| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2022/0036/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/43 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2219000030031 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ...... тоотод гар утсаар pokerrrr2 Тамга покер клуб гэх фэйсбүүк цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 1,609,321 төгрөгийн ашиг хууль бусаар олсон,
Мөн Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ...... тоотод Айфоне 8 плас загварын гар утсаар Рokerrrr2 аппликэйшнийг ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 7,036,993 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2020 онд аппликейш ашиглан покер тоглуулж болох талаар зар дээрээс харсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр андройд утасны плэестороос онлайн покер тоглоом зохион байгуулах “Рokerrrr2” нэртэй аппликейшнийг татаж аваад, тухайн тоглоомыг хэрхэн тоглуулах талаар зөвлөмж мэдээлэл авсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тоглуулъя гэж бодсон. Энэ хугацаанд 14-15 орчим хүн тогтмол тоглож байсан. Эхнэр бид хоёр хүүхэдтэй болж чадахгүй, мөн дээрээс нь банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй болохоор цалин хүрэлцэхгүй мөнгөний асуудалтай байсан болохоор покер тоглуулж эхэлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд эхнэрийг өөрөө хүүхэдтэй болох боломжгүй, мэс заслын аргаар хүүхэдтэй болох боломжтой, эмчилгээ хийлгэхэд 28,000,000-32,000,000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн. Мөрийтэй тоглоом тоглуулснаар цалингийнхаа хажуугаар нэмэлт орлоготой болох боломжтой гэж бодсон. Хууль зүйн мэдлэг дутмаг болохоор хууль бус үйлдэл гэдгийг нь мэдэлгүй тоглуулсан. Эхлээд данс хаагдахад банканд очиж эхнэрийн дансыг аваад үргэлжлүүлэн тоглоомоо тоглуулсан. Дараа нь эхнэрийн данс хаагдахад найз нар луугаа залгаж болсон үйл явдлын талаар хэлж асуухад хуулиар хориглосон зүйл болохоор банкнаас дансны гүйлгээнд барилт хийдэг талаар хэлсэн. Тэгээд болохгүй зүйл гэдгийг нь мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байх Замын-Үүд сумын цагдаагийн газраас эхнэр лүү залгаж, мэдүүлэг өг гэж дуудсан. Мөн намайг бас очиж мэдүүлэг өг гэж дуудсан гэж эхнэрт хэлсэн байсан. Би 2021 оны 12 дугаар 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл покер тоглоомыг тоглуулсан. Би 20 хоног ажиллаад 10 хоног амардаг ээлжийн ажилтай. Хэрэгт холбогдсоноос ажилдаа явж чадахгүй байгаа, ийм зүйл болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргээс болоод сэтгэл санаа болон ажил, амьдралын ололт амжилтаараа хохирсон. Тиймээс цаашид цахим хэрэгсэл ашиглан покер тоглоом тоглуулахгүй, мөн бусдад уриалахгүй ...” гэв.
Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр андройд утасны плэестороос онлайн покер тоглоом зохион байгуулах Рokerrrr2 нэртэй аппликэйшнийг татсан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл 9 өдөр тоглуулсан. Энэ хугацаанд 14-15 орчим хүн тогтмол тоглож байсан. Би тоглоомыг зохион байгуулахдаа ........, ........ тоот дансаараа тоглуулдаг байсан. Тоглоомтой холбоотойгоор яг хэдэн төгрөг миний дансаар орж гарсныг сайн санахгүй байна. Тоглуулаад нэг хонож байхад миний ........ тоот данс гүйлгээ хийх боломжгүй болсон. Тэгээд эхнэрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг байсан учир эхнэрийн ........ тоот дансаар үргэлжлүүлэн тоглуулж эхэлсэн. Эхнэрийн данс дахиад тоглуулж эхлээд 7 хоногийн дараа бас хаагдсан ... Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ...... тоотод буюу ээжийндээ байхдаа зохион байгуулсан ... Би тухайн үед өөрийн Айфоне 8 плас загварын гар утас ашигласан ... ойролцоогоор 2,800,000 орчим төгрөгийн ашиг олсон ... Рokerrrr2 аппликэйшн тоглохын тулд нэг ширээнд 9 хүнийг би өөрөө бүртгэн оруулж, өөрийн эзэмшлийн ........ тоот данс руу ширээний эрх болох нэг хүний 80,000-100,000 төгрөгийг хүлээн авч, тоглогчдод тоглох эрх олгон тоглоомыг эхлүүлдэг. Тоглоом эхлээд хамгийн эхний тоглолтыг хожсон хүнд нь би өөрөө хувиасаа 100,000 төгрөгийн шагнал олгон, тоглогчдыг урамшуулан тоглоомыг үргэлжлүүлдэг. Нийт тоглогч нар 90 минут тоглож дуусаад, тоглогч нар өөр өөрийн эзэмшлийн хувийн данс руугаа хожсон мөнгө болох 240,000-350,000 төгрөгийг шилжүүлэн авах зарчмаар тоглодог ба нэг тоглолт 90-140 минутын хооронд үргэлжилдэг ... Мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан ........ тоот дансанд 7,036,993.39 төгрөг дансанд хязгаарлагдсан байгаа. Энэ мөнгө бол мөрийтэй тоглоом зохион байгуулахад оролцсон иргэдийн цэнэглэлт хийсэн мөнгө болон тоглоом зохион байгуулж байхдаа олсон ашиг юм ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15, 33, 58-61, 82, 91 дүгээр хуудас/,
Гэрч Я.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын дундуур миний найз залуу Б надаас дансыг чинь ашиглах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Хаан банк дахь ........ дугаартай дансны мобайл банкны код, нууц үгээ өгсөн. Би Бд дансаа өгснөөс хойш миний ........ дугаарын утсанд мессежээр 100,000 төгрөгөөр орлого ч ороод, зарлага ч гараад, би санаа зовж байсан. Би найз залуугаасаа “юун мөнгө вэ” гэж асуухад “би өөрөө мэдэж байна, санаа зоволтгүй” гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй Б надад “чиний дансыг битүүмжлүүлчихлээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь яагаад битүүмжилсэн талаар асуухад Б надад “миний Хаан банкны дансыг битүүмжилсэн, чиний дансыг битүүмжилчихлээ, би онлайнаар покер тоглуулсан юм, энэ л болохгүй юм хийгээд байх шиг байна, одоо больё” гэж надад хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бы эзэмшдэг Хаан банк дахь ........ дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн “... Б.Б нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан гэх Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд нийт 208 удаагийн гүйлгээгээр 22,264,400 төгрөгийн орлого, 52 удаагийн гүйлгээгээр 20,655,079 төгрөгийн зарлага хийгдсэн байна. Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд орсон 22,264,400 төгрөг нь гэрч Б.Бы цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад тоглосон иргэдийн цэнэглэлт хийсэн мөнгө болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна. Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд 20,655,079 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба тухайн мөнгө нь мөрийтэй тоглоомд оролцсон хүмүүст хонжвор хэлбэрээр олгосон байх ба нийт 1,609,321 төгрөгийг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон хууль бус орлого гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хаан банкны ........ дугаарт данснаас хувийн хэрэгцээнд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд зарцуулсан орлого, зарлага хийгдээгүй болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна. Хаан банкны ........ дугаарт данснаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд банкны шимтгэлээр 18,000 төгрөг зарлагадсан, анх тоглоом зохион байгуулахад байсан үлдэгдэл 955,252 төгрөг, тоглоом зохион байгуулаад олсон ашиг болох 1,609,321 төгрөгтэй нийлээд, 2,500,000 орчим төгрөг банкны барилтаар байгаа нь тогтоогдож байна ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/,
Гэрч Я.Эийн эзэмшдэг Хаан банк дахь ........ дугаарын харилцах дансанд үзлэг хийсэн “... Б.Б нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан гэх Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхний үлдэгдэл 943,39 төгрөгтэй байна. Үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд нийт 67,358,500 төгрөгийн орлого, зарлага 60,320,563.22 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд орсон 67,358,500 төгрөг нь гэрч Б.Бы цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахад тоглосон иргэдийн цэнэглэлт хийсэн мөнгө болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна. Хаан банкны ........ дугаарт дансанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 60,320,563.22 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба тухайн мөнгө нь мөрийтэй тоглоомд оролцсон хүмүүст хонжвор хэлбэрээр олгосон мөнгө байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулахад цэнэглэлт хийсэн иргэдийн мөнгө болох 67,358,500 төгрөгөөс хонжвор хэлбэрээр олгосон гэх 60,320,563.22 төгрөгийг хасахаар 7,037,936.78 төгрөг үлдэх ба тухайн мөнгөнөөс эхний үлдэгдэл болох 943,39 төгрөгийг хасахаар тус дансанд хязгаарлагдсан 7,036,993.39 төгрөгийг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон хууль бус орлого гэж үзэхээр байна ...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №529 дугаартай “... Гар утас /Айфоне 8 плас/, 600,000 төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,
Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 50/11865 дугаартай “........ тоот дансыг ЕС84021010 регистрийн дугаартай Буянтын Б эзэмшдэг байна ...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 50/11860 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1354 дугаартай прокурорын зөвшөөрөлд дурдсан ........ тоот дансны зарлагын гүйлгээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хязгаарласан болно” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 50/12006 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1431 дугаартай прокурорын зөвшөөрөлд дурдсан ........ тоот дансны зарлагын гүйлгээг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хязгаарласан болно” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 50/12023 дугаартай “........ тоот дансыг ЕЭ80110769 регистрийн дугаартай Ягаанхүүгийн Эрдэнэчимэг эзэмшдэг байна ...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ...... тоотод гар утсаар pokerrrr2 Тамга покер клуб гэх фэйсбүүк цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 1,609,321 төгрөгийн хууль бус орлого олсон,
Мөн Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ...... тоотод Айфоне 8 плас загварын гар утсаар Рokerrrr2 аппликэйшнийг ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 7,036,993 төгрөгийн хууль бус орлого олсон үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Б.Бы Хаан банк дахь ........ тоот дансанд битүүмжлэгдсэн 1,609,321 төгрөг, Я.Эийн Хаан банк дахь ........ тоот дансанд битүүмжлэгдсэн 7,036,993 төгрөг, нийт 8,646,314 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600,000 төгрөгийн үнэ бүхий, Айфоне 8 плас маркийн гар утсыг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600,000 төгрөгийн үнэ бүхий, Айфоне 8 плас маркийн гар утсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Мөрдөгчийн саналыг үндэслэн Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1354 дүгээр зөвшөөрлөөр ХААН банк дахь Б.Бы эзэмшдэг ........ тоот данс, Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1431 дугаар зөвшөөрлөөр ХААН банк дахь Я.Эийн эзэмшдэг ........ тоот дансны шилжилт, зарлагын хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудсыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авсугай.
4.Шүүгдэгч Б.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Мөрдөгчийн саналыг үндэслэн Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1354 дүгээр зөвшөөрлөөр ХААН банкан дахь Б.Бы эзэмшдэг ........ дугаарт данс, Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1431 дугаар зөвшөөрлөөр ХААН банкан дахь Я.Эийн эзэмшдэг ........ дүгээрт дансны шилжилт, зарлагын хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж гүйцэтгэх хуудсыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн өдрөөс хүчингүй болгосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Б.Бы Хаан банк дахь ........ тоот дансанд битүүмжлэгдсэн 1,609,321 төгрөг, Я.Эийн Хаан банк дахь ........ тоот дансанд битүүмжлэгдсэн 7,036,993 төгрөг, нийт 8,646,314 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 600,000 төгрөгийн үнэ бүхий, Айфоне 8 плас маркийн гар утсыг худалдан борлуулж улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА