Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0155 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овгийн Б.С, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл хоёр, хамтран амьдрагч Б.О-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин *** тоотод байх гэртээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчим хамтран амьдрагч Б.О-т тодорхой ямар нэгэн шалтгаангүйгээр агсан тавьж, тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж, төмөр тогоогоор толгойн тус газар нь 1 удаа цохиж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, С овгийн Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ** тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.О-т тодорхой ямар нэгэн шалтгаангүйгээр агсан тавьж, маргалдаж, төмөр тогоогоор толгойн тус газар нь 1 удаа цохиж, зодон, эрүүл мэндэд зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.       Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Б.О-ээс цагдаагийн байгууллагад гаргасан “хамтран амьдрагч Б.С-д зодуулсан” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Б.О-ийн “...С-той хамтран амьдраад 3-4 жилийн хугацаа өнгөрч байна. Сархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ч, эрүүлдээ ч намайг харааж, доромжилж, зодож, цохидог, 1 удаа баривчилгаанд явж байсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С бид хоёр гэртээ амарч өнжсөн бөгөөд С-д “нүүрсний савыг гадна тавихгүй яасан юм бэ” гэж хэлсэн чинь “би энэ гэрт чинь байх арга алга” гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад нэлээн согтуу орж ирэхээр нь хэвтүүлтэл унтахгүй босож ирээд хэл амаар доромжлоод машины түлхүүр авна гээд байсан. Тэгээд гал дээр тогоонд байсан халаасан усыг аваад тогоотой нь шидсэн. Манай дүү боль гэж хэлэхийн завдалгүй газар унасан тогоог аваад толгойн тус газар нэг удаа цохисон. Түргэн ирж үзээд миний толгойг хагарсан байна гээд 4-5 оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч Б.О-ийн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед гэртээ хүүхдээ хөхүүлээд байж байтал манай хашаанд хамт амьдардаг миний төрсөн эгч О орж ирээд “С согтуу, хэл амаар доромжлоод байна, чи ороод арга эвийг нь олоод унтуулаад өгөөч” гэсэн. Би гэрт нь ороод С-д “чи унтаж амар наад жаахан хүүхэд чинь айж байна” гэж хэлэхэд миний хажууд манай эгчийг “гичий минь орж хов зөөлөө” гэж хэлээд гэрийн зүүн талд байсан резин нь ягаан өнгийн углаашийг авч шидсэн, уг углааш нь эгчийн нүүрэн тус газар цохисон. С-г эгч түлхсэн чинь С урдаас нь доромжлоод хоймрын орон дээр байсан дэр аваад хоёр удаа толгойн тус газар цохихоор нь би очиж салгаад түлхэх хооронд гал дээр байсан тогоотой халуун ус аваад бид хоёрын зүг цацсан. Тэгэхэд халуун ус нь бид хоёрыг оноогүй тогоо нь газарт унасан. С жижиг тогоог аваад эгчийн толгойн тус газар нь нэг удаа цохиход толгой нь хагараад цус гоожсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1050 дугаартай “...Б.О-ийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал), аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 7-19 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.С яллагдагчаар: “...20 цаг өнгөрч байхад ирэхэд эхнэр “чи зайлахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд би зайлсан ч яадаг юм бэ гээд маргалдаж байгаад модон саван дээр байсан жижиг тогоог аваад О рүү шидэхэд толгойг нь онож хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1050 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Б.С, хохирогч Б.О нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.С-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 62-63 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүхийн шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 78-79 дэх тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 68-75 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 48-55 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.        Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С овгийн Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА