Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1967

 

О.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/01363 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Мын, хариуцагч О.Эт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 47 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Э нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги нэмж төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь мөнгийг бэлнээр хүлээн авсан. Хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч нэг ч төгрөгийн зээлийн төлбөр хийгээгүй. Зээлийн гэрээний үүрэгт 49 125 000 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээг багасгасан.

Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, 4 сарын хүү 2 750 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацаагаар хоногийн 0.5 хувиар буюу хоногийн 150 000 төгрөгөөр бодож, үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон, 15 000 000 төгрөг, нийт 47 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 60-06 УНП улсын дугаартай, 4Т1ВВ46К89U100741 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота камри маркийн автомашиныг О.Мын өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр О.Маас мөнгө аваагүй. Харин 60 000 000 төгрөг өгөх ёстой байснаас 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 30 000 000 төгрөгт зээлийн гэрээг байгуулж, О.М Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан өргөдлөө татан авч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч 30 000 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, эрүүгийн хэргээ хаахын тулд ийм байдлаар тохирсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй. Гэхдээ 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх нь үнэн ч зээлийн гэрээний дагуу төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эоос 45 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож, нэхэмжлэлээс 2 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.М нь хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, өмнө эрэн сурвалжлуулж олдсонтой холбогдуулан улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах, тус гэрээний фидуцийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 60-06 УНП улсын дугаартай 4Тшийдвэрлэжээ.ВВ46К89Г100741 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота камри маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403 575 төгрөгийг улсын орлогодл хэвээр үлдээж, хариуцагч О.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 382 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээг бодитой байгуулагдаагүйг тогтоож, хүү тооцох эрхгүй гэж зөв дүгнэсэн атлаа энэ дүгнэлтийнхээ эсрэгээр үндсэн зээл 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч О.Эоос зээлийн гэрээний үүрэгт 47 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зорилгоор дүр үзүүлэн байгуулсан тул гэж маргажээ.

Нэхэмжлэгч О.М, хариуцагч О.Э нар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээлцсэн тухай баримт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-3-6/ Энэ үйл баримтын хувьд талууд маргаагүй. Харин зээлийн гэрээ байгуулсан шалтгаан, нөхцлийн талаар болон гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан эсэх асуудлаар марган, мэтгэлцсэн байна.

Дээрх гэрээ болон мөнгө хүлээлцсэн тухай баримтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тусгасан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, нэхэмжлэгч О.Мын Чингэлтэй дүүргийн прокурорын газар гаргасан “... О.Э, П.Лхагва-Очир нараас эрүүгийн хэрэгт нэхэмжилсэн хохирол, төлбөрөө бүрэн хүлээн авсан болно... ” гэх хүсэлт, прокурорын 2016 оны 205 дугаар тогтоол болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд маргаж буй 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс мөн өдөр хариуцагчид зээлдүүлсэн гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч нар нь газар эзэмших эрх худалдах-худалдан авахаар байгуулсан гэрээнээсээ татгалзаж, уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргийг баталгаажуулж хэлцэл хийснээс үзэхэд талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзан, уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг мөн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаах талаар тохиролцсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь зөв юм.

Иймээс нэхэмжлэгч О.М нь хариуцагч О.Эоос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан төлбөл зохих төлбөр 30 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Харин зээлийн гэрээний үүрэг үүсээгүй учир талуудыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү болон анз шаардах эрх үүсэхгүй. Шүүх дээрх үйл баримтыг гэрээнээс учирсан хохирол гэсэн агуулгаар дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас алданги гаргуулан шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Гэрээнээс учирсан хохирлыг талуудын тохиролцож тогтоосон тодорхой хувь хэмжээгээр бус, харин бодит байдалд үүссэн зардал, алдагдал, олох ёстой байсан орлогоор тогтоох талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох фидуцийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 60-06 УНП улсын дугаартай, 4Т1ВВ46К89Г100741 арлын дугаартай, Tоёота камри маркийн автомашиныг О.Мын өмчлөлд шилжүүлэх тухай хэсгээс татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг мөн хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн, нэхэмжлэгчийн уг шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон агуулгыг шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй боловч талууд энэ талаар гомдол гаргаагүй, уг зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөх үр дагавар үүсгээгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзээгүй болно. Гэвч уг алдааг шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/01363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эоос 30 000 000 /гучин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 17 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мын фидуцийн гэрээгээр 10 000 000 төгрөгийн барьцаанд тавигдсан 60-06 УНП улсын дугаартай ВВ46К89Г100741 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Тоёота камри маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “382 950” гэснийг “307 950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            

                          ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                   

                                                                                Ч.ЦЭНД