Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

   

                                 

   

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /цахимаар/,

         Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2219000000013 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Ц.М

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ц.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 154-09 тоотод байрлах өөрийн гэртээ П.Ганзоригийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь дух ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хохирогч П.Ганзоригтой нэг байгууллагад ажилладаг. Нэгнээ бага байхаасаа мэднэ. П.Ганзоригтой ойрын хугацаанд уулзаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уулзаад, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Ганзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй ...” гэв.

          Хохирогч П.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... М, Мөнх-Эрдэнэ бид гурав 1 шил архи хуваан уусан. Архи ууж байтал Мөнх-Эрдэнэ нь эхнэрээ гэртээ хүргэж өгөхөөр Мын гэрээс гараад явсан. Мын эхнэр нь амарсан байсан. Том өрөөнд нь М бид хоёр хоорондоо юм яриад сууж байтал М юм хэлээгүй шууд л нүүрэн хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгээд хамраас цус гараад байж байтал гаднаас Мөнх-Эрдэнэ орж ирээд юу болсон талаар асуугаад намайг гэрт хүргэж өгсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байгаа, цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг бүрэн барагдуулж авна. Одоогоор надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй, баримтыг шүүхэд гаргаж өгнө ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 49 дүгээр хуудас/,

          Гэрч П.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж, дүү Ганзоригтой уулзахад Ганзоригийн 2 нүд хөхөрч хавдсан, хамар нь далийсан, духны гол хэсгээр хамар хэсгээр унжсан байсан. Юу болсон талаар асуухад Ганзориг “манай найз гэртээ байхад хөдөөнөөс ирлээ хамт хоол идье гэж дуудаад хоолонд ороод, тухайн айлын гэр рүү нь явж архи уугаад, тэр архи уусан хүн нь цохисон” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

           Гэрч Б.Сэржмядагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай гэрт очоод би хоол цай хийж өгөөд унтсан. Нөгөө өрөөнд манай нөхөр болон Мөнхөө, Зоригоо, Төгсөө нар юм яриад үлдсэн. Тэгээд унтаад маргааш өглөө нь босоход манай гал тогооны өрөөний шал, угаалгын өрөөний шал цус болсон байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад шөнө Зоригоо ахтай бага зэрэг маргалдсан, яг юу болсныг тодорхой санахгүй байна гэж хэлсэн  ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар 09-ний өдөр ... Мөнхөө ах утсаар залгаад Их соёнгийн хоолны газар дуудсан. Би хувцсаа солилгүй Их соёнд очиход Мөнхөө ах хүүхдийнхээ хамт бас Ганзориг ах сууж байсан. Тэгээд хоолоо идчихээд ойрд уулзаагүй учир караоке орж, 0,700 граммтай Эдэн архи 2 шилийг уугаад байж байхад манай эхнэр Сэржмядаг ирсэн. Ирээд жоохон сууж байгаад Ганзориг ах, Мөнхөө ах бид нар манай гэр рүү явахаар болсон. Манай гэрт Мөнхөө ах, Ганзориг ах бид 3 нэг литрийн Эдэн архи уусан. Архи ууж байтал Мөнхөө ах эхнэрээ хүргэж өгнө гээд манай гэрээс гарсан. Манай эхнэр нөгөө өрөөнд унтаж байсан. Том өрөөнд Ганзориг ах бид 2 юм яриад сууж байсан. Мөнхөө ах гарахдаа гэрийн шалан дээр аарцны ундаа асгасан байсныг би арчаад сууж байсан чинь Ганзориг ах миний өөдөөс уурлаад байсан. Тэгээд л би согтуу байсан учир хамрын дээд хэсэгт нь 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 27-28 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/045 дугаартай “... П.Ганзоригийн биед дух яс, баруун хацар яс, хоёр нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хамрын мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан дух ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Учирсан хоёр нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хамрын мурийлт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Ц.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 154-09 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч П.Ганзоригийн нүүрэн тус газар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь дух ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүнд хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Ц.Мын үйлдлийн улмаас хохирогч П.Ганзоригийн эрүүл мэндэд дух ясны хугарал бүхий хүнд, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр, хоёр нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хамрын мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/045 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, шинжилгээтэй холбогдуулан тайлбар өгөх хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Ц.М нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед дух ясны хугарал бүхий хүнд, баруун хацар ясны хугарал бүхий хүндэвтэр, хоёр нүдний ухархайн яс, хамар ясны хугарал, хамрын мурийлт бүхий хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Ц.М нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч П.Ганзориг нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, төлбөр тооцоо дууссан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 61, 84 дүгээр талд авагдсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо авсан гэх хариу тайлбар өгсөн болно.

          Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний төлбөр  4,000,000 төгрөгийг хохирогч П.Ганзоригт төлж барагдуулсан, хохирогчоос хохирол, төлбөргүй болохоо мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Ц.Мд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

            Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг хуульд заахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг прокурор хянах, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг шүүх хянаж байхыг хуульчилсан ба хуулийн энэхүү заалтаар хянахад хохирогч П.Ганзоригийн эрүүл мэндэд учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэл хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хуульд заасны дагуу прокурорт гаргаж, прокурор уг хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээг 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулахад яллагдагч хүлээн зөвшөөрсөн, энэ талаар хохирогч П.Ганзориг шүүгдэгчийн хүсэлтийг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж, гомдол санал байхгүй болохоо илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 84 дүгээрт авагдсанаас үзэхэд хохирогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийн эдийн засаг, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.5 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.М нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Шүүгдэгч Ц.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хохирогч П.Ганзориг нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч       Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА