Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн 2119002180033 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Б.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны гудамжны 02-12 тоотод оршин суух О.Сайханбилэгийн фейсбүүк цахим хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, цахим хаягийг нь ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “маргааш болтол мөнгө зээлүүлээч” гэж хохирогч А.Бямбадуламаас 50,000 төгрөг, хохирогч Б.Баяржавхлангаас 30,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5431125264 тоот дансанд шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Надад яаралтай мөнгөний хэрэг гараад нэг хүүхдээс яаж мөнгөтэй болох талаар асуухад бусдын фейсбүүк хаягийг ашиглан мөнгө авах аргын талаар зааж өгсөн. Тэр хүүхдээс туслалцаа аваад “Sainbileg Otgon” гэх хүний фейсбүүк рүү нь нэвтэрч ороод А.Бямбадулам, Б.Баяржавхлан нараас мөнгө авсан ...” гэв.

          Хохирогч А.Бямбадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим миний aba aba нэртэй фэйсбүүк хаягт “маргааш өдөр болтол мөнгө зээлүүлээч” гэсэн утгатай чат ирсэн. Тэр чатын дагуу 50,000 төгрөгийг Б гэх хүний нэртэй 5431125264 тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь манай нөхөр надаас “Чи Сайнаа руу мөнгө шилжүүлсэн бил үү, Сайнаагийн фэйсбүүк хаяг нь бусдад хакердуулсан гэж байна ш дээ, чи залилуулчихсан юм биш үү” гэж байсан  ... Хохирол 50,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 17, 70 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим хамт ажилладаг Сайнбилэг гэх хүний фэйсбүүк хаягаас миний buyayulzii bayarjawhlan фэйсбүүк хаягт “түр 50,000 төгрөг зээлүүлчих, өглөө эрт өгнө” гэсэн утгатай чат ирсэн. Тэр чатны дагуу өөрт байсан 30,000 төгрөгийг Б гэх хүний нэртэй 5431125264 тоот дансанд шилжүүлсэн. Маргааш өглөө нь Сайнбилэг ахаас “Та нөгөө өглөө өгнө гээд байсан өчигдрийн зээлсэн мөнгөө яасан ахаа” гэж асуухад “чи залилуулчихсан байна ш дээ, миний фэйсбүүк хаягийг хэн нэгэн хүн хакердаж ороод хүмүүсээс авсан байна, одоогийн байдлаар чамтай нийлээд 2 хүн байна” гэж байсан ... Хохирол 30,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 69 дүгээр хуудас/,

           Гэрч О.Сайнбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед өөрийн утсаар фэйсбүүк ороод байж байтал шууд автоматаар орохоо болиод эхэлсэн.  Миний өөрийн Sainbileg Otgon гэх нэртэй нууц кодыг нь би өөрийн утасны дугаараар хийсэн байсан. Манай ажлын газрын Жавхланбаяр, манай ажлын газрын хүний эхнэр Бямбадулам гэх хоёр хүнээс мөнгө шилжүүлж авсан байсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө ажил дээрээ очсон чинь манай ажлын Жавхланбаяр “та өчигдөр зээлсэн 30,000 төгрөгөө яах гэж байна” гэж асуухаар нь би “юун мөнгө вэ” гэж асуусан чинь “та өчигдөр орой над руу чат бичээд зээлсэн” гэж хэлээд надад өчигдөр миний фэйсбүүк рүү хууль бусаар нэвтрэн орж, миний өмнөөс миний эргэн тойрны ойр дотны болон ажлын газрын хүмүүс рүү чат бичиж мөнгө залилан авсан байсан. Тэгсэн манай ажлын газрын хүн болох Баатархуяг нь бас над руу чи өчигдөр чат бичээд надаас 50,000 төгрөг авсан яах гэж байсан юм гэхээр нь бас мөнгө залилуулсан гэдгийг нь мэдсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... хамгийн анх миний танил дүү Бишрэлт 2021 оны 08 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхэн үед гэж санаж байна, фэйсбүүк цахим орчинд Порно зарна гэсэн утга бүхий зарыг хуурамч аккаунтаас байршуулсан. Зарын дагуу тухайн хуурамч хаягт холбогдсон хүмүүсээс ашигладаг гар утасных нь дугаарыг аваад тухайн дугаараар нь фэйсбүүк хаягийнх нь нэвтрэх нэр хэсэгт оруулан нууц үгээ мартсан цэсийг идэвхжүүлдэг. Буцаад дугаараа өгсөн хүмүүсээс нууц үг сэргээх 6 оронтой кодыг авч, фэйсбүүк цахим хаягт нь нэвтэрдэг. Нэвтэрч ороод тухайн фэйсбүүк хаягийн найз нөхдөөс нь “30 минутын хугацаатай 100,000-300,000 төгрөг зээлээч, зээлийнхээ аппыг төлөөд нэмж зээл аваад өгье” гэсэн утга бүхий чатыг явуулсан мөнгө авдаг аргыг заалгасан. Энэ аргын дагуу би бие дааж ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын эхэн үеэс хийж эхэлсэн. Сайнбилэг, Sainaa гэх утгатай орж ирсэн мөнгө энэ аргын дагуу Сайнбилэг гэх хүний фэйсбүүкийн найзуудаас авсан 80,000 төгрөг байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын эхэн үеэс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бие дааж, ганцаараа ойролцоогоор 20 орчим хүний фэйсбүүк хаягт дээрх аргыг ашиглан нэвтэрч байсан. Бишрэлттэй хамтарч, 1-2 удаа хийж байсан санаж байна. Би энэ аргыг ашиглаж, хүмүүсээс мөнгө авахдаа зөвхөн өөрийн 5431125264 тоот дансаараа хамгийн багадаа 30,000 төгрөг, ихдээ 500,000 төгрөг, нийт 2-3 сая орчим төгрөгийг авсан байх. Бишрэлт энэ аргыг ашиглаж, хэзээнээс эхэлж хүмүүсээс мөнгө авдаг байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө дансаар авдаггүй, гэхдээ Бишрэлтэд өөрийнх нь нэр дээр биш, өөр хүний карт байдаг. Тэр дансаар авдаг санаж байна ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 66-67 дугаар хуудас/,

          Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/5360/641 тоот “Хаан банкны 5431125264 тоот дансыг Бат-Өлзийн Б /ГЮ00281811/ нь эзэмшдэг ...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Б.Бын Хаан банк дахь 5431125264 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 26-35, 91 дүгээр хуудас/,

          Хохирогч А.Бямбадуламын Хаан банк дахь 5360300053 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны гудамжны 02-12 тоотод оршин суух О.Сайханбилэгийн фейсбүүк цахим хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, цахим хаягийг нь ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “маргааш болтол мөнгө зээлүүлээч” гэж хохирогч А.Бямбадуламаас 50,000 төгрөг, хохирогч Б.Баяржавхлангаас 30,000 төгрөгийг тус тус Хаан банкны 5431125264 тоот дансанд шилжүүлэн авч, залилсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжүүдийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч А.Бямбадулам, Б.Баяржавхлан нар нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, төлбөр тооцоо дууссан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 89, 90 дүгээр талд авагдсан болно.

          Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Бямбадуламд 50,000 төгрөгийг, хохирогч Б.Баяржавхланд 30,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нараас хохирол, төлбөргүй болохоо мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.Бад ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан эд материалын хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого олох боломж, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засгийг бодолцон оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, танил найз нөхдүүдийг хооронд нь төөрөгдөлд оруулж, нэг найз нь нөгөө найзаасаа түр хугацаагаар мөнгө зээлж байгаа мэтээр өмчлөгчийн эд хөрөнгийг залилан мэхэлж, хохирогч нарт нийт 80,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жастын 49б байрны 57 тоотод байрлах өөрийн гэртээ гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Бад холбогдох хэрэг нь хуулийн дээрх заалтаар адил шатны өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн, бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй гэж шүүх үзсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйл, 36.5 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА