| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00528/И |
| Дугаар | 592 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 592
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 6-14 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, регистрийн дугаар:ОИ79021708, Тугтан овогт Цэвээний Отгоны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-12 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, регистрийн дугаар:ОЙ77111216, Бөгүүд овогт Сүрэнжавын Батсуурьт холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Отгон, хариуцагч С.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Батсуурьтай 2001 онд танилцаж 2002 онд гэр бүл болсон бөгөөд би тэр үед 3 настай охинтой байсан юм. Бид хамт амьдрах хугацаандаа би жирэмсэн болж намайг 8 сартай байхад нөхөр маань аймаг руу шүдээ эмчлүүлэхээр яваад эргэж ирээгүй. Улмаар 2003 онд хүү маань төрж одоо 2 хүүхдийн хамт ээжийнхээ гэрт амьдарч байна. Нөхрөө хайж сурагласан боловч нэг эмэгтэйтэй хамт явсан байсан юм. Хүү маань 14 настай, надад 2 хүүхдээ өсгөх амаргүй байсан. Цаашид С.Батсуурьтай эргэж нийлэх бодолгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүг маань миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2003 онд гэрээсээ явснаас хойш дахиж ирээгүй, хүүхэдтэйгээ ч уулзаж байгаагүй. С.Батсуурь нь хүүхдээ төрөхөөс өмнө салаад явсан ба би хүүгээ өөрөө овоглосон юм” гэжээ.
Хариуцагч С.Батсуурь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Отгоны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Ц.Отгонтой гэр бүл болж 1 жил шахам болоод шүд өвдөж эмчилгээ хийлгэхээр Улаангом явсан. Намайг Улаангомд байхад Ц.Отгон өөрийн гэрлүүгээ яваад буцаж ирээгүй. Би очиж уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Надтай уулзахгүй байж байгаад 2 сарын дараа намайг тэмээ хайгаад явсан хойгуур ах дүүгээтэйгээ ирээд өөрийн эд хөрөнгөө аваад явсан байсан. Би хүүхдээ бодоод эргэж амьдрах талаар Ц.Отгонтой ярилцахад надтай дахин хамт амьдрахгүй гэсэн. Энэ 10 гаруй жилийн хугацаанд алдаж, эндэж аав, ээжийгээ их зовоосон. Би 4 жилийн өмнө осолд орж тархи толгойдоо хүнд гэмтэл аваад Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын тасагт 3 сар орчим хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо байнга эмчийн хяналтад байдаг ба групптэй, хөдөлмөрийн чадвараа алдсан. Би амьдралын шаардлагаар хамтран амьдрагчтай байсан нь үнэн. Одоо ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Би хүүхдээ төрснөөс нь хойш огт хараагүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгон нь хариуцагч С.Батсууриас гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц.Отгон, С.Батсуурь нар 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Энхбаяр төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2003 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, хүүхдийн санал болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү О.Энхбаярыг эх Ц.Отгоны асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү О.Энхбаярыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Батсууриар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Отгоныг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.792 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Бөгүүд овогт Сүрэнжавын Батсуурь, Тугтан овогт Цэвээний Отгон нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Энхбаярыг эх Ц.Отгоны асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-д зааснаар хүү О.Энхбаярыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.Батсууриар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Отгоныг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.792 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР