| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00543/И |
| Дугаар | 589 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 589
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дугаар баг, 21-03 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОЗ88061913, Монголмууд овогт Ганболдын Мөнгөнтулгын Д.Ганболдын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнгөнтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнгөнтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний аав Дандиа овогтой Ганболд нь 1964 онд төрсөн, 53 настай, ам бүл 6. 1981 оны хавар 8 дугаар анги төгсөөд, Төв аймгийн Эрдэнэ сумын Архустай сангийн аж ахуйд нэг жил сураад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн 0131 дугаар ангид 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1985 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний аав Д.Ганболдын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнгөнтулга нь Д.Ганболдын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1986 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн захиргаанаас нээсэн 1985 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 1 дүгээр сарын 31-ний болон 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолтууд,
3. Цэргийн батлахын хуулбар,
4. Итгэмжлэл,
5. Гэрч Х.Санжжавын шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажилласан юм. 1985 оны 10 дугаар сард Г.Ганболд бид хамт цэргийн албанаас халагдаж ирээд Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчнаар ажилд орж байлаа. Улмаар бид 1992 онд тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллацгаасан юм. Д.Ганболд нь их сайн малчин бөгөөд морь уядаг, одоо сумын алдарт уяач болсон хүн байгаа юм. Д.Ганболд 1981 онд тракторын жолоочийн курст суралцаж төгсөөд 1982 онд цэргийн албанд явсан боловч нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч А.Бэвээгийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Хужирт бригадад малчнаар 1992 оныг дуустал ажилласан юм. Д.Ганболд 1982 онд цэргийн албанд яваад 1985 онд халагдаж ирээд “Пионер” нэгдлийн Хужирт бригадад малчнаар 1992 онд тус нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан юм. Түүний эхнэр Олонхүү нь мөн нэгдэлд малчнаар олон жил ажилласан хүн байдаг юм. Д.Ганболд 1981 онд тракторын жолоочийн курст суралцаж төгссөн боловч трактор барьж байгаагүй, малчнаар нэгдэл тартал ажилласан юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Х.Санжжав, А.Бэвээ нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Д.Ганболд нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 1986 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн захиргаанаас нээсэн 1985 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 1 дүгээр сарын 31-ний болон 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолтууд, гэрч Х.Санжжав, А.Бэвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Д.Ганболдын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 3 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнгөнтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголмууд овогт Дандиагийн Ганболдын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 3 /гурав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнгөнтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР