| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0105/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа /цахимаар/,
Хохирогч Б.Г,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2119000000101 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 10 дугаар сард өөрийн оршин суудаг газар болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг, Булаг гэх газарт 2020 оны 07 дугаар сард О.Иын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж ирээд орхиод явсан хохирогч Б.Гы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Гд 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тухайн мотоциклыг хүнд зарж үрэгдүүлээгүй, мөн Б.Үгоор ажил хийлгээгүй. Б.Ү гэх хүүхдийг гуйж үүдний амбаараа зөөлгөсөн. Хүнд цалин хөлс өгөх хэмжээний ажил хийлгээгүй. Би хөдөө гэртээ байдаггүй, төвд амьдардаг. Малаа маллуулдаг малчинтай. Намайг хөдөө гэртээ байхгүй байх үед гэрийн ойролцоо О.И тухайн мотоциклыг орхиод явсан гэсэн. Гэрийн ойролцоо мотоцикл байгааг Дэлгэрэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрт хэлсэн бөгөөд мотоциклыг авч явах гэсэн боловч эвдэрхий болохоор асааж чадаагүй. Мотоциклыг ирж авах хүнгүй олон сарын хугацаа өнгөрсөн. Мотоцикл нь гэрийн гадаа байж л байх шиг байсан. Би тэр мотоциклыг гэрийнхээ гадаа авчраагүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд үнэн зөвөөр мэдүүлж байгаа. Мотоцикл нь эвдрээд асахгүй болохоор О.И орхиод явсан гэсэн. Үүний талаар О.И өөрөө ч мэдэж байгаа. Хэрвээ өөрийнх нь мотоцикл мөн бол асуух ёстой. Гэтэл асуусан үгүй нь тодорхойгүй байна. Сумын цагдаа мотоцикл нь хаана байсан болохыг хэлсэн байж таарна. Хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх мотоцикл гэж байгаа боловч айлын гадаа байж байдаг эвдэрхий мотоцикл байсан. Би хүний үнэтэй эд зүйлийг үрэгдүүлэх хүн биш. Зүгээр байж байгаад энд хэлмэгдээд зогсож байна. Би Б.Үд мотоциклыг өгнө гэж хэлж өгөөгүй, мөн түүнээс мөнгө аваагүй. Б.Үд мотоциклыг өгөх бодол байгаагүй асуухаар нь өөрөө мэд гэж л хэлсэн. Би хохирч үлдмээргүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэнэ гэж бодоод шүүх, прокурорын дуудсан цагт ирж байсан ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр мотоциклыг О.И ахаас авсан нь үнэн. О.И ах Дэлгэрэх сум руу адуунд явахдаа мотоциклыг унаж яваад архи уусан байх үедээ тухайн мотоциклыг алдсан гэсэн. Хоёроос гурван сарын дараа О.И ах мотоциклыг алдсан талаараа надад хэлсэн. Би мотоциклын үнэ хөлс эсвэл мотоциклоо нэхэмжилнэ. Шүүх хуралдаан болохоос өмнө Н.М болон түүний өмгөөлөгчтэй уулзсан. Н.Мгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мотоциклоо хуучин гэж хэлбэл хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн. Тийм болохоор хэлснийх нь дагуу мэдүүлэг өгсөн. Хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан өгч байгаа мэдүүлэг үнэн. Гэхдээ мотоциклыг нэгэндээ худалдах эсвэл өгөх нь О.И ах бид хоёрын хоорондын асуудал. Би Н.Мгаас 250,000 төгрөг нэхэмжилнэ, 250,000 төгрөгийг төлж барагдуулбал гомдолгүй ...“ гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны зун манай хамаатны ах И миний цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг гуйж аваад явсан. Гэтэл И нь 2020 оны 07 дугаар сарын 10-д гарсан хойно Дэлгэрэх сумын төвд архи ууж яваад мотоциклоо алдсан талаар надад хэлсэн ... Би уг мотоциклийг 2019 онд 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан ... Би мотоциклоо 1,000,000 төгрөгөөр үнэлж байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 46-47 дугаар хуудас/,
Гэрч О.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын эхээр Дэлгэрэх сумын иргэн Б гэх залуутай хамт цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоор манай хүргэн Эрдэнэцогтын 11 адууг хайж яваад, Дэлгэрэх сумын дэлгүүрээс Хараа нэртэй 0,75 литрийн архи худалдаж аваад Ч гэх хөгшний гэрт очоод мотоциклоо гадаа нь үлдээгээд архи ууж байгаад Б бид 2 согтоод унтаад өгсөн. Тэгээд босоод ирсэн чинь мотоцикл байхгүй байсан. Би Дэлгэрэх сумын төвөөр яваад олоогүй. Хэд хоногийн дараа манай найз Р.Б нь М гэх залуугийн гэрийнх нь гадаа мотоциклийг чинь харсан гэж надад хэлсэн ... Миний дүү Гаас авч явсан мотоцикл нь хөх цэнхэр өнгөтэй, Даюун маркийн мотоцикл байсан. Тухайн мотоцикл нь шинэ биш, хуучивтар, тэгэхдээ бүүр хуучин будаг шунх нь халцарсан биш байсан. Старт товчоороо асдаг, бүх гэрлэн дохио нь бүрэн бүтэн, суудал урагдсан зүйлгүй, мотор маш сайн мотоцикл байсан. Тухайн мотоциклийг эвдэж гэмтээгээгүй. Харин хаана орхисон гэдгээ мэдэхгүй, сумын цагдаа нартай хамт сумын төвөөр зөндөө хайсан. Сумын цагдаа болохоор чамайг авсан айлд орхисон гэж хэлсэн. Би согтуу байсан учир эхлээд очиж архи авсан айлын гадуур эрээд сураад байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 50 дугаар хуудас/,
Гэрч С.Чхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын эхээр орой унтаж байхад гэнэт хаалга хүчтэй цохиод “Хаалга нээ” гээд орилоод, би хэн гэдгийг нь мэдээгүй айгаад байсан болохоор хаалгаа тайлаагүй. Тэгээд удалгүй манай хажуу гэрийн хаалгыг цохиод “И байна, хаалгаа нээ” гээд согтуу орилоод байхаар нь хажуу айл цагдаад дуудлага өгсөн. Удалгүй манай амбаарт орж ирээд хаалга нүдэж байгаад унтах шиг болсон. Тэгтэл цагдаа, төлөөлөгч 2 ирээд И байна гээд манай амбаараас аваад гарсан. Тэр өдрөөс хойш Итой дахиж уулзаагүй. Мотоцикл манай гадаа байгаад байхаар нь цагдаад Иын мотоциклийг авахгүй юу гэхэд тухайн мотоциклийг Иын мотоцикл биш байна лээ гэж хэлсэн. И тэр үед ирэхдээ авчирсан, хаанаас авчирсныг мэдэхгүй байна ... Тэр мотоциклийг манай хүү М нь Ү гэх залууд өгсөн, ямар нэгэн үнэ хөлс аваагүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай хүргэн Ү 2020 оны 10 дугаар сард байхаа, “М ах надад нэг эвдэрсэн мотоцикл өгсөн, тэрийг та очиж аваад ачаад хөдөө гэр рүү дөхүүлээд өгөөч, би мотоциклоо сэлбэнэ” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 3, 4 хоногийн дараа би Мн гаднаас улсын дугааргүй, цэнхэр өнгийн, яндантай, Даюун маркийн мотоцикл ачаад хөдөө гэр рүүгээ аваад явсан. Манай хүргэн Ү М ахын амбаарыг янзалж өгсөн хөлсөнд нь надад цэнхэр өнгийн эвдэрсэн Даюун маркийн мотоцикл өгсөн гэж тэр үедээ хэлж байсан. Тэр мотоцикл асаж явдаггүй байсан учир машинтай ирж ачаад гэртээ авчирсан. Манай хүргэн Ү энэ мотоциклийг задлаад хэрэгтэй гэх мотор, ойр зуур хэрэглэгдэх зүйлүүдийг аваад үлдсэн бусдыг нь хөдөө гэр Цагаан дэл гэх газар буйран дээрээ хаячихсан байгаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... улсын дугааргүй, цэнхэр өнгийн нэг яндантай мотоциклийг Мн амбаарыг янзалж өгсөн чинь хөлсөнд нь өгсөн. Уг мотоцикл нь Даюун бил үү, Мустанг бил үү сайн санахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл асаж явдаггүй байсан учир би хадам аав Мэндсайханаар ачуулж, гэртээ авчирсан. Уг мотоциклийг задлаад хэрэгтэй гэх мотор, ойр зуур хэрэглэгдэх зүйлүүдийг нь аваад үлдсэнийг нь 2020 онд намаржиж байсан газар болох Цагаан дэл гэх газарт буйран дээрээ хаячихсан байгаа. М надад хэлэхдээ “миний өөрийнх асахгүй байгаа юм” гэж хэлээд надад өгсөн. Уг тээврийн хэрэгслийг би Мд ажил хийж байсан хөлсөнд надад өгөхөөр нь авсан. Тухайн мотоцикл нь хуучирч муудсан, хоёр дугуй нь хийгүй, хагарчихсан, манивел нь байхгүй, амаржин нь салчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч М.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын эхээр Дэлгэрэх сумаас баруун урагш 1 км, 500 метрийн зайтай булгийн эхэнд байдаг айлаас “согтуу хүн хаалга балбаад байна, бид нар нээж өгөхгүй байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход үүдний амбаарт нь И гэх бор залуу согтуу унтаж байсан. Тухайн залууг сэрээж дуудлага өгсөн айл руу ороод, гадаа байгаа улсын дугааргүй, цэнхэр өнгийн, руль нь орос мотоциклийн руль хийсэн, Даюун маркийн мотоцикл хэний эзэмшлийнх вэ гэхэд айлын эзэн “наад хүн чинь унаж ирсэн байх” гэж хэлсэн. Тэгээд И гэх хүнээс асуухад юу ч хэлэхгүй, ухаангүй согтуу байсан. Мотоциклийн старт товчийг дарж асаах гэсэн чинь асахгүй байхаар нь банкийг нь онгойлгож харахад бензингүй болсон байсан. Тэгээд албаны машиндаа суулгаад аваад явсан. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа И ирсэн. Мотоциклоо алга болсон талаар хэлээгүй, харин мотоциклоо бензингүй болоод тавьсан байсан, хаана тавьснаа мэдэхгүй байна гэхээр нь би чамайг авсан гэх айлын гадаа цэнхэр өнгийн, нэг мотоцикл байсан тэр биш үү гэж асуухад И нь би тухайн айлд очиж асуусан миний мотоцикл биш гэж хэлсэн. Тэгээд л И нь мотоциклоо алдсан гэж ч хэлээгүй олсон гэж ч хэлээгүй, дахин ирээгүй. Цэнхэр өнгийн мотоцикл цоо шинэ биш, бас хуучин бүүр муу юм биш. Уг мотоциклийн бүх тоног болох гэрэл, дохио асуудалгүй байсан. Мотоциклийн будаг нь нь халцарсан зүйл байхгүй. Харахад давгүй мотоцикл шиг харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ү, шүүгдэгч Н.М нарыг нүүрэлдүүлэн авсан тэмдэглэлд: “... гэрч Б.Ү мэдүүлэхдээ “Би Мн хөдөө гэрийн үүдний амбаарыг гэрийн үүдэнд нь өргөлцөж тавьж өгсөн чинь хөлс мөнгөнд нь М нь гадаа байсан асахгүй мотоциклийг өгсөн, амбаар зөөхөөсөө өмнө нь мөнгө тохироогүй байж байгаад л мотоцикл өгсөн ... тухайн авсан мотоциклийн гадна үзэмж муу, түрээд явахад 2 дугуй хагарсан, дугуй нь зуурсан, хойд амаржин хугарсан, гэрэл дохио бүтэн байсан. Хянах хэсэг нь хагарсан, янданг нь төмөр утсаар мотортой нь боосон байсан. Би уг мотоциклоос доод анги буюу хропыг нь авсан, бусад зүйлтэйгээ манай намаржаа болох Гашуун сүүж гэх газарт байгаа” гэж, шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ “Би Үг гуйж амбаар зөөлгөхдөө хөлс мөнгө тохироогүй, харин гэрийн ард эзэн нь мэдэхгүй байсан мотоциклийг өгсөн. Тухайн мотоциклийг сонирхоод байхаар нь ав гэж хэлсэн. Би хөлс мөнгөнд мотоцикл өгөөгүй” ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Мн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын эхээр би яг хэдэн сарын хэдэн гэж санахгүй байна, Дэлгэрэх сумын 3 дугаар багт байрлах гэртээ ирэхэд манай гадаа нэг цэнхэр өнгийн асдаггүй хуучин мотоцикл байсан. Би ээжээс юун мотоцикл болох талаар асуухад “урьд шөнө И ирээд хаалга үүд балбаад байхаар нь нээж өгөөгүй, Иын мотоцикл юм байлгүй” гэж байсан. Тэгэхээр нь би сумын цагдаад мэдэгдэхэд наад мотоцикл чинь Иын мотоцикл биш гэсэн. Тэгээд тэр мотоцикл манай гадаа 3 сар болсон. Тэгэхээр нь би Мэндээгийн хүргэн Үд унаагүй бол энийг сэлбэж засаад аваад яв” гэж хэлээд өгсөн. Би мөнгө төгрөг аваагүй. Тэр мотоцикл нэлээн хуучин асахгүй болохоор нь би сэлбэг байх гэж бодсон ... Би тухайн үед сумынхаа цагдаад хэлж байсан хэдий ч ямар нэг дорвитой шийд өгөлгүй манай гадаа 3, 4 сар орчим байлгасан. Тэгээд ч нөгөө мотоцикл нь асдаггүй, хуучин, өнгө үзэмжгүй, эвдэрхий, улсын дугааргүй юм байхаар нь нутгийнхаа нэг ядарсан залууд буян болох гээд өгчихсөн юм. Түүнээс биш ашиг олох зорилгоор өгөөгүй. Үүдний амбаарыг гүйцэт янзлуулсан зүйл байхгүй. Зүгээр надтай хамт амбаарыг гэр рүү шахалцаж тавилцсан. Түүнээс биш бүтэн янзлуулаад засуулаад байсан зүйлгүй. Тэгээд тэр ажлыг хамтдаа хийж байхдаа Үд “энэ мотоциклийг сайхан янзлаад авчихаач” гэж хэлээд л өгсөн. Түүнээс биш ажлын хөлсөнд тооцож өгөөгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14, 40-41 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “АШИД БИЛГҮҮН” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-821/1276 дугаарт “... 1.2-т Үнэлгээний хандлага, арга зүй, мэдээллийн эх сурвалж, үнэлгээний зүйлийн чанар, үнэлгээний ажлын зорилгоос хамаарч үнэлгээг зах зээлийн хандлагаар гүйцэтгэлээ. Зах зээлийн үнийн судалгааг Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн шинэ, хуучин зах, дэлгүүр, хувь хүн, Facebook /цахим/ зар мэдээ, Үнэгүй МН сайтаас авсан үнэ ханшийн мэдээ болон хуучин утасны талаар судалгааны материалд үндэслэн хийж дундаж үнээр, ашигласан хугацааны элэгдэл хорогдол тооцож тогтоов. 1.3-т тооцооны дүгнэлт хэсэгт Үнэлэгдэж буй зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 07 дугаар сарын байдлаар 950 000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов. гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/367 дугаартай “Шинжээч томилох тухай” шүүгчийн захирамжийн дагуу “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... үнэлгээ тогтооход Даюун маркийн мотоциклийн мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, хөрөнгийн зураг байхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс үнэлгээ тогтоох боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 146-150 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын /уг мотоциклийн одоо байгаа зургийг нь хавсаргав/ дагуу “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №315 дугаартай “... мотоцикл /Даюун/, 100,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Бгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №01/88 дугаартай “... 2020 оны 07 дугаар сард манай архивд бүртгэгдсэн байдал, цахим хуудас дахь мэдээ, мэдээллүүд зэргээс үндэслэн ... Мотоцикл /Даюун маркийн/ 850,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Гы өгсөн: “... мотоциклийг 250,000 төгрөгөөр үнэлж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 135-145 дугаар хуудас/,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд: Хохирогч Б.Г “...мотоциклийг 250,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд Улсын яллагчаас “...та одоо өөрийнхөө мотоциклын хохирлоо хэдэн төгрөг гэж үнэлж байгаа вэ? гэсэн асуултад хохирогч Б.Г “...250,000 төгрөг...” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаан даргалагчийн “...хохирогч хохирол нэхэмжлэх үү?” гэсэн асуултад “...250 000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 156-165 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 10 дугаар сард өөрийн оршин суудаг газар болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг, Булаг гэх газарт 2020 оны 07 дугаар сард О.Иын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж ирээд орхиод явсан хохирогч Б.Гы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Гд 250,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Хохирогч Б.Гы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй мотоциклийг гэрч О.И унаж яваад архидан согтуурч, шүүгдэгч Н.Мгийн гэр болох ээж Чхоролынд очиж “хаалгаа нээ” гэж орилж байгаад үүдний амбаарт нь унтаж байхад хажуу айлын дуудлагын дагуу цагдаа ирж, Иыг авч явснаас хойш 2 хоногийн дараа мотоциклоо бензингүй болгоод хаана орхисноо мэдэхгүй байна гэхээр нь “чамайг авсан айлын гадаа цэнхэр өнгийн мотоцикл байсан, тэр биш үү” гэж цагдаагаас хэлэхэд “тухайн айлд очиж асуусан миний мотоцикл биш байна лээ” гэжээ. И нь анх архи уусан айлаасаа мотоциклыг асуусан болохоос Мгийнд ирж асуугаагүй, мотоциклийг хаана орхисноо ч мэдэхгүй, Чхоролын хашаанд 3-4 сар болсон нь М, Чхорол, И нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Энэ хугацаанд М нь цагдаагийн байгууллагад очиж уг мотоциклийн талаар хэлэхэд “И миний мотоцикл биш гэснийг цагдаагаас хэлсэн” гэж мэдүүлснийг хэн ч үгүйсгээгүй бөгөөд гэрч Жы мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Үүнээс үзэхэд, мотоцикл бусдын буюу хэн нэгний өмчлөл, эзэмшилд байгааг Н.М мэдэж байсан, гээгдэл эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж гэрч Б.Үд ямар нэгэн үнэ хөлсгүйгээр шилжүүлж захиран зарцуулсан болох нь Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн “...тэгээд манай гэрийн гадаа 3-4 сар болсон болохоор нутгийн Ү гэх ядарсан залууд унаагүй бол энийг засаад уначих, чамд хэрэгтэй байх гээд өгөөд явуулчихсан юм...энэ мотоциклийг сайхан янзлаад авчихаач гэж хэлээд л өгсөн... И миний мотоцикл биш гэж сумын цагдаад хэлээд явсан байсан болохоор нутгийнхаа нэг ядарсан залууд буян санаад өгчихсөн юм...гэрийн ард эзэн нь мэдэгдэхгүй байсан мотоциклийг Ү сонирхоод байхаар нь ав гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... улсын дугааргүй, цэнхэр өнгийн нэг яндантай мотоциклийг Мн амбаарыг янзалж өгсөн чинь хөлсөнд нь өгсөн...М надад хэлэхдээ “миний өөрийнх асахгүй байгаа юм” гэж хэлээд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Чхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр мотоциклийг манай хүү М нь Ү гэх залууд өгсөн, ямар нэгэн үнэ хөлс аваагүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай хүргэн Ү 2020 оны 10 дугаар сард байхаа, “М ах надад нэг эвдэрсэн мотоцикл өгсөн, тэрийг та очиж аваад ачаад хөдөө гэр рүү дөхүүлээд өгөөч, би мотоциклоо сэлбэнэ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж захиран зарцуулснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэстэй байна.
Бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй энэхүү гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулсан байхыг хуульд заажээ.
Хэрэгт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээний талаар “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-821/1276 дугаартай “... Даюун маркийн мотоцикл, 950,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №315 дугаартай “... мотоцикл /Даюун/, 100,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Бгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №01/88 дугаартай “... Мотоцикл /Даюун маркийн/ 850,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээний талаар зөрүүтэй дүгнэлтүүд авагдсан байна.
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-821/1276 дугаартай Даюун маркийн мотоциклийг 950,000 төгрөг гэж үнэлэхдээ хуучин утасны талаар судалгааны материалд үндэслэн хийж дундаж үнээр, ашигласан хугацааны элэгдэл хорогдол тооцож тогтоов гэсэн тайлангаас үзэхэд утасны үнийг судалж, мотоциклийн үнийг тогтоосон, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... үнэлгээ тогтооход Даюун маркийн мотоциклийн мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, хөрөнгийн зураг байхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс үнэлгээ тогтоох боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичиг ирүүлсэн атлаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №315 дугаартай дүгнэлтээр уг мотоциклийн одоо байгаа зургийг үндэслэн 100,000 төгрөг ...” гэсэн нь, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Бгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №01/88 дугаартай “... 2020 оны 07 дугаар сард манай архивд бүртгэгдсэн байдал, цахим хуудас дахь мэдээ, мэдээллүүд зэргээс үндэслэн ... Мотоцикл /Даюун маркийн/ 850,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хууль тогтоомжид нийцсэн байх зарчим, хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авч, хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангасан байх, хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хуульд заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох, хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байх шаардлага, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, үйлчлүүлэгч нь энэхүү үүргээ биелүүлээгүй зэргээс дээрх дүгнэлтүүдийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт гэж үзээгүй болно.
Хохирогч Б.Г нь удаа дараагийн шүүх хуралдаанд болон энэ удаагийн шүүх хуралдаанд ч мөн “... мотоциклоо 250,000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх тогтвортой өгсөн мэдүүлэг нь эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө үнэлгээчдийн гаргасан үнэлгээгээр бус /үнэлгээг тухай бүр хохирогчид танилцуулсан байна/ өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон 250,000 төгрөгөөр үнэлж байгааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн ба хүний эрхийг тухайлбал хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзээгүй болно.
Өөрийн эд хөрөнгөө үнэлсэн хохирогчийн үнэлгээгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Н.Мд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... шүүгдэгч Н.М нь цэнхэр өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй мотоцикл буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Гд 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх шинжээчдийн дүгнэлт нь хууль зөрчсөн нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай биш бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “... М нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдээгүй, өөрөөр хэлбэл өмчлөгч нь Г гэдгийг мэдээгүй, И унаж яваад үлдээсэн гэх мэдээлэлтэй байсан, завших гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан, хохирол хор уршиг учруулсан байдалд хөнгөмсгөөр найдсан, болгоомжгүй байдлаар хандсан, ХАС үнэлгээ компанийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд оролцогч талуудаас гомдол гаргаагүй байхад оролцогчийн хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг зөрчсөн ...” гэх агуулга бүхий мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Хэдийгээр уг мотоциклийн өмчлөгч хэн болохыг Н.М мэдээгүй боловч түүнийг эзэмшигч И болохыг мэдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь гэрч Члхамын мэдүүлгээр давхар нотлогдсон ба Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “... бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ...” гэж заасан нь өмчлөгчөөс гадна эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсан байхыг хуульчилсан гэж ойлгоно. Энэхүү гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг учраас хөнгөмсгөөр найдах, болгоомжгүй хандах хууль зүйн ойлголт байхгүй гэж үзнэ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Үнэлгээний тухай хууль зөрчсөн үндэслэлээр шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Б.Гы нэхэмжилсэн 250,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Б.Гы 250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Г нь эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА