| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0866/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/221 |
| Огноо | 2022-02-21 |
| Зүйл хэсэг | 18.16.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/221
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00000 0128 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овгийн С.О, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эгчийнхээ дэлгүүрт түр худалдагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл дөрөв, 16, 22 насны хоёр хүүхэд, зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.О нь 2020 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “***” ХХК-ийн хашааны баруун талд байрлах Сонсголонгийн ** тоот блокон хашаанд “***” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдгийг ашиглан “***” ХХК-ийн цементэд үнс хольж 48 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, үүнээс хохирогч Ж.М-д 24 тонн цемент тээвэрлэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж “***” ХХК-д 3,052,296 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-мөн 2020 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “***” ХХК-ийн хашааны баруун талд байрлах Сонсголонгийн ** тоот блокон хашаанд "***” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдгийг ашиглан “***” ХХК-ийн цементэд үнс хольж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч Ж.М-д 24 тонн цемент худалдан 5,965,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т овгийн С.О нь 2020 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “***” ХХК-ийн хашааны баруун талд байрлах Сонсголонгийн 25 тоот блок хашаанд “***” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементийн уутыг ашиглан тус компанийн цементэд үнс хольж, нийт 48 тонн хуурамч бүтээгдэхүүнийг байнга тогтвортой үйлдвэрлэж, хадгалсан үйлдлийн улмаас “***” ХХК-д 3,052,296.0 төгрөгийн хохирол учирсан,
-мөн хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан өөрийн үйлдвэрлэсэн хуурамч цементээс 24 тонныг нь хохирогч Ж.М-д худалдан борлуулсны улмаас түүнд 5,965,000.0 төгрөгийн хохирол учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Талуудаас тэгш эрхийн үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно.
Тухайлбал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...хашааны зүүн урд 40 тонн багтаамжтай улаан өнгийн /Triton/ контейнер байрлуулсан, уг контейнерын баруун талд буюу саравчин доор *** ХХК-ийн улаан өнгийн савлагаатай цементийг 2 хэсэг болгон өрж байрлуулсан байв. Уг цемент болон контейнерын гол хэсэгт хар замаск холих хүчин чадалтай төхөөрөмж байх ба холигч төхөөрөмжийн хажуу талаас гарсан хоолойнд *** ХХК-ийн цементийн уутыг угласан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Өрж байрлуулсан цемент бүрийг тоолоход 50 кг савлагдсан /цаасан уутан шуудай/ нийт 680 буюу 34 тонн байсныг тэмдэглэлд тусгаж ачуулахаар тохиров. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн контейнерт байгаа үнс гэх нунтаг зүйлд үзлэг хийхэд саарал өнгөтэй нунтаг цемент шиг зүйл байсныг шинжилгээнд зориулан 20 кг орчмыг хураан авав...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-64 дэх тал),
-Цагдаагийн ерөнхий газрын Санхүү арын албаны Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа “...С.О болон түүний туслах ажилтан Э.Л нарын зааж өгснөөр төмөр саравчны ертөнцийн зүгээр зүүн урд буланд байрлах *** гэсэн бичиглэлтэй 2 хэсэгт өрж, хураасан байхаас С.О, Э.Л нарын зааснаар ***-ын өрсөн цемент нь баруун талд өрсөн гэж хэлсэн тул “1” дугаараар тэмдэглэж, зүүн хэсэгт байрлуулсан цемент нь үнстэй хольсон гэснээр “2” дугаараар тэмдэглэв. “1” дугаараар тэмдэглэсэн ***-ийн цементийг нэг бүрчлэн тоолж үзэхэд 200 ширхэг шуудай буюу 10 тонн, “2” дугаартай цементийг тоолж үзэхэд 480 ширхэг буюу 24 тонн *** гэсэн бичиглэлтэй цемент байв. Шинжилгээнд зориулж 1, 2 дугаарласан цементээс тус бүр 1 шуудайг авав. 1 дугаартай цэвэр цементийг БМ-Ц1-М-3 1-А гэж хаяглаж, 2 дугаартай үнстэй хольсон гэх цементийг БМ-Ц2- 2-В гэж хаяглан шинжилгээнд хүргүүлэв..." гэсэн тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 171 дэх тал)
-Гэрч Д.У-ын “...С.О гэдэг хүнийг О гэдэг нэрээр нь биш З гэдэг нэрээр анх утсаар танилцаж байсан. 2020 оны 5 дугаар сарын эхээр О над руу удаа дараа яриад үнс зараад өгөөч гуйгаад байхаар нь манай байгууллагаас үнс худалдан авч байгаа гэрээт аж ахуй нэгжүүдийн авах гэж байгаа үнсний хэмжээн дээр 5-10 тонн үнс нэмж гаргаад С.О-д зарж байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 85 дахь тал),
-Гэрч Э.Ж-ийн “...Бид нар ориг цементийг үнстэй холиод савлаад цавуугаар наагаад бэлтгэж тавьж байсан. 1 тонн цемент бэлтгээд буюу үнстэй холиод 10,000 төгрөг авч байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 60 дахь тал),
-Гэрч Г.А-гийн “...ориг цементийг задлаад бункер лүү хийгээд цаад контейнертой үнснээс хольж шуудайнд хийсэн. *** ХХК-ийн шуудай байсан, надад хэлэхдээ задгай цемент гэж хэлсэн. Өнөөдөр урд нь хийсэн байсан хуурамч цементээ хурааж машинд ачиж байсан юм, зөвхөн хольж шуудайлаад очиж өгдөг..." гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал),
-Гэрч Э.Л-ийн “...С.О-ыг 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Би түүний цементийг 44 дээр ирэхэд буулгаж өгдөг байсан. Дараа нь О хэлэхдээ цементээ ачиж дуусаад цементийг контейнерт байх үнстэй холино гэж байсан, урьд нь түүний хуурамч цемент хийх үйлдэлд оролцож байгаагүй. Бид нар 4-5 хоногийн өмнө бүгдээрээ ирээд цементийг савнаас гаргаж, үнстэй холиод буцааж саванд хийж, машинд ачиж явуулсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал),
-Гэрч Г.Ж-ийн “...Хамгийн анх хэд хоногийн өмнө миний утас руу О өөрийнхөө утаснаас *** гэсэн дугаараас холбогдож, 4 дүгээр цахилгаан станцаас ачаа ачъя гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал),
-Гэрч Б.Б-ын “...Миний ажлын чиг үүрэг компанийн бизнес төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлд хяналт тавьж, удирдлагуудад тайлагнадаг. Мөн компанийн эдийн засагтай холбоотой бүхий л тооцоо судалгааг хийж гүйцэтгэдэг. Манай “***” ХХК нь 2020 оны дунджаар 1 тонн цементийг 150,273.6 төгрөгөөр худалдан борлуулдаг бөгөөд уг борлуулалтад 86,684.2 төгрөгийн зардал гардаг. Ингэснээр 1 тонн цементээс 63,589.5 төгрөгийн цэвэр ашиг олдог...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 70 дахь тал),
-*** ХХК-ийн 2020 оны нэг тооны цементийн ашгийн тооцоо (2 дахь хавтаст хэргийн 174 дэх тал), барилгын архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 609/21 БКЛ дугаартай сорилт, шинжилгээний дүн (4 дэх хавтаст хэргийн 165 дахь тал), барилгын архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 610/21 БКЛ дугаартай сорилт, шинжилгээний дүн (4 дэх хавтаст хэргийн166 дахь тал)
-Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 610/21КБЛ, 609/21КБЛ дугаартай шинжилгээний үр дүнд үндэслэн “...610/21КБЛ шинжилгээний дүн болох БМ-Ц1-МЗ 1-А кодтой цемент болон хольц гэх дээжийн үзүүлэлтүүд нь Монгол Улсын MNS 0974-2008 стандартын шаардлагад нийцэж байна. 609/-21КБЛ дугаартай шинжилгээний үр дүн болох БМ-Ц2 2В кодтой цемент болон хольц гэх дээжийн үзүүлэлтүүд нь Монгол Улсын MNS 0974-2008 стандартын шаардлагад тэнцэхгүй байна. Шинжилгээний үзүүлэлтээс харахад БМ-Ц1-МЗ 1-А гэж хаягласан цемент болон хольц гэх дээжид хийсэн физик-механик шинжилгээний дүнгээр энэ дээж цемент мөн. Тухайн дээжид хийсэн шинжилгээний 10 үзүүлэлтийн утга нь манай оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлага хангаж байна. БМ-Ц-2 2В гэж хаягласан цемент болон хольц гэх дээжид хийсэн физик-механик шинжилгээний дүнгээр энэ дээж нь хольцтой цемент байна. Тухайн дээжид хийгдсэн 10 үзүүлэлтийг тодорхойлох шинжилгээний 4 /цементийн чанарын үндсэн үзүүлэлт болох 3 хоногийн дараах гулзайлт болон шахалт 28 хоногийн дараах гулзайлт болон шахалтын бат бэх/ нь манай оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлага хангахгүй байна. 610/21 КБЛ дугаартай шинжилгээний дүн болох БМ-Ц1-МЗ 1-А дээжийн 28 хоногийн дараах гулзайлт, шахалтын бат бэх нь 42.5 ангийн портланд цементийн шаардлага хангаж байгаа тул тусгай зориулалтын бетон болон төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэлээс бусад барилга, зам, гүүрний барилга угсралтын ажилд ашиглах боломжтой. 608/21КБЛ дугаартай шинжилгээний дүн БМ-Ц-2 2В дээжийн 28 хоногийн дараах гулзайлт, шахалтын бат бэх нь манай оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын хамгийн бага буюу 32.5 ангийн портланд цементийн шаардлагад хүрэхгүй байгаа тул бүх төрлийн тусгай зориулалтын бетон болон төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл, барилга, зам, гүүрний барилга угсралтын ажилд ашиглах боломжгүй. 1 дугаартай БМ-Ц1-МЗ 1-А гэж хаягласан 1 уут 50 кг цемент болон хольц, 2 дугаартай БМ-Ц-2 2В гэж хаягласан 1 уут 50 кг цемент болон хольц гэх 2 уут дээжийн гадна байдал, бусад шинж чанарыг ажиглан дүгнэхэд: 1 дугаартай БМ-Ц1-МЗ 1-А гэж хаягласан 1 уут 50 кг дээжийг цемент мөн гэсэн шалтгаан нь дээжийн гадна талаасаа харагдах, гарт баригдах байдал, үйлдвэрээс гарсан сав баглаа болон үйлдвэрлэсэн огноо, ээлжийн дугаар бүгд тэмдэглэгдсэн байсан ба түүнд хамаарах шинжилгээний үр дүн анализ хийхэд тухайн дээж нь манай оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 0974:2008 стандартын шаардлага хангасан. 2 дугаартай БМ-Ц-2 2В гэж хаягласан 1 уут 50 кг дээжийг цемент мөн гэсэн шалтгаан нь дээжийн гадна талаасаа харагдах, гарт баригдах байдал, үйлдвэрээс гарсан сав баглаа нь манай оронд үйлдвэрлэгдэж байгаа 1 төрлийн цементтэй ижил боловч үйлдвэрлэгдсэн огноо, ээлжийн дугаар тодорхойгүй. Түүнд хамаарах шинжилгээний үр дүнд анализ хийхэд тухайн дээжийн гол үзүүлэлт болох 2 болон 28 хоногийн дараах гулзайлт болон шахалтын бат бэх манай оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS 0974:2008 стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 162-164 дэх тал),
-“***” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 01/21 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...*** ХХК-ийн үйлдвэрийн цементийн дундаж үнэ 1 тонн 285,000 төгрөг, 1 шуудай нь 14,250 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн цементийн дундаж үнэ 1 тонн 240,000,000 төгрөг, 1 шуудай нь 12,500 төгрөгийн зах зээлийн дундаж үнэ ханштай байсан болохыг тодорхойлов...” гэсэн тайлан (1 дэх хавтаст хэргийн 149-157 дахь тал),
-Хохирогч Ж.М-ын “...2020 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд иргэн О гэгч хүнээс 25 тонн *** гэсэн хаягтай цементийг 1 тонныг нь 240,000-260,000 төгрөгийн хооронд буюу нийт 6,000,000 орчим төгрөгөөр худалдан авч, өөрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингаравын гудамж Зайсан *** тоотод орон сууцны барилын шат, довжоо брорн барилгын тодорхой хэсэг, дотор хананы өнгөлгөө шаварт ашигласан. Тухайн үед С.О гэх хүний *** дугаарын утсаар холбогдож, түүний хэлсэн *** дугаарын Хаан банкны данс руу өөрийн *** дугаарын данс руу мөнгөө шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 227- 228 дахь тал),
- Хохирогч Ж.М-ын дахин өгсөн “...Миний хувьд орон байранд засвар хийж байсан болохоор фейсбүүкээр цемент зарах зарын дагуу *** дугаарт холбогдож, цементийн үнэ асууж тодруулсан. Тухайн үед дээрх утсан дээр 30-35 орчим насны эмэгтэй /О/ нь Гурвалжны гүүрний урд байрлах барилгын материалын худалдааны төвийн гадаа ***-ын цемент 1 тооныг нь 240,000-260,000 төгрөгөөр зарж байгаа талаар анх утсаар надад хэлсэн. Цемент зарж байсан О-тай огт уулзаж байгаагүй, зөвхөн утсаар ярьж, цемент зээлээр аваад сүүлд нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. Иргэн С.О нь надад хохирол 4,000,000 төгрөг бэлнээр өгч, гомдол саналгүй гэсэн бичиг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 137 дахь тал),
-“***” ХХК-ийн төлөөлөгч Х.Ч-ын “...2020 оны 2 дугаар сараас манай компанид нэр бүхий иргэд гомдол гаргаад танай компанийн үйлдвэрлэсэн цемент чанарын шаардлага хангахгүй үүрч бутарч унаад байна гэсэн гомдол гаргасан. Уг шалгалтын үр дүнд гомдол гаргасан иргэдийн худалдан авсан цементийг шинжилж үзэхэд манай *** компанийн үйлдвэрлэсэн цементийг үнстэй хольж савлан иргэдэд худалдан борлуулсан байсан. Тухайн цементийг үнстэй хольж савласан газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан. Тухайн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байгаа. Манай компанийн цементийн уут бүхий Лого болох барааны тэмдгийг ашиглаж бусдад хохирол учруулж байгаа компанийн болон бүтээгдэхүүний нэр хүнд болон борлуулалтад сөргөөр нөлөөлж байна. Дээрх хүмүүс манай компанийн гэрээт борлуулагч бишээ...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 215-218 дахь тал),
-“***" ХХК-ийн төлөөлөгч Х.Ч-ын дахин өгсөн “...*** ХХК-ийн 1 тонн цемент дутам 63,589.5 төгрөгийн ашигтай ажилладаг. Үүнтэй холбоотойгоор тус хэрэгт холбогдсон этгээд нь манай компанийн нэр, лого, барааны тэмдэгтийг их хэмжээний цементийг хуурамчаар үйлдвэрлэсэн, борлуулж байгаа нь манай компанийн зарж ашиг олох ёстой байсан орлогоос бууруулж манайд тийм хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал) зэрэг нотлох баримууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч С.О “...Би анх хар замаск хийх гээд хар замаск хольдог машин худалдан аваад тухайн машинд 12 ширхэг уут цемент хийгээд дээрээс нь 5 шуудай үнс хийж холиод нийт 17-18 ширхэг уут цемент гаргаж авдаг байсан. ***ийн уутанд буцаагаад хийдэг байсан...” гэж (2 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэсэн болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван наймдугаар бүлэгт “Эдийн засгийн гэмт хэрэг”-ийг хуульчилсан бөгөөд энэхүү бүлгээр хамгаалагдсан шууд объект нь манай улсын чөлөөт эдийн засгийн харилцаа бөгөөд бизнес эрхлэгч нарт эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх замаар тэдний бизнесийг хамгаалах зорилго агуулсан байдаг билээ. Түүнчлэн, энэ төрлийн гэмт хэргийн улмаас бизнес эрхлэгчид шууд хохирол учрах боловч дам байдлаар хэрэглэгчид мөн адил хохирдог онцлогтой.
Гэмт хэргийн улмаас барааны тэмдэг эзэмшигч болох “***” ХХК-д 3,052,296.0 төгрөгийн, хэрэглэгч Ж.М-д 5,965,000.0 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус заасан тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.О нь өөрийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, бусдын барааны тэмдгийг ашиглан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан үйлдлийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч С.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэрээр гэмт үйлдлээ 4 сар гаруйн хугацаанд байнга тогтвортой үйлдсэн байх тул мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байх тул прокурорын зүйлчлэл тохирсон байна.
Өрсөлдөх хэм хэмжээний хувьд улсын яллагчийн “шүүгдэгч С.О-ын хохирогч Ж.М-ыг төөрөгдөлд оруулан хуурамч цемент худалдсан үйлдэл нь хохирогч Ж.М-ын эд хөрөнгийг шилжүүлэн авах гэсэн идэвхтэй үйлдэл байгаагүй бөгөөд цемент худалдан авах хэрэгцээ бүхий хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж, хуурамч бүтээгдэхүүн худалдсан байх тул залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хуурамч бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан үйлдлийн хохирогч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлд заасан хэрэглэгчид хамаарах тул шүүгдэгч С.О-ын үйлдлийг “Залилах” гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.О-ын хуурамч цемент үйлдвэрлэсэн, хадгалсан үйлдэл болон барааны тэмдэг эзэмшигч “***” ХХК-д учирсан 3,052,296.0 төгрөгийн хохирол, мөн түүний хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч цемент худалдсан үйлдэл болон хэрэглэгч Ж.М-д учирсан 5,965,000.0 төгрөгийн хохирол тус тус өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийг бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, борлуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч “***” ХХК нь “хохиролд 3,000,000.0 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бөгөөд хохирогч Ж.М нь “хохирлоо бүрэн авсан тул гомдол саналгүй” (4 дэх хавтаст хэргийн 174 дэх тал) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.О-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч С.О нь хохирогчийн хэрэгцээт байдлыг далимдуулан эд хөрөнгийг шунахайн зорилгоор хуурамчаар, хууль бус аргаар үйлдвэрлэж, бусдыг төөрөгдөлд оруулан худалдаж, түүнд чиглэсэн үйлдэл, үйл ажиллагааг тогтвортой үйлдсэн. Түүний гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах нь хамаагүй, өөрөө ашиг олохыг эрмэлзсэн. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, санаа зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ”***” ХХК-д 3 сая төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч М-ын хохирол мөн бүрэн төлөгдсөн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдсан *** гэсэн 481 шуудай, *** гэсэн 1262 шуудай, “***” гэсэн 13,000 шуудай болон 680 уут цементийг устгах, харин ногоон өнгийн холигч машиныг улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд авагдсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих саналтай байна... ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...О нь гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн зорилго нь хорьж цагдах биш ухааруулах, хүмүүжүүлэх, хохирол төлөх боломжоор хангах зорилготой. Хувийн байдлын хувьд О нь өрх толгойлсон эмэгтэй, нөхөр нь нас барсан. Иймд хорихоос өөр төрлийн ял буюу 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.О нь гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 49 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 26 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн “хоёр хүүхэд, зээгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, оршин суух тодорхой хаягтай” гэсэн хувийн байдлыг тогтоов.
Шүүх улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.О-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник болох БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн холигч машиныг улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан “***” гэсэн шошготой 481 шуудай, “***” гэсэн шошготой 1262 шуудай, “***” гэсэн шошготой 13,000 шуудай, мөн Цагдаагийн ерөнхий газрын Санхүү арын албаны Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа “***” гэсэн шошготой 24 тонн хуурамч цементийг устгуулахаар, мөн газар хадгалагдаж байгаа “***” гэсэн шошготой 10 тонн цэвэр цементийг хэрэгцээний дагуу ашиглуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүллээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Т овгийн С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийг бусдын барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, борлуулсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.О-д долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.О-д сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник болох БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн холигч машиныг улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “***” гэсэн шошготой 481 шуудай, “***” гэсэн шошготой 1262 шуудай, “***” гэсэн шошготой 13,000 шуудай, мөн Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү арын албаны Хангалт үйлчилгээний төвийн хашаанд хадгалагдаж байгаа “***” гэсэн шошготой 24 тонн хуурамч цементийг устгуулахаар, мөн газар хадгалагдаж байгаа “***” гэсэн шошготой 10 тонн цэвэр цементийг хэрэгцээний дагуу ашиглуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА