Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

                             

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02986 0047 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ү овгийн М.А, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д түр ажиллаж байгаа гэх, ам бүл гурав, хоёр охины хамт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 93 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

-Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 cap баривчлах ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** дүгээр Цэргийн ангийн 1 дүгээр гудамжны 22 тоотод тодорхой шалтгаангүйгээр хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд халдаж, тосгуураар нүүрэн тус газар нь цохиж, хамарт шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ү овгийн М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** дүгээр Цэргийн ангийн 1 дүгээр гудамжны ** тоотод согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч С.Б-ийн нүүр лүү тосгуураар цохиж, биед нь хамрын шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал), хохирогч С.Б-ийн: ”...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, *** дүгээр Цэргийн ангийн ** тоотод С, Б бид нар 0.5 литрийн Хараа нэртэй архи 3 шилийг хувааж уугаад би гэрийн зүүн талын орон дээр унтаж байхад Б гэх ах намайг босгож ирээд галын урд байсан тосгуураар миний хамар руу цохиод авсан, ямар учраас цохиж авсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 18 дахь тал), гэрч М.Б-ийн: “...манай төрсөн дүүгийн нөхөр Ж, С.Б , манай охин О нар байхад А ах гаднаас согтуу орж ирсэн. Бид сууцгаагаад нэг шил архи уугаад С.Б  унтах гээд хэвтсэн. Гэнэт А ах С.Б  рүү манай гэрийн төмөр тосгуур аваад шидсэн чинь Б-ийн хамрыг оноод гэмтээсэн. ...Тухайн үед ямар нэгэн маргаан гараагүй. Гэнэт л ийм зүйл болсон. Манай ах согтуудаа согтуурхаад шидсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11735 дугаартай: “...С.Б-ийн биед хамарт шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч М.А нь яллагдагчаар: “...Би төрсөн дүү Б-ээс мөнгө авахаар очиход дүү Б, хүргэн Ж, дүү О, мөн С.Б  нар байсан. Хүргэн Ж, С.Б  нар архи уугаад сууж байсан. Би ууж байсан архинаас нь хамт уугаад С.Б-ийг орон дээр хэвтэхээр нь хогийн тосгуур аваад шидчихсэн чинь хамрыг нь оноод гэмтээсэн. ...Тухайн үед би С.Б-тэй маргалдсан зүйл гараагүй...” гэж (хавтаст хэргийн 64 дэх тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй..

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.А нь бага боловсролтой боловч монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11735 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.А-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.А-ын тосгуураар цохисон үйлдэл болон хохирогч С.Б-ийн нүүрэнд учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас шүүгдэгч М.А өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж, улмаар гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч С.С.Б  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 18 дахь тал) гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.А-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлоготой болох нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, эд мөрийн баримтаар хураагдсан тосгуурыг устгах саналтай байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч М.А: “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дахь тал), 2014, 2015 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), үлдэгдэл 5,111,15 төгрөг гэсэн Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 51 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч хэдийгээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч баримтаар нотлогдохгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзээд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр тосгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ү овгийн М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.А-т сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр тосгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.А баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА