Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 591

 

                                               Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 26 дугаар байрны 48 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй,  ОЮ62112218 регистртэй, Чонод овогт Булганы Мөнгөнд холбогдох,

       Гэм хорын хохирол 7.089.356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирал Ю.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мөнгөн нь Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын даргаар 2015 оны 1 дүгээр сараас мөн оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа байгууллагад 7.089.356 төгрөгийн хохирол учруулсан болох ньв эрүүгийн 201720000020 тоот хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-д учирсан 7.089.356 төгрөгийг Б.Мөнгөнөөс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Б.Мөнгөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дулааны 2 дугаар станцын захирал Ю.Сайнжаргалын Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд заасан 7.089.356 төгрөгийн төлбөрөөс 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Увс аймгийн Аудитын газрын №03/58-УВААГ-2016.09/НА “Илүү олгосон цалинг төлүүлэх тухай” актад тусгагдсан 2.057.100 төгрөг, хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай актад тусгагдсан 1.250.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Увс аймгийн Аудитын газрын №02/57-УВААГ-2016.09/НА “Анхан шатны баримтгүйгээр зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” актад тусгагдсан 1.766.200 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкнаас нягтлан бодогч К.Тогтохбаяр бэлнээр 1.000.000 төгрөг авхуулсан. А. Тус станцын дотоод журам, х/г-ийн заалтуудыг үндэслэн харуул Я.Даваажавын хүүгийн гэр бүрэх ёслолд 600.000 төгрөг, Б. Ээлжийн ахлах Л.Баясгаланд урьдчилгаа цалин 200.000 төгрөг, Туслах тоноглолын машинист Г.Загираад урьдчилгаа цалин 65.000 төгрөг, зуухны машинист Ю.Цоггэрэлд байцаа үрслэгээний үнэ 80.000 төгрөг, гагнуурчин Х.Мөнхбатад /УОНИ 10 кг/ 30.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкнаас бараа материалын үнэ 385.000 төгрөг шилжүүлгээр шилжүүлсэн. Харин 381.200 төгрөгийг мэдэхгүй байна. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Увс аймгийн Аудитын газрын №04/59-УВААГ-2016.09/НА “Анхан шатны баримтгүйгээр зарцуулсан шатах тослох материалын үнэ төлүүлэх тухай” актад тусгагдсан 2.016.056 төгрөгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс он дуустал Захиргаа, аж ахуй, санхүү үйлчилгээнд УВА 19-52 улсын дугаартай өөрийн машинд А92 бензин /280 литр/ зөвшөөрлийн бичгээр авч байсан. Ингэхдээ машины түрээс төлбөр авч байгаагүй болно. Тухайн үед станцад ямар ч машин техник, багаж хэрэгсэл байгаагүй. Өвлийн сар эхэлчихсэн, станц нүүрсний нөөцгүй, ялангуяа ДДТ1-ийн шугам хоолой хуучирч муудсан, ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байлаа. Иймд тухайн үеийн бодит байдалд тулгуурлаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг, хариуцагч Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазар нь Б.Мөнгөнөөс гэм хорын хохирол 7.089.356 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдэвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар 01-ний өдрийн дотор Б.Мөнгөн нь Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазарт төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазар нь хариуцагч Б.Мөнгөнөөс гэм хорын хохирол 7.089.356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг, хариуцагч Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазрын нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазар нь үлдэх хэсэг болох 2.089.356 төгрөгийг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг, хариуцагч Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 128.380 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 5.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгний тал хувь 47.475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 80.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөнөөс 47.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазарт олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг, хариуцагч Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазар нь нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 7.089.356 төгрөгөөс 2.089.356 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 5.000.000 төгрөгийг нь хариуцагч Б.Мөнгөн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 47.475 төгрөг, хариуцагч Б.Мөнгөнөөс 47.475  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГазарт олгосугай. 

      3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнгөн нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР