Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 75

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттөмөр,          

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч О.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Отгонсүрэнгийн Оюунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010775 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Отгонсүрэнгийн Оюунбаатар, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Экспресс тээвэр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны 19 тоотод түр оршин суух, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамжны 167 тоотод оршин суух албан ёсны хаягтай, УС86042317 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Оюунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны 19 тоотод хамтран амьдрагч Ж.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, сандал шидэж 4 нас 4 сартай төрсөн охин М.Сондорын бие махбодид нь дух ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичсэнээр)

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч О.Оюунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 106 дугаар байрны 19 тоотод хамтран амьдрагч Ж.Мөнхзултай хүүхэд загналаа гэх шалтгаанаар маргалдаж, Ж.Мөнхзулыг айлгах зорилгоор хана руу шидсэн сандалны хугархай тэдний төрсөн охин 4 нас, 4 сартай Ж.Сондорын толгой руу онож, түүний биед дух ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Оюунбаатар: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, учир нь мөрдөн байцаалтад бүх зүйлээ мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Мөрдөн байцаалтад (хавтаст хэрэгт):

Хохирогч Ж.Мөнхзулын өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Оюунбаатар том хүүхэд Дүүрэнбаярт хандаж аяга шанага, тогоо цэвэрлэ гэж хэлсэн. Нөгөөдөх нь хийгээгүй юм. Тэгсэн чинь том хүүхдээ юм хэлэхэд хөдлөхгүй юм гээд загнасан. Тэгэхээр нь би хүүхдээ өмөөрөөд Оюунбаатар руу “битгий хүүхэд загнаад бай” гэж уурлаад хоорондоо жаахан муудалцсан. Би зүүн талын хана дагуу байдаг орны хажууд охин Сондортой байж байтал Оюунбаатар хүүхдийн түшлэгтэй ногоон өнгийн хуванцар сандал аваад хана руу намайг айлгах гээд шидсэн чинь хүүхэд орилоод явчихсан. Харсан чинь Сондорын толгойноос цус гарч байсан. Би хүүхдээ аваад гарч гэмтлийн эмнэлэг ороод хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед Сондор орны цаанаас гэнэт гарч ирээд санаандгүй оногдсон. ... Би Оюунбаатарыг янз янзаар (том хүүхдээ чиний хүүхэд биш болохоор загнадаг гэх мэт) хэлтэл хана руу уурлаад сандал шидэж байгаад санамсаргүй хүүхдээ оночихсон байх. Түүнээс хүүхдээ зоддоггүй... гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Дүүрэнбаярын өгсөн: ...Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өглөө босоод гэрээ цэвэрлэж байсан. Хайруулын таваг угааж чадаагүй үлдээсэн байсан. Аав хог шүүрдэж байсан. Урд талд нь ногоон өнгийн сандал байсан. Сандалыг аваад тавьчих гэж надад хэлсэн. Би сандалыг хогтой хэсэг дээр нь тавьсан чинь хоггүй хэсэг дээр тавьчихгүй дээ гэж хэлээд сандал аваад хойшоо шидсэн дүүг оноод толгойг нь хагалсан. ... Сандал шидэх үед дүү Сондор орны хажууд тоглож байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №423  дугаартай

  1. М.Сондорын биед дух ясны цөмөрсөн далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас),

               Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний өгсөн: ... Хохирогчид учирсан гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хязгаарлагдмал гадаргуу гэдэгт алх, сүх, сандал зэргийг ойлгож болно. Шууд хүч үйлчилснээс болж дээрх гэмтэл учирна. ...Хохирогч М.Сондор нь 4 настай хүүхэд, хүүхэд өөрөө унах юм уу юм мөргөх үед үүсэх боломжгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),

               Шүүгдэгч О.Оюунбаатарын яллагдагчаар өгсөн: ...Би эхнэр Мөнхзул болон 3 хүүхдийн хамт 2016 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10-11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10-19 тоотод оршин суух гэртээ байж байтал том хүүхэд Дүүрэнбаярыг ээж нь өглөө аяга таваг, гэр орноо цэвэрлээрэй гэж хэлэхэд зурагт үзээд суугаад байхаар нь би жаахан загнаад юм хийсэнгүй, үгэнд орсонгүй гэхэд эхнэр Мөнхзул 2 дахь хүүхдээ /Ганболор/ бос, чи юм хий гэж зөрүүлж загнаад надад хандаж “ингээд байвал ямар байна” гэж хэлэхээр нь Мөнхзулд ингэж болохгүй нэг хүүхэддээ юм хэлэхээр нөгөөхийг нь загнаж болохгүй гэж хэрэлдсэн. ...Би эхнэрээ айлгах гэж ор руу шидсэн чинь хүүхэд цаад талаас босч ирээд оногдсон. ...Би ногоон өнгийн сандлаар шидсэн. Энэ сандал нь байхгүй. Мөнхзул хөл нь хугарчихаар нь гаргаад хаясан. ...Мөнхзул орон дээр сууж байсан. Сондор орны цаад талд сууж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 29-32 дугаар хуудас) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдож байх бөгөөд няцаасан баримт байхгүй байна.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч О.Оюунбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Мөнхзул нь “Миний нөхөр О.Оюунбаатар нь охин Сондорыг болгоомжгүйн улмаас гэмтээсэн болно. Манай гэр бүл болон миний зүгээс гомдол санал байхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 60 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч О.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав. 

Шүүгдэгч О.Оюунбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонсүрэнгийн Оюунбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Оюунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарт оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч О.Оюунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оюунбаатарт оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн харьяалах хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Оюунбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      

ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА