| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00527/И |
| Дугаар | 588 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 588
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, 1952 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ52061010, Элжигин овогт Дамдингийн Бат-Эрдэнийн Б.Цэрэндуламын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Цэрэндулам нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадад 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Түүний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч тамга тэмдэггүй учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул юм. Иймд Б.Цэрэндуламын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь Б.Цэрэндуламын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1987 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Итгэмжлэл,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадын цалинг шүүн үзэхэд Балган овогтой Цэрэндуламтай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
4. Гэрч Л.Цэрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1959 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадад 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Миний охин Б.Цэрэндулам нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадад аав, ээжийн гар дээр мал маллаж тус нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 оныг дуустал ажилласан юм. Манайх гэр бүлээрээ Өндөрхангай сумын Цалуу бригадад мал маллан амьдарч ирсэн одоо ч малаа маллан амьдарч байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.Батчулууны шүүхэд өгсөн: “Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадад 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Б.Цэрэндулам нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Цалуу бригадад аав, ээжийн хамтаар 1990 оныг дуустал ажилласан юм. Б.Цэрэндуламын ээж бид хоёр ах дүү нарын хүүхдүүд бөгөөд манайх Өндөрхангай сумын Цалуу бригадад олон жил амьдарсан учраас би түүнийг хар багаас нь сайн мэддэг, бид Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
6. Гэрч Л.Цэрэн, Д.Батчулуун нарын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Б.Цэрэндулам нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас нээсэн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг бичсэн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Л.Цэрэн, Д.Батчулуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Б.Цэрэндуламын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таван шар овогт Балганы Цэрэндуламын Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР