| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0174/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Хохирогч С.Төмөрхуяг,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 2119002380224 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Ноён хутагтын 509 дүгээр байрны 4-р орц, 3 давхар, 52 тоотод С.Төмөрхуягийг гэрт нь хэрүүл, маргаан үүсгэлээ гэх ялихгүй зүйлээр шалтаглан, түүнийг явган сууж байх үед нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч С.Төмөрхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр 13 цагийн үед ирсэн гэж байна. Тэр худлаа. Би өглөө найз Нямнарантай уулзсан. Нямнаран Ангараг-Эрдэнийг дуудаад гурвуулаа болоод манай гэрт архи ууж байсан. Тэр үед манай эгч орж ирээд хөөж явуулсан. Би бурхны хажууд тавьсан байсан 50,000 воноо авч гараад банк орж Аэр солиулаад Ангараг-Эрдэнийн гэрт очсон. А бид хоёр огт муудалцаагүй. Тэгээд 15-16 цагийн үед Амгалан, Сүхболд хоёр ирсэн. Би нэлээн их хэмжээний согтолттой байсан. Хамгийн эхлээд маргах болсон шалтгаан бол Сүхболд орж ирээд надаас “намайг таньж байна уу” гэж асуухаар нь би “танихгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл надтай цэцэрлэгт нэг анги байсан талаар хэлэхээр нь би “огт танихгүй” байна гэж хэлэхэд хэдэн жилийн өмнө өөрийг нь дээрэлхэж байсан тухай ярьсан. Тэгэхээр нь гайхаад “би хүн дээрэлхдэг хүн биш” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Гэтэл “Сүхболдын ахыг нь таних уу” гэж хэлэхээр нь би “шорон Билгээг хэлж байна уу” гэхэд Амгалан намайг өдөж эхэлсэн. Тэгээд гурвуулаа над руу дайраад намайг зодох гээд байсан болохоор “эрүүл болохоороо учраа олъё” гэж хэлээд 16 цагийн орчимд явах гээд гарах гэтэл хаалга нь түгжээтэй Амгалан араас татаад цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Амгалан намайг цохиж байгааг Сүхболд, А хоёр хоёулаа харж байсан. Амгалангийн үйлдлийн талаар цагдаа нарт хэлсэн боловч мэдүүлэгт огт тусгаагүй. Надаас мэдүүлэг авч байхад “чи уучлаарай гэж хэлсэн юм уу” гэхээр нь би “тиймээ, уучлаарай гэж” хэлсэн. Одоо мэдүүлгийг уншаад үзэхээр намайг уучлаарай гэж хэлсэн болохоор миний мэдүүлгийг тийм байдлаар бичсэн байна. Маргааш өглөө нь А лүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Би яаралтай тусламжид үзүүлэхэд цээж хөхөрсөн байсан боловч нүдээ үзүүлэхийн тулд тэрийг анхаараагүй. Амгалан сүүлд миний цээж рүү цохиод доошоо унах үед А ирээд өшиглөсөн. Хөл нүцгэн өшиглөхөд нүд ийм болохгүй. Би яагаад Амгаланг хэрэгт татаагүй болохыг асуухад чиний цээж хэсэгт гэмтэл гараагүй, нүдэнд гэмтэл гарсан талаар хэлсэн. Тэгээд цохисон үйлдэл хамаагүй болсон. Амгалан намайг элэгдэж унагаагүй бол А намайг өшиглөж чадахгүй байсан. Би сүүлд нь Ангараг-Эрдэнийг яагаад Амгалан, Сүхболд хоёрыг яах гэж дуудсан болох талаар ойлгосон. Нэг нүдээ сохлуулсан болохоор 2 сарын хугацаанд бүтэн нойртой унтаж чадалгүй энэ талаар бодож хэвтсэн. Цагдаа надад ойлгомжтой хэрэг гэж хэлсэн болохоор өмгөөлөгч аваагүй. Би энэ хэргийг бүлэглэж үйлдсэн хэрэг гэж бодсон. Гэтэл бүлэглэж үйлдсэн хэрэг биш болсон. Сүхболд над руу утсаар яриад “ахаа би танд огт хүрээгүй, цохиогүй шүү” гэж хэлэхээр нь би “Амгалан цохиж унагаагаад, А өшиглөсөн тийм үү” гэж асуухад “тийм, би огт танд хүрээгүй” гэж хэлсэн. Миний нүд сохорсон байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэж байгаад харамсалтай байна. Би маш их гомдолтой байна. Би Ангараг-Эрдэнийн нүдийг цохиод 10,000,000 өгье. Тэгвэл би гомдохгүй. Ийм байр суурьтай байна. Цагдаагаас над руу ярихгүй 1 сар болсон болохоор би өөрөө очсон. Би Монгол улсын спортын мастер хүн. Гэтэл тоглодог спортоороо хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байна. Ажилгүй, хамт олонгүй, найз нөхөдгүй болсон. Би Амгалан, А нарын хэргийг насан туршдаа мартаж чадахгүй. Тиймээс маш их гомдолтой” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз Нямнаран, танил дүү болох Ангараг-Эрдэнийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. ...Тэгээд би согтуу байсан учраас хүмүүстэй жоохон маргалдаж байгаад эрүүлдээ учраа олно гэж хэлээд гэр лүүгээ явах гэж босоод үүдэнд очоод хаалга онгойлгох гэтэл хаалга нь дотроосоо цоожтой байсан. Тэгээд хойш харсан чинь Амгалан гэх залуу нь миний цээж рүү цохисон, би тухайн үед доошоо унаж, тухайн залуугаас уучлалт гуйгаад байж байтал А нь гүйж ирээд миний баруун нүд рүү өшиглөсөн, миний нүд юу ч харахаа больж, гэр лүүгээ явсан. Тэгээд л маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эмчид үзүүлж, нүдээ сохорсныг мэдсэн юм. Тэгээд л Улаанбаатар хот руу явж, 1 дүгээр эмнэлэгт очиж, хагалгаанд орсон ...гомдолтой байна, эмчилгээний зардал нийт 3.710.800 төгрөг болсон уг мөнгийг нэхэмжилж авна, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 106 дугаар хуудас/,
Гэрч Н.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед Төмөрхуяг согтуурхаад хашхираад, орилоод энд тэндгүй шүлсээ хаяад тавьтиргүйтээд байсан болохоор нь Амгалан ах “Чи ингэж болохгүй, айлд ууж байж энэ айлыг хүндэл” гэсэн чинь нөгөөдөх нь тоохгүй өөдөөс нь хэдэрлээд байсан. Тэгсэн Амгалан ах ариун цэврийн өрөөний тэр хавьд Төмөрхуягийн гэдэс рүү баруун гараараа 1 удаа цохисон /элэгдсэн/. Тэгсэн Төмөрхуяг эвхрээд газарт уначихсан. Удалгүй босож ирээд хаалганы тэр хавьд сууж байхад нь А том өрөөнөөс босож очоод Төмөрхуягийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Төмөрхуягийг тэндээс аваад гартал баруун нүд нь улайчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Ц.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед аргаа бараад 00-ын тэнд тавьтиргүйтээд зогсож байхаар нь очоод баруун гараараа нэг удаа гэдэс рүү нь цохисон. Тэгсэн чинь доошоо суугаад “Уучлаарай хөгшөөн” гэж хэлсэн. Тэгсэн гэнэт А том өрөөнөөс гүйж ирээд “Чи муу аль түрүүнээс хойш намайг өдөөд байгаа шүү” гэж орилонгуутаа Төмөрхуягийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа маш хүчтэй өшиглөчихсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Тэгээд дахин 1 бил үү, 2 шил архи хувааж уугаад нэлээд согтуу байж байтал Төмөрхуяг орилж хашхираад, гэрт шүлсээ хаяад тавьтиргүйтээд байхаар нь би “чи одоо явчих, больчих” гэж хэлэхэд “үгүй ээ” гээд явахгүй байсан. Тэгсэн чинь манай найз Амгалан Төмөрхуягийг үүдний хэсэгт гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би том өрөөнөөс гарч очоод Төмөрхуягийн нүүр рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгсэн намайг Сүхболд түлхээд холдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 97-98, 100-101 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0320 дугаартай “... С.Төмөрхуягийн биед баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимыг авсан мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч С.Төмөрхуягийн эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Ноён хутагтын 509 дүгээр байрны 52 тоотод С.Төмөрхуяг, Ц.Амгалан, Н.Сүхболд нарын хамт архи ууж согтуу байх үедээ хохирогч С.Төмөрхуягийг гэрт нь хэрүүл, маргаан үүсгэлээ, шүлсээ хаялаа гэх ялихгүй зүйлээр шалтаглан, түүнийг Ц.Амгаланд хэвлий хавьдаа цохиулан доош сууж байх үед нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүнд хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Төмөрхуягийн эрүүл мэндэд баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний алимыг авсан мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0320 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, цалин хөлс, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирогч С.Төмөрхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 3,710,000 төгрөгийн нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Аэс хохирол төлбөрт 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч С.Төмөрхуяг нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Хохирогч С.Төмөрхуяг нь шүүх хуралдаанд “...Ц.Амгалантай бүлэглэн намайг цохиж, өрөөсөн нүд хараагүй болгосон гэж үзэж маш их гомдолтой байна. Мөрдөгч нь энэ хэрэг ойлгомжтой байна гэж хэлэхээр нь би энэ 2 хүнийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа юм байна гэж бодож байсан нь буруу болсон байна. Ц.Амгаланг энэ хэрэгт буруутай гэж үзэхгүй байгаад гомдолтой байна...” гэж мэдүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.
Хохирогч С.Төмөрхуяг шүүх хуралдаанд “... хүний нэг нүдийг хараагүй болгосон хүнд 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулна гэсэн нь байж боломгүй, ийм хууль гэж юу байдаг юм, би ч гэсэн түүний өрөөсөн нүдийг сохлоод 10,000,000 төгрөгийг төлж болох юм уу ...” гэх мэтээр маш их бухимдаж байгаа ч шүүх зөвхөн хуульд захирагдаж, хуульд заасан журмыг баримтлана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг хуульчилсан. Энэ бүлгийн 17.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, харин хуульд заасан зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохыг зааж, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргах, энэхүү хүсэлтдээ хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргасан байх нөхцөлийг шаардсан байна.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хүний эрүүл мэндэд учруулсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурор “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж заасан.
Прокуророос шилжүүлсэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг шүүх хүлээн авч 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болох ба шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаад прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байна. Үүнээс үзэхэд гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн хүсэлт нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байвал хэргийг хялбаршуулсан журмаар богино хугацаанд хянан шийдвэрлэж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд ял оногдуулахыг хуульчилсан ба хохирогчийн хүсэлтийг харгалзах, хамааруулах талаар хуульчлаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Д.А-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэгт хамаарч байгаа, энэ бүлэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй гэж шүүх үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ангараг-Эрдэнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Шүүгдэгч Д.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч С.Төмөрхуяг нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА