Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 586

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 6 дугаар баг, 2-22 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЮ57102606, Хар ямаат овогт Данзангийн Бунжаагийн Ц.Ганбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Бунжаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ганбат нь цэргийн алба хааж ирээд 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Нефть хангамжийн газарт сантехникийн засварчнаар ажиллаж байсан. Ц.Ганбат нь хөдөлмөрийн дэвтрээ авч амжаагүй байтал байгууллага тарж хувийн хэвшилд шилжсэн, ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн тухайн үеийн байгууллагын санхүүгийн баримт аймгийн архивт гүйцэт ирүүлээгүйгээс Ц.Ганбатын цалингийн түүвэр бүрэн гүйцэт гарахгүй байгаа юм. Иймд Ц.Ганбатын Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Бунжаа нь Ц.Ганбатын Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Нефть баазын даргын 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Цэнд овогтой Ганбатыг 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сантехникийн засварчнаар авч ажиллуулсугай” гэжээ,  

2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэндийн Ганбатын Увс аймгийн Нефть баазад 1982 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн засварчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Нефть баазын даргын 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 91 тоот “Хариуцлагатай дежур томилох тухай” тушаалын хавсралтын 6-д Ц.Ганбатын нэр бичигджээ,

4. Увс аймгийн Нефть баазын даргын 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 82 тоот “Дурсгалын зүйл өгөх тухай” тушаалын хавсралтын 4-т ажилчин Ц.Ганбатад альбом 1, баярын бичиг 1 олгожээ,

5. Увс аймгийн Нефть баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 56 тоот “Зохион байгуулалт хийх тухай” тушаалын хавсралтад засварчин Ц.Ганбат гэжээ,

6. Итгэмжлэл,

7. Гэрч Ч.Аасүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Сав тоног төхөөрөмжийн барилгын нормчноор анх ажиллаж эхэлсэн бөгөөд бид Увс аймгийн Нефть баазыг барьж ашиглалтад оруулаад 1982 оноос би өөрөө тус баазын засварчнаар 2016 он хүртэл тасралтгүй ажилласан. Манай байгууллагын нэр намайг ажиллах хугацаанд Нефть бааз, Нефть хангамжийн газар, “НИК” ХХК, “Петровис” ХХК болон өөрчлөгдөж байлаа. Ц.Ганбат нь яг хэдэн онд ажилд ороод хэдэн онд ажлаас гарсныг нь сайн санахгүй байна, гэхдээ би түүнийг таньдаг, бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Нефть баазын барилгад нормчноор ажилд орж улмаар дулаан цахилгааны техникчээр 1993 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан юм. Ц.Ганбат яг хэдэн онд Увс аймгийн Нефть баазад ажилд орсныг санахгүй байна, гэхдээ 1980 он гараад ажилд орсон засварчнаар ажилд орж 1993 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн юм.  Манай байгууллага нь бензин шатахуун ОХУ-аас хүлээж аваад сумуудад тараах, хадгалах, түгээх ажлыг гүйцэтгэдэг, 40 гаруй ажилтантай, түгээгчээс бусад нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан учраас бид нэг нэгнээ сайн таньж мэднэ, нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн. Ц.Ганбат бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Нефть баазын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ч.Аасүрэн, А.Ноолой нарын Увс аймгийн Нефть баазад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Ц.Ганбат нь Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн засварчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нефть баазын даргын 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 83 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Ганбатын Увс аймгийн Нефть баазад 1982 оны 11 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал сантехникийн засварчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нефть баазын даргын 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 91 тоот “Хариуцлагатай дежур томилох тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 82 тоот “Дурсгалын зүйл өгөх тухай” тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 56 тоот “Зохион байгуулалт хийх тухай” тушаал, гэрч Ч.Аасүрэн, А.Ноолой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Ц.Ганбатын Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 2 сар, 5 хоног сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бунжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Цэндийн Ганбатын Увс аймгийн Нефть хангамжийн газарт 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 5 /тав/ хоног сантехникийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бунжаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР