| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00545/И |
| Дугаар | 585 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 585
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 64-12 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ68062866, Тайж овогт Тогтохын Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1968 онд төрсөн, 49 настай, ам бүл 7. Би 1986 онд 10 дугаар анги төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт кондуктороор ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тээврийг удирдах газарт кондуктороор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Цэцэгмаа нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж байсан. Тэрээр өндөр настны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд Т.Цэцэгмаагийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 131 тоот “Ажилчин ажиллуулах тухай” тушаалд “Т.Цэцэгмааг 7 дугаар сарын 03-наас кондуктороор ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Тогтохын Цэцэгмаагийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Тээврийг удирдах газрын 1987, 1990-1992 оны кондукторуудын цалин манай архивт шилжиж ирээгүй тул Тогтох овогтой Цэцэгмаагийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,
4. Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 тоот “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалын хавсралтын 99-рт Т.Цэцэгмаагийн нэр бичигджээ,
5. Итгэмжлэл,
6. Гэрч Х.Буяннэмэхийн шүүхэд өгсөн: “Би 1989 оноос эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газрын кондуктороор 1990 он хүртэл ажиллаад 1990 оноос Авто бааз, 9 дүгээр бааз, үйлчилгээний баазад кондуктор, диспичерээр 1994 оныг дуустал ажилласан. 1989 онд намайг Увс аймгийн Тээврийг удирдах газарт ажилд ороход Т.Цэцэгмаа тэнд автобусны кондуктороор ажиллаж байсан бөгөөд 1992 оныг дуустал ажилласан юм. Манайх нэг ээлжинд жолооч, кондуктор гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд Т.Цэцэгмаа бид хоёр ээлж солилцож ажилладаг байсан учраас нэг нэгнээ сайн мэднэ” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Батсүхийн шүүхэд өгсөн: “Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазад жолоочоор 1992 оныг дуустал буюу тус байгууллага хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан юм. Т.Цэцэгмаа нь 1986, 1987 оны үед манай байгууллагад автобусны кондуктороор ажилд орж 1992 оныг дуустал ажилласан юм. Увс аймгийн Тээврийг удирдах газар нь 14-15 автобустай, ээлжийн жолооч, кондуктор, диспичертэй, нийт 50 гаруй ажилчидтай байлаа. Т.Цэцэгмаа нь ажиллах хугацаандаа сарын төлөвлөгөө сайн биелүүлж сайшаалын үнэмлэх зэрэг шагнал олон авч байсан санагдаж байна. Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Д.Сүхбаатар, Д.Түмэн-Өлзий гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Х.Буяннэмэх, Б.Батсүх нарын Увс аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Цэцэгмаа нь Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 131 тоот “Ажилчин ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Т.Цэцэгмаагийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал кондуктороор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 тоот “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, гэрч Х.Буяннэмэх, Б.Батсүх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 5 сар, 27 хоног кондуктороор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Тогтохын Цэцэгмаагийн Увс аймгийн Тээврийг удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 27 /хорин долоо/ хоног кондуктороор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР