан. Тухайн өдөр манай гэрт манай хүүхдүүд болон Алтанцэцэг эгчийн хүүхдүүд байсан. Манай нөхөр шөнө ээлжтэй байсан учраас тэр шөнө би хүүхдүүдтэйгээ гэртээ хоносон. Өөр ямар нэгэн хүмүүс манай гэрт хоноогүй. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр  Б манай гэрт огт ирээгүй. Нөхөр бид хоёр 14-15 цагийн орчим гэртээ нүүрс авахаар Нямаа гэх нүүрс зардаг айлд очиход тэнд Б нүүрс савлаж байсан. Ер нь Б эрхэлсэн тодорхой ажилгүй учраас нүүрс зарж борлуулдаг айлд очиж, нүүрс савлаж хэдэн төгрөг олдог. Тухайн өдөр Бтай Нямаа ахын хашаанд л  таарсан. Тэрнээс хойш огт манай гэрт ирээгүй ба манай гэрт хоноогүй ... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07-08 цагийн үед Б нь “Нямаа ахын гэр рүү нь нүүрс савлахаар явж байна” гээд манай гэрт орж ирээд цай уучихаад гарсан ... Мөн Б надад хэлэхдээ “Сугармаагийн гэрт нүүрс түлээгүй болчихсон, хүйтэн гэрт бослоо, хөлдөж үхэх нь” гэж хэлсэн ... Б хар өнгийн куртик, жинсэн өмдтэй байсан. Б ер нь хувцсаа солиод байдаггүй. Тухайн үед өмсөж байсан хувцастайгаа яваад байдаг ... Оюунтүлхүүр алга болсноос хойш манай ах, дүү нар хайж манаанд гардаг байсан юм, тэр үед Б гар утасны симны оролт эвдэрсэн гээд хадам ээжийн Нокио загварын гар утсыг барьж байсан ... өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр ажлаасаа буучихлаа гэж над руу ярихаар нь би нөхрийнхөө приус машинаар нөхрийгөө очиж авсан, манай нөхрийг ажлаасаа бууж ирэх үед Б манай гэрт байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 173-176, 235-236 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Тэр өдөр 17 цагийн үед ... Б ах гэрт орж ирээд улаан гадартай Самсунг S-7 edge маркийн гар утсаа халааснаасаа гаргаж ирээд, оролдоод суугаад байсан. Тэгж байгаад удалгүй гараад явсан ... хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, Оюунтүлхүүр эгч хүүхдээ унтуулчхаад “гарч 00-д бие засаад ирнэ, эгч нь аав ээжид утсаар хэлчихье” гэж хэлээд гараад явсан, эргэж орж ирээгүй. Оюунтүлхүүр эгчийг гэрээс гарахдаа хүнтэй утсаар ярьсан үгүйг мэдэхгүй байна, утсаа оролдож байгаад гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 50 дугаар хуудас/,

Гэрч С.Болдбаярын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ амарч байгаад, орой 19 цагийн үед ажилдаа явсан. Би тухайн өдөр оройн ээлжтэй байсан учраас тэр шөнөдөө хонож ажиллаад, маргааш өглөө буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны 08:30 цагт гэртээ ирсэн. Тухайн өдөр манай гэрт манай эхнэр, хүүхдүүд байсан. Намайг ажилдаа явахад эхнэр, хүүхдүүд маань л үлдсэн, өөр хүн байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б Сугармаагийн гэрт байсан. Тухайн өдөр Сугармаагийн хашаанд амьдардаг Нэмэхжаргалын охин Наранцэцэгийн төрсөн өдөр байсан. Сугармаа нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Алтанширээ сумын Сайн-Ус гэх газар амьдардаг Алтантуяа эгчийн гэр лүү явж хэд хоног гэр нь эзэнгүй байсан ... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг 19 цагийн орчим ажилдаа явах хүртэл Б манай гэрт ирээгүй. Мөн тухайн өдөр манай гэрт хоноогүй ... Б нь Оюунтүлхүүр охиныг эрэн хайж байхад байнга хамт явж байсан. Заримдаа Быг “гэртээ үлдээд дүү нараа хараад байж бай” гэхээр “хамт явъя, хамт явъя” гээд байхаар нь авч явж байсан. Нэг л удаа Отгонбаяр эгчийн гэрт үлдэж байсан. Б, Оюунтүлхүүр хоёр их дотно харилцаатай. Миний хувьд тэр хоёрыг энд тэнд хамт явж байсныг хэд хэдэн удаа харж байсан. Миний мэдэхээр 2020 оны 10 дугаар сард Отгонбаяр эгчийг Өмнөговь аймаг руу явсан хойгуур Б Оюунтүлхүүрийн гэрт нэг удаа хонож байсан ... Б миний утастай ижил шаргал өнгийн Samsung S-7 edge маркийн гар утас ашиглаж байсан. Яг хэзээнээс ашиглаж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Миний мэдэхээр 2020 оны 11 дүгээр сард ашиглаж байсан ... Отгонбаяр эгч охиноо хүнд үзүүлсэн чинь “гэрийнхээ ойролцоо байна, удахгүй ирнэ” гэж хэлсэн гээд бид нарт хэлсэн болохоор гэрийнхээ ойролцоо хэдүүлээ манаанд гаръя гэж ярилцаад гэрийнх нь ойролцоо шөнө оройн цагаар зогсоцгоодог байсан. Отгонбаяр эгчийн гэр нь Улаан хошууны овооны хойд дор нь байдаг юм. Зүүн талдаа айлгүй, овооны наад захын айл гэсэн үг. Бид нар хаана, хаана зогсох вэ гэж ярилцахад Б хашааны зүүн урд талд буюу овоон наад чигт Алтанхуягийн хамт зогсоно гээд тэндээ зогсож харж байсан ... бид ах дүү төрөл садангаараа нийлж, Оюунтүлхүүрийг хайж гэрийнх нь ойролцоо зогсох болсноос хойш Б ажил, төрөлдөө яваагүй. Байнгын Отгонбаяр эгчийнхээр орж, гарч тэднийд хоноод, шөнө оройн цагаар хашааны зүүн болон зүүн урд хэсэг буюу овооны наад доор зогсож харж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 183-186, 187-188/,

Гэрч С.Болдбаярын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Цагдаагийн байгууллагаас миний машинд үзлэг хийж, арын багажны хэсгээс улаан өнгийн иштэй цаасны хутга хураан авсан, би үзлэгт оролцсон. Тухайн үед миний машины урд талын саванд оронжон улбар шаргал өнгийн цаасны хутга байсан. Уг улбар шаргал өнгийн цаасны хутгыг би 2-3 сарын өмнө болов уу, дэлгүүрээс худалдан авч айлд юм зүсэж ашиглаж байгаад машины урд хайрцагт хийж үлдээсэн байсан. Тухайн хутгыг намайг машинд үлдээснээс хойш хүн авч хэрэглэж байгаагүй. Би машинаа унахдаа урд хайрцаг саванд юм хийхэд тухайн хутга харагдаж л байдаг. Оронжон улбар шар хутга бохирлогдсон зүйл байгаагүй. Тухайн хутга одоо машинд байхгүй. Би айлд засвар хийж, ханын обой зүсэж байгаад арын иш нь хугарчихаар нь Залуус хорооллын хог дээр хаясан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний орой би жижүүртэй ажил дээрээ хоносон. Манай гэрт эхнэр, хүүхдүүд байсан. Быг ирж хоносон үгүйг мэдэхгүй байна  ...” гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтасны 107 дугаар хуудас/,

Гэрч Н.Даасүрэндүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  тухайн үед 06-69 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд арын багажны хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаасны хутгыг хураан авсан. Үзлэгийн явцад машины урд хайрцагт улбар шар өнгийн цаасны хутга байсан бөгөөд уг цаасны хутганд үзлэг хийхэд бохирлогдсон ямар нэгэн зүйл байгаагүй тул гэрэл зургаар бэхжүүлж авсан. Уг улбар шар өнгийн цаасны хутгыг хураан аваагүй  ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  би сая утасныхаа орсон, гарсан дуудлагыг шалгахад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 12 цаг 06 минутад нууцалсан дугаар залгасан байна. Би Сайншанд сумын 2 дугаар баг, Хас банкны байранд “Батилла” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Би ер нь нууцалсан дугаар авдаггүй. Тэр өдөр гадуур явж байхад нууцалсан дугаар залгахаар нь санаандгүй авчихсан. Тэгэхэд нэг эрэгтэй хүн ярьж байх шиг байсан. Тэгээд юу ярьсныг санахгүй байна. Бодвол ломбардад эд зүйл тавих эсхүл барьцаалсан эд зүйлээ асуусан байх. Миний утас руу 90227441 дугаараас 3 удаа дуудлага хийсэн байсан. Эхнийх нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 12:06 цагт, дараа нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:49 цагт, сүүлийнх нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11:52 цагт ярьсан байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 192-193 дугаар хуудас/,

Шинжээч Ж.Пүрэвдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Биологийн ул мөр нь гадны физик, химийн хүчин зүйлийн нөлөөллөөр хадгалах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Ямар эд зүйл дээр ямар ул мөр хэдий хугацаагаар шинж чанараа алдахгүй үлддэг нь орчны нөлөөллөөс буюу дулаан, чийг, гэрэл, салхи гэх мэт шууд хамааралтай. Мөн ул мөр үүссэн цаг хугацааг шинжилгээгээр тогтоох боломжгүй байдаг ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 232-233 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “... Талийгаач бид хоёр 2019 оноос эхлэн хоорондоо утсаар ярьдаг болж хайр сэтгэлийн холбоотой болсон ... Талийгаач бид хоёр өдөр болгон хоорондоо утсаар ярьдаг байсан ба өдөрт 2-3 удаа утсаар ярьдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ... би нүүрс савлаж байгаад 18 цаг өнгөрч байхад талийгаачийн гэрт нь очсон. Намайг гэрт нь ороход талийгаач аав, ээж, дүү нарынхаа хамт гэртээ байсан. Би талийгаачийн гэрт ороод хэсэг байж байгаад гараад хажуу талын байшинд ээжийндээ орсон. Намайг ээжийнд байж байтал талийгаач над руу өөрийн 96857441 дугаарын утаснаас залгаад “гараад ир” гэж хэлсэн. Би ээжийнхээс гараад ирэхэд талийгаач хашаан дотроо 00-ийн үүдэнд зогсож байсан. Намайг хүрээд очиход “Наранцэцэгийн төрсөн өдөр дээр хүрээд ир гээд дуудаад байна, хамт очоод ирье” гэж хэлсэн. Тэр үед би “тэгье” гэж хэлээд хамт явж байтал замд явж байгаад гэнэт “би Болдбаяр ахын гэрт очиж уулзаад миний хүүхэд Болдбаяр ахын  хүүхэд мөн гэдгийг хэлнэ” гэж надад хэлсэн. Болдбаяр гэдэг нь миний төрсөн ах байгаа юм. Урьд нь бас өөрийнхөө хүүхдийг миний төрсөн ах Болдбаярын хүүхэд гэж хэлээд энэ асуудлаас болж бид хоёр маргалдаж байсан. Талийгаачийг Болдбаяр ахын гэрт нь очиж, миний хүүхэд Болдбаярын хүүхэд гэдгийг хэлнэ гэхээр нь би талийгаачид “чи яах гээд байгаа юм, энэ асуудлаас болж манай ах эхнэр, хүүхдээсээ сална, манай ээж нөхрөөсөө сална, хэрвээ чиний хүүхэд манай ах Болдбаярын хүүхэд мөн байх юм бол манай ах хэрэг төвөгт орно, энэ айлын амьдрал сүйрнэ” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач “заавал Болдбаяр ахын гэрт очиж хэлнэ” гэж хэлээд зүүн урд овооны хөтөл уруудаж явсан. Би талийгаачтай хамт явж байхдаа талийгаачийн хүүхдийн асуудлаас болж маргалдсан. Би талийгаачид “манай ахын хүүхэд гэдгийг битгий хэл, ийм байх боломжгүй “ гэж хэлэхэд талийгаач “заавал хэлнэ, хэрвээ чи энэ амьдралыг цэгцтэй байлгана гэвэл намайг зогсоо л доо” гэж орилж хашхираад байхаар нь түлхэж газарт унагаад хоолойг нь гараараа боож, ухаан алдуулаад халаасанд байсан шар өнгийн цаасны хутгаар хоолойг нь хэрчиж алаад талийгаачийн цогцсыг алсан газартаа үлдээгээд Болдбаяр ахын гэрт нь очиж хоносон. Намайг Болдбаяр ахын гэрт нь очиход ах ажилтай эзгүй, Отгонтөгс эгч хүүхдүүдтэйгээ хамт байсан ... Хэрэг болохоос 10-аад хоногийн өмнө Болдбаяр ахын 06-69 улсын дугаартай машины дугуйг янзалж өгсөн. Тухайн үед дугуй янзалж байхдаа шар өнгийн цаасны хутгыг ахынхаа багажаас авч халаасандаа хийсэн байсныг мартаад аваад явчихсан байсан. Түүнээс хойш цаасны хутга нь миний халаасанд яваад байсан. Цаасны хутгыг халаасандаа авч явахдаа ямар нэгэн санаа зорилготой авч яваагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 246-250, 2 дугаар хавтасны 19-22 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх, сэтгэц эмгэг судлалын 01 дугаартай “... Б.Б нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай болно. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан болно. Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 70-71 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай “... Амь хохирогч О.Оюунтүлхүүрийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас, багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруунаас зүүн чиглэлтэй үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Амь хохирогч О.Оюунтүлхүүр нь хүзүүний шархны улмаас нас барсан байна. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан арчдаснаас эр бэлгийн эс илрээгүй байна ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 217 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хүрэм дээр хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолтууд, урагдалт, хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлт, цэнхэр өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хар өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хар өнгийн хос пүүзэн гутал дээр хатуу гадаргуутай зүйлтэй олон удаагийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан ул наалтаараа салсан хуучин гэмтлүүд, цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотоож, цагаан өнгийн хөхний даруулга нь гэмтэлгүй байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 94-102 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 477 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч О.Оюунтүлхүүрийн өмсөж байсан гэх куртик, цамц, хөхний даруулга, өмд дээр цус илэрсэн, гутал, дотоож дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч О.Оюунтүлхүүрийн өмсөж байсан гэх куртик, цамц, хөхний даруулга, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо О.Оюунтүлхүүрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. О.Оюунтүлхүүрийн өмсөж байсан гэх өмд дотоожноос эр бэлгийн эс илрээгүй. О.Оюунтүлхүүрийн өмсөж байсан гэх дотоожноос хэсэглэн авсан дээжээс зөвхөн эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Уг ДНХ-ийн тогтоц нь О.Оюунтүлхүүрийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Б.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 103-106 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 6-10, 21-42, 129-142 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 12-19, 47-50 дугаар хуудас/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 43-46, 63-75 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 51-54 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 55-62 дугаар хуудас/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 76-34 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 88-89 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 90-97 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 98-103 дугаар хуудас/,

Хувцасанд үзлэг хийн, хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 104-106 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 107-109 дүгээр хуудас/,

Гар утсанд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 45-47 дугаар хуудас/,

Хаан банк дахь амь хохирогч О.Оюунтүлхүүрийн 5381209897 тоот дансны хуулга /2 дугаар хавтасны 247, 3 дугаар хавтасны 39-43 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Баас Самсунг S-7 edge маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтасны 35-36 дугаар хуудас/,

Хаан банкны АТМ бэлэн мөнгөний машины камерт бичигдсэн амь хохирогч О.Оюунтүлхүүр, яллагдагч Б.Б нарын гэрэл зураг /3 дугаар хавтасны 44 дүгээр хуудас/,

“Скайтел” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20/15884 дугаартай албан бичиг /3 дугаар хавтасны 46-47 дугаар хуудас/,

Амь хохирогч О.Оюунтүлхүүрийн эзэмшлийн үүрэн телефоны Скайтелын 90227441, 96857441 дугаарын орсон, гарсан яриа, мессежний мэдээлэл /3 дугаар хавтасны 51-137, 139-142 дугаар хуудас/,

Амь хохирогч О.Оюунтүлхүүрийн оршуулгын болон эрэлд явсан зардлын тооцоо, баримтууд /4 дүгээр хавтасны 5-51 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хавтасны 7-31 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар багийн “Улаан хошуу” гэх газарт О.Оюунтүлхүүрийн биед хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас, багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэн, хоолойг нь цаасны хутгаар хэрчиж алсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Быг сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөх бүрт өмгөөлөгч, прокурор оролцож мэдүүлэг авч, мэдүүлэг авч байгаа үйл явдлыг камерт бичиж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан, банкны АТМ-ээр үйлчлүүлж байгаа камерын зургийг хуульд заасны дагуу цуглуулж нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Быг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хяналтын прокурор Э.Ариунболд нарыг оролцуулан анх удаа сэжигтнээр мэдүүлэг авахад “... Оюунтүлхүүр нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр алга болсон гэж түүний ээж Отгонбаяр хэлэхээр мэдсэн. Тэгээд бид нар хайж эхэлсэн ... 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Отгонбаярын гэрт бөөндөө сууж байхад түүний утас дуугарч цагдаагийн газраас залгаад түүнийг аваад явсан.Тухайн үед би Оргилболд болон түүний дүү нарын хамт ганцаараа үлдсэн. Мөн Улаан хошууны жалга орчмоор хайгаад явсан ... 2020 оны 05 дугаар сараас хойш манай найз залуу гээд 99438495 гэсэн дугаартай хүнтэй байнга утсаар яриад байдаг байсан ... тэр залуу нь Айраг суманд байдаг гэсэн, би тэр залууг харвал танина, надад зургийг нь харуулж байсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Гэтэл энэ утас нь Бын төрсөн ах Болдбаярын дугаар бөгөөд утасны дугаарыг нь Б маш сайн мэдэх талаар түүний төрсөн эх Б.Сарангэрэл 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гэрчээр өгсөн “...99438495 дугаар миний том хүү Болдбаярын дугаар юм. Энэ дугаарыг миний хүү Б сайн мэднэ...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Б.Бт хандан, алт мөнгөний дарханы газарт үнэт эдлэл өгч байсан эсэх, энэ үедээ хохирогч Оюунтүлхүүртэй цуг явж түүний дансаар мөнгө шилжүүлж авсан эсэх, 90227441 дугаарын утсыг мэдэх эсэх, энэ дугаараас алт мөнгөний дарханы хүнтэй ярьсан эсэх, таны барьж байгаа Samsung edge утсанд 90227441 дугаар орсон талаар Скайтел ХХК-ийн лавлагаа гарсан талаар асуухад “...ээжийнхээ өгсөн мөнгөн ээмэг, зүүлтийг дарханы газарт аваачиж өгөхдөө ганцаараа явсан, Оюунтүлхүүрийн дансыг гэрээр нь ороод цаасан дээр бичүүлж түүнийгээ дарханд өгч мөнгө шилжүүлүүлсэн, дараа нь Оюунтүлхүүрээр авахуулсан, дарханы хүн ажил дээрээ байхгүй болохоор нь гудамжинд явж байсан хүний утсыг гуйж ярьсан, энэ дугаарыг огт мэдэхгүй, миний Samsung edge утсыг Болдбаяр ах надаас хааяа хонуутаар авч ашиглаад өгдөг байсан...” гэж мэдүүлсэн нь энэ хэрэгт хамааралгүй, хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Ц.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 06 минутад 90227441 дугаарын утаснаас над руу залгасан байсан. Би уг дуудлагыг тухайн үед нь анзаарч аваагүй. Тэгээд удалгүй 2 минутын дараа 17 цаг 08 минутад уг 90227441 дугаарын утаснаас ахин дуудлага ирж, 50 секунт ярьсан. Тухайн үед ярихад утасны цаанаас эрэгтэй хүн “байна уу, алт мөнгөний дархан мөн үү, би жоохон мөнгө өгөх гэсэн юм, та ажил дээрээ ирэх үү” гэж ярьсан. Энэ үед нь гадуур Эргэл зах дээр ажилтай явж таарсан юм. Намайг ажлын гадаа ирэхэд ажлын үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Энэ үед миний утас халаасанд дуугарсан ба ажлын гадаа байсан хоёр хүний эрэгтэй нь залгаж байснаа намайг хараад тасалсан байх, би ажил руугаа ороод утсаа харахад 90227441 дугаараас 17 цаг 16 минутад миний утас руу дуудлага ирсэн байсан. Би энэ болсон явдлыг санаж байгаа нь миний утсанд залгасан дуудлага, яриа бичигдэж хадгалагддаг, уг 90227441 дугаартай хүнтэй ярьсан яриа болон дуудлага нь миний гар утсанд одоо хадгалаатай байгаа. Уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь 27-28 насны надаас бага зэрэг өндөр 170 см орчим өндөртэй, уруулын дээд хэсэгт бага зэрэг сахалтай, өмссөн хувцас нь санаж байгаагаар зузаан захтай хүрэм өмссөн байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Төмөр замчдын өмсдөг хувцастай их төстэй санагдаж байна. Мөн түрийтэй хар өнгийн гутал өмссөн, эмэгтэй нь 20 орчим насны, бор саарал өнгийн ороолт, малгай, богино улаан хүрэн куртик өмссөн байсан санагдаж байна. Уг хоёр хүн надтай хамт манай ажил руу орсон ба хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Би эрэгтэйгээс мөнгө грамлан худалдаж аваад, тооцоо хийх гээд дансны дугаар асуухад эрэгтэй нь надад “би картгүй” гэж байсан. Тэгээд хамт явж байсан эмэгтэйд хандаж “чи дансаа хэлчих” гэж байсан. Эмэгтэй нь дансаа өгөөд би уг хэлсэн данс руу нь 26,000 төгрөгийг “mungu” гэсэн утгатай шилжүүлж гүйлгээ хийсэн.  Мөнгө шилжүүлсний дараа уг хоёр хүн “баярлалаа” гэж хэлээд гараад явсан ...” гэсэн мэдүүлэг, утсанд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 45/, утсанд бичлэг хийгдсэнийг харуулсан фото зураг, талийгаач Оюунтүлхүүрийн дансан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цаг 27 минутад “mungu” гэсэн утгатай 26,000.00 төгрөгийг тухайн цаг хугацаанд орж ирснийг фото зургаар бэхжүүлсэн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Б.Баас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлэг авахдаа прокурор Г.Энэрэл, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан мэдүүлгийг дүрсжүүлэн камерт бичсэн мэдүүлэгт: “... Би талийгаачтай хамт явж байхдаа талийгаачийн хүүхдийн асуудлаас болж маргалдсан. Би талийгаачид “манай ахын хүүхэд гэдгийг битгий хэл, ийм байх боломжгүй “ гэж хэлэхэд талийгаач “заавал хэлнэ, хэрвээ чи энэ амьдралыг цэгцтэй байлгана гэвэл намайг зогсоо л доо” гэж орилж хашхираад байхаар нь түлхэж газарт унагаад хоолойг нь гараараа боож, ухаан алдуулаад халаасанд байсан шар өнгийн цаасны хутгаар хоолойг нь хэрчиж алаад талийгаачийн цогцсыг алсан газартаа үлдээгээд Болдбаяр ахын гэрт нь очиж хоносон. Намайг Болдбаяр ахын гэрт нь очиход ах ажилтай эзгүй, Отгонтөгс эгч хүүхдүүдтэйгээ хамт байсан ... Хэрэг болохоос 10-аад хоногийн өмнө Болдбаяр ахын 06-69 улсын дугаартай машины дугуйг янзалж өгсөн. Тухайн үед дугуй янзалж байхдаа шар өнгийн цаасны хутгыг ахынхаа багажаас авч халаасандаа хийсэн байсныг мартаад аваад явчихсан байсан. Түүнээс хойш цаасны хутга нь миний халаасанд яваад байсан. Цаасны хутгыг халаасандаа авч явахдаа ямар нэгэн санаа зорилготой авч яваагүй ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана хэмээн тодорхойлсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулахад:

Шүүгдэгч Б.Б 90227441 дугаараас алт мөнгөний дархан Эрдэнэбаатартай ярьсан тухай гэрчийн мэдүүлэгт “...Тэгээд удалгүй 2 минутын дараа 17 цаг 08 минутад уг 90227441 дугаарын утаснаас ахин дуудлага ирж, 50 секунд ярьсан. Тухайн үед ярихад утасны цаанаас эрэгтэй хүн “байна уу, алт мөнгөний дархан мөн үү, би жоохон мөнгө өгөх гэсэн юм, та ажил дээрээ ирэх үү” гэж ярьсан...” гэсэн мэдүүлгийг Эрдэнэбаатарын утсанд үзлэг хийж дуудлагыг автоматаар бичсэн бичлэг, фото зургийг /2 дугаар хх-ийн 46 дугаарт/ Скайтел компаниас эзэмшигч О.Оюунтүлхүүрийн хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон гарсан яриа, мессеж, байршлын мэдээллийг гаргасан жагсаалттай харьцуулахад /3-р хх-ийн 120/ 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:08 минут 50 секундийн яриа хийсэн нь тохирч байгаагаас гадна таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд гэрч Эрдэнэбаатар нь шүүгдэгч Б.Быг шууд зааж байгааг фото зургаар бэхжүүлсэн /1-р хх-ийн 90-93/ нотлох баримтаар тогтоогдож байна.

 Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Батбаатарын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...би сая утасныхаа орсон гарсан яриагаа шалгахад 2020.11.25-ны 12:06 цагт нууцалсан дугаар залгасан байна. Би “Баттилла” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Нууцалсан дугаараас залгахад би авдаггүй ба тэр өдөр гадуур явж байгаад санаандгүй авчихсан юм, тэгэхэд нэг эрэгтэй хүн ярьж байсан, яг юу ярьсныг санахгүй байна, миний утсанд 90227441 дугаараас 2020.11.25-ны өдрийн 12:06 цагт, дараачийнх нь 2020.12.01-ны 10:49 цагт, сүүлийнх нь 2020.12.01-ны 11:52 цагт ярьсан байна, энэ утасны эзэмшигчийн талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193/, насанд хүрээгүй гэрч У.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....цайны газар ажиллаж байхад Оюунтүлхүүр нэг эрэгтэй хүүхэдтэй байнгын утсаар яриад байх болсон байсан, сүүлд хичээл орсон байхад ч гэсэн тэр хүүхэдтэйгээ байнгын утсаар ярьдаг байсан, би тэр хүүхдийнх нь нэрийг мэдэхгүй байна, Оюунтүлхүүр утсаар ярьдаг хүнийхээ талаар надад хэлж байгаагүй,  ... дугаараа нууцалж залгаад байдаг байсан, сүүлийн 2 орон нь 7441 гэсэн дугаараас залгаж ярьдаг байсан ба гар утасных нь дугаарыг бүтнээр мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг, хохирогч О.Оюунтүлхүүр нь тухайн үед 96857441 дугаарын утас ашигладаг байсан ба Скайтел компаниас 90227441 дугаарыг 2020 оны 08 дугаар сард өөрийн нэр дээр худалдаж авсан, Скайтел компаниас эзэмшигч О.Оюунтүлхүүрийн хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон гарсан яриа, мессеж, байршлын мэдээллийг гаргасан жагсаалтаас харахад  2020 оны 08 дугаар сарын 27-ноос хойш энэ 2 дугаар хоорондоо маш их, байнга ярьж, мессеж бичдэг хос дугаар бөгөөд нэг цаг хугацаанд буюу хохирогчийг нас бардаг өдөр 2020 оны 12 дугаар сарын 11-ны  20:33:54 цагт зэрэг унтарсан байгаа нь 90227441 дугаарыг Б ашиглаж байсан нь давхар тогтоогдож байна.

Хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэлээ. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах хангалттай байдал гэж үзсэн болно.

Иймд шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Хуульд зааснаар шүүгдэгч нь гэм буруугүйгээ, эсхүл  хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Б нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүгдийг үгүйсгэж, ХААН банкны АТМ-ээр үйлчлүүлж байгаа талийгаач Оюунтүлхүүрийн хажууд зогсож байгаа өөрийгөө “би биш” гэх буюу “...мөрдөгч нар надад үг зааж өгч, тэгж ярь, ингэж хэл, хэлэхгүй бол ар гэрийг чинь хорино гэж зодож дарамталдаг байсан, талийгаачийг нас барсан газрыг бэр эгч Отгонтөгс зааж өгсөн учраас би тэр жалгыг мэддэг болохоор би зааж өгч чадна гэж хэлсэн. Мөрдөгч Гандаваа нь хэргийн газар очоод хаашаа ч хамаагүй заагаад, хүн алсан гэдгээ хэлээрэй гээд зоддог байсан болохоор би хэлснээр нь ярьдаг байсан болохоос хүн алаагүй, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна ...” гэх агуулга бүхий мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан. Шүүгдэгчийн энэ мэдүүлэгтэй холбогдуулан шүүгчийн асуусан “таныг зодоод байгаа талаар холбогдох дээд шатны байгууллага прокурорт гомдол гаргая гэж таны өмгөөлөгч хэлсэн үү, та өмгөөлөгчдөө зодуулсан талаараа хэлсэн үү?” гэхэд “Өмгөөлөгчөөрөө бичүүлсэн. Татгалзсан” гэсэн хариу ирсэн байсан гэх ба “таны гомдлыг хэн өмгөөлөгч бичсэн бэ?” гэхэд “манай өмгөөлөгч З.Алтанцэцэг, тухайн үед ямар байдлаар мэдүүлэг авч байсан талаар хүсэлт бичсэн” гэснийг түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг “... мөрдөн байцаалтад яллагдагчаар татагдсантай холбогдуулан мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбогдуулж ямар нэгэн дарамт шахалт ирсэн зүйл байхгүй. Гэтэл одоо дарамт шахалттай байсан гэдэг талаар ярьдаг ...” гэж үгүйсгэх ба талийгаач Оюунтүлхүүрийн ХААН банкны АТМ-ээр үйлчлүүлж байгаа камерын бичлэгийн зураг, Бын сэжигтнээр болон яллагдагчаар өгч байгаа мэдүүлгийг өмгөөлөгч, прокурор оролцуулан мөрдөгч мэдүүлэг авч байгааг дүрсжүүлсэн бичлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дүрсжүүлсэн бичлэг зэргээс үзэхэд түүнийг эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ асуудлыг зайлшгүй шалгаж тогтоох шалтгаан үүссэн гэх үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас “шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Оюунтүлхүүрийн амь нас хохирсон болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай “... Амь хохирогч О.Оюунтүлхүүрийн цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний арьс булчин, баруун талын гүрээний судас, багалзуур хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр баруунаас зүүн чиглэлтэй үүсгэгдсэн байх боломжтой байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Амь хохирогч О.Оюунтүлхүүр нь хүзүүний шархны улмаас нас барсан байна. Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан арчдаснаас эр бэлгийн эс илрээгүй байна ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “... Б.Бын мэдүүлэг тухайн амь хохирогчийн амь насыг нь хохироосон гэж мэдүүлсэн боловч бусад үйл баримт юугаар нотлогдон тогтоогдож байна вэ, өмгөөлөгчийн үзэж байгаагаар тухайн хутгыг олж тогтоомоор байна. Биологийн эд мөр байгаагүй гэхэд гарын хээ гарах боломжтой гэж харж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад амь хохирогчийн зүсэгдсэн шарх нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон байдаг. Тодорхой болсон шинжээчийн дүгнэлтээс харахад зүсэгдсэн үзүүртэй зүйл нь яг юу байсан гэдгийг олж тогтоосон зүйл хэрэгт авагдсан нотлох баримтуудад байгаа юм уу, эх сурвалж тодорхойгүй байгаа зүйлд Б.Бын мэдүүлэг дангаараа яллах дүгнэлтийн эх сурвалж нотлох баримт болох боломжгүй байна... мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг нэлээдгүйг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судаллаа. Мэдүүлгийг шинжлэн судалсан явцаас харахад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Ж.Жаргалсайхан өмгөөлөгч оролцсон. Тухайн мэдүүлэгт 9 хүн оролцсон байгаа нь харагдаж байна. Гэтэл бичлэгээс харахад өмгөөлөгч байхгүйгээр Б.Б нь цагдаагийн хажууд яриад явж байна. Энэ байдал нь мэдүүлэг газар дээрээс нь шалгасан ажиллагаанд өмгөөлөгч оролцсон бол, тэр ажиллагаанд адилхан оролцож явна. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нотлох баримтын үндэслэлгүй, хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна... Б.Бын хувьд талийгаачтай утсаар холбогдсон  байсан байдал нь тухайн хэрэгт шууд хамааралтай гэж үзэх боломжтой баримт хэрэгт авагдаагүй... давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн эрхийг хязгаарлахгүй ч гэсэн тухайн зүйл үндэслэл бүхий тавигдаагүй тул анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэхээр ирсэн байдаг. Эдгээрээс харахад Б.Б тухайн өдөр буюу 12 сарын 11-ний өдөр талийгаачтай холболт хийгээд ярьсан. Тэгж ярьснаараа талийгаачийг дагуулж гарсан юм уу, дагуулж авч гарсныхаа дараа цааш нь дагуулж яваад жалганд амь насыг нь хохироосон гэдэг нь дамжмал нотлох баримтаар тодорхойлон дүгнэгдсэн баримт хэрэгт хавсаргаагүй тул дан ганц Б.Быг хэрэгт буруутгах үндэслэл болохгүй байна.... Гэрч Эрдэнэбаатарын мэдүүлэг 11 сарын 10-ны өдрийн болсон үйл явдлыг мэдүүлдэг. Гэтэл 12 сарын 11-ний өдөр болсон үйл явдал 12 сарын 11-ны өдөр болсон үйл явдалтай ямар ч хамааралгүй. Үүнд хэрэгт хоорондоо хамааралтай, ач холбогдолтой зүйл гэж харагдахааргүй байхад үүнийг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна...Хавтаст хэрэгт бүх талын шинжээчийн дүгнэлт гарсан. Б.Бын хувьд сольж өмсдөг хэдхэн хувцастай, тухайн хувцасанд шинжээчийн дүгнэлтээр ямар ч биологийн цус илэрсэн зүйл байхгүй, шинжээчийн 02/03 дугаартай дүгнэлтээр зөвхөн амь хохирогчийн амь нас эрсэдсэн талаар тусгаж оруулсан. Уг шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогчийн амь нас эрсэдсэн байдалд хохирогч тухайн үед өөрөө өөртөө учруулах боломжтой байсан эсвэл гадны нөлөөтэй гэмтэл учирсан эсэх нь шинжээчийн дүгнэлтэд огт тусгагдаагүй... Иймд гэм буруугийн талаар өмгөөлөгчийн зүгээс нэмэлт саналгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Б.Бын мэдүүлж байгаа хутгыг олж тогтоох нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж байна... ” гэсэн агуулгаар мэтгэлцсэн болно.  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хооронд нь харьцуулахад шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг үнэлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цаасны хутгыг мөрдөгч Н.Даасүрэндүү эд мөрийн баримтаар хураан аваагүй, өөр цаасны хутга хураан авснаас эд мөрийн баримт устгагдсан болох нь Н.Даасүрэндүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...  тухайн үед 06-69 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд арын багажны хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаасны хутгыг хураан авсан. Үзлэгийн явцад машины урд хайрцагт улбар шар өнгийн цаасны хутга байсан бөгөөд уг цаасны хутганд үзлэг хийхэд бохирлогдсон ямар нэгэн зүйл байгаагүй тул гэрэл зургаар бэхжүүлж авсан. Уг улбар шар өнгийн цаасны хутгыг хураан аваагүй  ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Болдбаярын 2021-08-03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...  Цагдаагийн байгууллагаас миний машинд үзлэг хийж, арын багажны хэсгээс улаан өнгийн иштэй цаасны хутга хураан авсан, би үзлэгт оролцсон. Тухайн үед миний машины урд талын саванд оронжон улбар шаргал өнгийн цаасны хутга байсан. Уг улбар шаргал өнгийн цаасны хутгыг би 2-3 сарын өмнө болов уу, дэлгүүрээс худалдан авч айлд юм зүсэж ашиглаж байгаад машины урд хайрцагт хийж үлдээсэн байсан. Тухайн хутгыг намайг машинд үлдээснээс хойш хүн авч хэрэглэж байгаагүй. Би машинаа унахдаа урд хайрцаг саванд юм хийхэд тухайн хутга харагдаж л байдаг. Оронжон улбар шар хутга бохирлогдсон зүйл байгаагүй. Тухайн хутга одоо машинд байхгүй. Би айлд засвар хийж, ханын обой зүсэж байгаад арын иш нь хугарчихаар нь Залуус хорооллын хог дээр хаясан...” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан тул уг хутгыг хураан авах зорилгоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдох үр дүн гарахгүй болно.

Шүүгдэгч Баас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Жаргалсайхан оролцсон нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна гэсэн үг биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрх, үүрэгт “өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах эрхтэй” болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд: илэрсэн нөхцөл байдлыг шалгах,явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэж зааснаар мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж, үйл явцыг дүрсжүүлсэн бөгөөд энэ нь заавал өмгөөлөгч оролцуулан явуулах мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд “мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нотлох баримтын үндэслэлгүй, хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна” гэсэн өмгөөлөгчийн мэтгэлцээн үндэслэлгүй байна.

Гэрч Эрдэнэбаатарын утас ярьсан яриа, ирсэн мессежийг автоматаар бичдэг программтай учраас 90227441 дугаартай утсаар ярьсан хүнийг таньж олуулахад гэрч нь Быг шууд зааж таньсан нь уг дугаарыг Б эзэмшиж байсныг  тогтооход ач холбогдолтой, нотлох баримт юм.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэх ба хуулийн заалтын дагуу Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг өмгөөлөгч З.Алтанцэцэгт танилцуулсан, шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарт танилцуулахад “02/03 шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлттэй холбогдуулан хүсэлтээ албан бичгээр гаргана” гэсэн боловч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна.

Хохирол төлбөрийн талаар;

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаяраас оршуулгын зардал 4,000,000 төгрөг, амь хохирогч О.Оюунтүлхүүрийг эрж хайхад гарсан зардал 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардалд 4,481,000 төгрөг, талийгаачийг эрж хайх ажиллагаанд зарцуулсан шатахууны зардал 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг нэхэмжилсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан баримтын нотлогдож байгаа хэмжээнд оршуулгын зардал 4,481,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, сэтгэл санааны хохирлоос талийгаачийн 2 настай балчир хүүхэд өнчин үлдэж байгаа болон 18 настай охиноо бусдын гарт харамсалтайгаар алдаж зээ хүүгээ өөрийн асрамжид авч тэжээн тэтгэж байгаа эхийн сэтгэл шаналал, хэзээ ч нөхөн төлөгдөхгүй гэм хор зэргийг харгалзан, шүүгдэгч Б.Баас 10,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаярт олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Талийгаачийг эрж хайхад зарцуулсан шатахууны зардал 1,000,000 төгрөгийн баримтууд нь юунд зориулж, хэний машинд хэн шатахуун авсан нь тодорхойгүй НӨАТ-ын баримтууд бөгөөд зарим нь талийгаачийг алга болохоос өмнө 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн баримт байгаа нь шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхэд тодорхой тоо, тооцоо гаргах бололцоогүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн хүүхдийг насанд хүртэл нь буруутай этгээдээр тэжээн тэтгүүлэхтэй холбогдох нотлох баримт болох хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай эрх бүхий этгээдийн эрхийн акт гарсан эсэх, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон эсэх, хэрэв тогтоолгосон бол хэдэн төгрөг байгаа, түүний зөрүү гарч байгаа эсэх зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд холбогдох баримтыг гаргаагүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх шүүгдэгч Б.Б нь “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Бын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 318 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч О.Оюунтүлхүүрийн өмсөж явсан гэх ягаан өнгийн урд талдаа цахилгаантай богино куртик 1 ширхэг, дөрвөлжин шоон судалтай хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, олон тооны цэцгийн дүрс бүхий хээтэй даавуун цамц 1 ширхэг, хажуу хэсэгтээ Fashion гэх бичиглэлтэй хар өнгийн пүүз 1 хос, улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 9 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 318 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал, гэм хор учруулсны төлбөр 4,481,000 төгрөгийг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, бүгд 14 481 000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж, шатахууны зардал 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Отгонбаяр, түүний өмгөөлөгч нар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, амь хохирогч О.Оюунтүлхүүрийн өмсөж явсан гэх ягаан өнгийн урд талдаа цахилгаантай богино куртик 1 ширхэг, дөрвөлжин шоон судалтай хар өнгийн өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, олон тооны цэцгийн дүрс бүхий хээтэй даавуун цамц 1 ширхэг, хажуу

 

 

 

хэсэгтээ Fashion гэх бичиглэлтэй хар өнгийн пүүз 1 хос, улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА

                                           ШҮҮГЧ                             Ж.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧ                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ