Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 593

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 47-30 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар:УС61070903, Боржигон овгийн Хуушааны Юмсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Юмсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Х.Юмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1961 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 56 настай. Би 1978 онд Увс аймгийн Наранбулаг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн ХАА-н техникумд зоотехникч мэргэжлээр элсэн суралцаж, тус сургуулийг 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зоотехникч мэргэжлээр төгссөн. Ингээд 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд зоотехникчээр 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтэрт бичилт хийгдсэн боловч 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох архиваас олдохгүй байгаа. Намайг Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн зоотехникчээр томилсон Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалд миний нэрийг Хуушааны Нямсүрэн гэж буруу бичсэн байдаг юм. Иймд миний 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х.Юмсүрэн нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 1 дүгээ сарыг дуустал зоотехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалд “Дунд мэргэжлийн зоотехникчээр товчооны шийдвэрийг үндэслэн Хуушаан овогтой Нямсүрэнг 1982 оны 5 дугаар сарын 3-наас эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,

2. Хуушааны Юмсүрэнд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалаар зоотехникчийн ажилд томилж, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн талаар бичилт хийгджээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн Хуушааны Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал зоотехникчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Хуушааны Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1991 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал зоотехникчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн 1992 оны тушаал, Дундын зоотехникчийн 1992 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул хуушаан овогтой Юмсүрэнгийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

6. Гэрч Г.Даваасамбуугийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд нягтлан бодогчоор 1985 он хүртэл, 1985 оноос 1990 оны 6 дугаар сар хүртэл Ахуй үйлчилгээний төвд нягтлан бодогчоор, 1990 оны 6 дугаар сараас Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд нягтлан бодогчоор 1992 оны 4 сар хүртэл ажиллаад “Алдар” ББХК-д 1994 оныг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Х.Юмсүрэн нь 1983 онд намайг цэргийн алба хаагаад ирэхэд Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан бөгөөд 1990 онд намайг Ахуй үйлчилгээний төвөөс “Пионер” нэгдэлд шилжихэд мөн л зоотехникчээр ажиллаж байгаад 1992 онд нэгдэл тарахад ажлаас чөлөөлөгдсөн хүн байгаа юм. Би нэгдлийн мал аж ахуй хариуцсан нягтлан бодогч байсан бөгөөд нэгдлийн 5-6 зоотехнихчдээ бүгдийг нь сайн таньж мэддэг, тэдний ажилд нь хяналт тавьж ажилладаг байлаа” гэх мэдүүлэг,

7. Гэрч Г.Даваасамбуугийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Х.Юмсүрэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг дуустал зоотехникчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргын 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, Х.Юмсүрэнд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалаар зоотехникчийн ажилд томилж, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн талаар бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн Х.Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал зоотехникчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, мөн тасгаас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Х.Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1991 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал зоотехникчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Г.Даваасамбуугийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Х.Юмсүрэнгийн 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот ажилд томилсон тушаалд түүний нэр нь Х.Нямсүрэн гэж бичигдсэн байгаа боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилсон тушаалыг 1982 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот гэж бичигдсэн байгаа ба энэ нь ажилд томилсон тушаалын он, сар, өдөр, дугаартай тохирч байсан тул нотлох баримтаар үнэлсэн болно.

      Иймд нэхэмжлэгч Х.Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг дуустал 9 жил, 8 сар, 27 хоног зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Юмсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Хуушааны Юмсүрэнгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарыг дуустал 9 /ес/ жил, 8 /найм/ сар, 27 /хорин долоо/ хоног зоотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Юмсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР