Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0189

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: А.Е

        Хариуцагч: ЦЕГД.

      Гуравдагч этгээд: П.Б

     Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГ-ын даргын 2019 оны 0******* сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ны хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажил хүлээлцүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, цахимаар нэхэмжлэгч А.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч А.Е-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч   А.Е-ыг 2018 оны 0******* сарын 15-ны өдөр ЦЕГ-ын дарга б/576 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авч, Баян-Өлгий аймаг дах Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалаас бууруулж, Говь-Алтай аймаг дах Алтай сумын Цагдаагийн хэсгийн даргаар томилсон байдаг.

        Төрийн албаны Цагдаагийн ерөнхий газарт дах салбар зөвлөл "сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй  гэсэн  мөртлөө бусад шийдвэрээ хэвээр хадгалсан байсан” тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

         Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрьн Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг ЦЕГ-ын дарга сайн  дураар биелүүлэхгүй байсан тул ШШГБ-аар албадан гүйцэтгүүлэхээр болсон.

       ЦЕГ-ын дарга нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б/655 дугаартай тушаал гаргаж, шүүхийн шийдвэр биелүүлсэн мэт дүр үзүүлж. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт түүнийгээ тус тус хүргүүлсэн байдаг. Мөн хувийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-д гэсэн боловч С.Н болон А.Е нарын хэнд ч гардуулаагүй, бид өөрсдөө олж мэдсэн.

         Тухайн тушаалд цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг 2019 оны 0******* сарын 26-ны өдөр 1 өдөр Говь-алтай  аймгийн Алтай сум дах Цагдаагийн хэсгийн даргын ажлаас чөлөөлж, 2019 оны 0******* сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг; дах Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын  даргаар томилсугай гэж заасан.

         Гэтэл 2019 оны 0******* сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сум дах Цагдаагийн хэсгийн даргын ажлаа хүлээлгэж өгөхөөр очих тухай /тухайн үед чөлөө авч Баян-өлгий аймагт байсан/-д нь  “... ажил хүлээлцэхдээ түр хүлээж бай...” гээд тэндээ хонуулж / эхнэр 3 настай хүүхдийн хамт очсон байсан. маргаан нь 2019 оны 0******* сарын 27-ны өдөр  “...АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй байж болзошгүй гэсэн үндэслэл бүхий албан бичиг манайд ирүүлсэн тул шүүхийн шийдвэрийн биелүүлэх боломжгүй, иймд сонсох ажиллагаа хийж байна ...” гээд “Ажлаас чөлөөлж томилох тухай” Б/666 дугаартай тушаал гаргасан.

           2019 оны 0******* сарын 27-ны өдөр дээрхи маргаан бүхий тушаалын үндэслэлдээ “... хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн ... 2019 оны 0******* сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 05/6275 дугаартай албан бичгийг үндэслэн...” гэсэн байдаг. Өнөөдрийг хүртэл манай зүгээс дээрхи албан бичгийг олж хараагүй, чухам юуг ашиг сонирхол гэж үзээд байгаа нь тодорхой бус. 2019 оны 0******* сарын 23-ны өдөр гаргасан тушаалдаа яагаад 05/6275 дугаартай албан бичгийг дурдаагүй юм бол? 0******* сарын 27-ны өдрийн тушаалд үндэслэх хэсэг яагаад ашиглав? Гээд олон учир битүүлэг үйл явдал болоод байна.

          Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар болон бусдын өргөдөл, гомдлоор А.Е-ыг 3-4 удаа шалгасан байдаг тэр ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй, мөн А.Е нь жил бүр Авлигатай тэмцэх газар холбогдох  мэдүүлэг, мэдээллээ бүрэн өгч байсан бөгөөд энэ цаг мөчид бусдын өргөдөл. гомдлоор дахин Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна.

      Цагдаагийн ерөнхий газраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр. бидний хүсэлтийг хангах хүсэлгүй болох нь доорхи энгийн жишээнээс харагддаг. Үүнд:

         “... 2019 оны 0******* сарын 28-ны өдөр ЦЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн даргад

       1. Цагдаагийн ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдүүлэг гаргахыг хүссэн албан бичиг.

     2. Авлигатай тэмцэх газар-аас Цагдаагийн ерөнхий газарт ирүүлсэн дээрхи албан бичгийн хариу

    3.2019 оны 0******* сарын 23-ны өдрийн б/655 дугаартай тушаал

     4.2019 оны 0******* сарын 27-ны өдрийн “ сонгох ажиллагаа”-ны тэмдэглэл

     5.2019 оны 0******* сарын 27-ны өдрийн цагдаагийн дэд хурандаа ажил, албан тушаалд томилсон тушаал...”-ыг тус тус гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5б/4981 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө 05/6275 дугаартай албан бичгийг бас л өгөөгүй. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газраас 05/6275 дугаартай    албан бичгийг хуулбарлан өгөөч гэж хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй байна.

       2019 оны 0******* сарын 30-ны өдөр Төрийн албаны Цагдаагийн ерөнхий газар дах салбар зөвлөлд     гомдол гаргахад 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ”... гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, өргөсөн тангаргийг сануулсан. ЦЕГ-ын даргыг хүндэтгэхийг зөвлөсөн агуулгатай 3/300 дугаартай албан бичиг ...“-ийг цахим хаягаар ирүүлсэн.

      ЦЕГ-ын дарга нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дүр үзүүлж биелүүлэхдээ өргөсөн тангараг, албаны нэр хүндээ боддоггүй байж. өөрийн удирдлагад ажиллаж буй хүмүүстээ ийм шаардлага тавьж байгаа нь зохимжгүй байна.

   Асуудлаа шийдвэрлүүлэх гээд Цагдаагийн ерөнхий газраар орохоор Хүний нөөцийн даргаасаа эхлүүлээд, мэргэжилтнүүд нь загнаад байхын ямар дарамттай газар вэ? ямар хэцүү газар вэ? дотооддоо байгууллагын соёл нь ийм бүдүүлэг байгаа юм чинь иргэдэд үзүүлэх үйлчилгээ маш муу байх нь аргагүй юм байна.

     Иймд ЦЕГ-ын даргын зүгээс Цагдаагийн дэд хурандаа А.Е-ны хууль ёсны эрх, ашиг' .сонирхлыг зөрчсөн шинэ захиргааны акт бий болсон тул тухайн актыг хүчингүй болгож манай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан үүсээд 1 жил 8 сар болж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаагүй бөгөөд ЦЕГ-ын Б/666 тоот тушаал гарсан. Уг тушаал илт хууль бус учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн тушаалын алдаануудаас дурдвал “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал гаргасан хэдий ч Цагдаагийн албаны тухай хуулийн 7******* зүйлийн  78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасныг баримталсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасныг баримталсан. Энэ нь миний төрсөн дүүгийн нөхөр болох Х.Ж-ийн эд хөрөнгийг тусгаагүй гэж тайлбарласан нь тус тус алдаа гэж үзэж байгаа. Түүнчлэн тухайн тушаал гарах үед эрхэлж байсан албан тушаал нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй, тэгш шударгаар хэрэгжүүлж болохуйц харш нөлөөлөл үүссэн гэж үзэж байгаа. Гэтэл миний бие тушаал гарах үед Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байсан. Учир нь би ажлаа хүлээлгэж өгөөгүй, надаас ажил хүлээж ч аваагүй байсан. Тодруулбал, миний бие Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн газрын ажил албан үүргийг хүлээж аваагүй байсан.

     2019 оны ******* сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 05/6275 тоот албан бичгээр Замын цагдаагийн тасгийн даргаар томилж болохгүй гэсэн нэг ч үг үсэг байгаагүй. Харин Баян-Өлгийн аймаг дахь Цагдаагийн газрын дэд даргаар томилохоор хэлсэн. Уг тушаалын 3 дахь хэсэгт албан хаагчийн ажил үүргийг  гүйцэтгэх, цалин хөлсийг зохих журмын дагуу тооцож олгохыг харьяа цагдаагийн байгууллагын ахлах гүйцэтгэгчид үүрэг болгохыг зөвшөөрсүгэй гэдэг. Тиймээс энэ мөн адил тушаалын алдаа гэж үзэж байна.

       Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.3 дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заасан заалтуудыг дээрх алдаагаар нотолж байна.

       Мөн миний амьдралын баталгаа болсон Гэр бүлийн тухай хууль зөрчигдөж байна. Учир нь би 4 настай бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань үргэлж намайг хэзээ ирэх вэ, хэзээ явах вэ, хэзээ хамт байх вэ гэх мэтчилэн шаналж байна. Өөрөөр хэлбэл, миний сэтгэл санаа маш тогтворгүй байна. Түүнчлэн манай эхнэр бизнес эрхэлдэг бөгөөд банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Манай гэр бүл Баян-Өлгий аймагт, би Говь-Алтай аймагт 2 хүүхэд маань 2 талд сурдаг. Тиймээс гэр бүлийн эдийн засгийн байдал ч тогтворгүй байгаа учраас дээрх асуудлыг удаа дараа хэлсэн боловч шийдэж өгөхгүй байсаар өнөөдрийн шүүх хуралдааны явцад ч яригдаж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Е-ыг 2018 оны ******* сарын 15-ны өдрийн ЦЕГ-ын дарга Б/576 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авч, Баян-Өлгий аймаг дахь Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалаас буурлуулж, Говь-Алтай аймаг дахь Алтай сумын Цагдаагийн хэсгийн даргаар томилсон байдаг. Төрийн албаны Цагдаагийн ерөнхий газар дахь салбар зөвлөл “сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэсэн мөртлөө бусад шийдвэрээ хэвээр хадгалсан байсан” тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг ЦЕГ-ындарга сайн дураар биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлэхээр болсон.

       ЦЕГ-ын дарга нь 2019 оны ******* сарын 23-ны өдөр Б/655 дугаартай тушаал гаргаж, шүүхийн шийдвэр биелүүлсэн мэт дүр үзүүлж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсэн. Мөн хувийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нд гэсэн боловч надад болон нэхэмжлэгч А.Е-д хэн алинд нь гардуулаагүй тул бид өөрсдөө олж мэдсэн. Тухайн тушаалд Цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг 2019 оны ******* сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн даргын ажлаас чөлөөлж, 2019 оны ******* сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилсугай гэж заасан. Гэтэл 2019 оны ******* сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Цагдаагийн хасгийн даргын ажлаа хүлээлгэж өгөхөөр очих үед нэхэмжлэгч тухайн үед чөлөө авч Баян-Өлгийн аймагт байхад ...ажил хүлээлцэхээ түр хүлээж бай гээд тэндээ 1 хоносон. Тухайн үед эхнэр, 3 настай хүүхдийн хамт байсан. Ингээд маргааш нь 2019 оны ******* сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн үндэслэл бүхий албан бичиг манайд ирүүлсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна. Иймд танд сонсох ажиллагаа хийж байна хэмээн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/666 дугаартай тушаалыг гаргасан.

     2019 оны ******* сарын 27-ны өдөр маргаан бүхий тушаалын үндэслэлдээ “...хувийн ашиг сонирхлын  мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн... 2019 оны ******* сарын 05-ны өдөр Авлигтай тэмцэх газраас ирүүлсэн 05/6275 дугаар албан бичгийг үндэслэсэн...” гэдэг. Улмаар бидний зүгээс Цагдаагийн ерөнхий газар дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Гэтэл ЦЕГ-ын салбар зөвлөлийн гишүүн н.Болд “...харьяаллын хувьд биш байна, мөн гомдол гаргаж байгаа асуудал тань биш байгаа тул цаашдаа ийм асуудлаар дахин битгий гомдол гаргаад бай, ёс зүйн хариуцлага тооцно шүү...” гэсэн агуулга бүхий албан бичгийг өгсөн. Тиймээс нэхэмжлэгч шүүхэд хандсан.

         2019 оны ******* сарын 23-ны өдөр Б/655 дугаартай цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг Баян-Өлгийн аймаг дахь Замын цагдаагийн тасгийн даргаар эргүүлэн тогтоолгох тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү хүргүүлсэн байдаг. Үүнээс хойш 3 хоногийн дараа Б/666 дугаартай тушаалыг гаргасан. Үндэслэл нь Авлигтай тэмцэх газраас “таныг” ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн агуулгаар буцааж, ...Говь-Алтай аймаг дахь Алтай сумын цагдаагийн хэсгийн даргын ажил албан тушаалд томилсон. Мөн Авлигатай тэмцэх газраас 2019 оны ******* сарын 05-ны өдөр А.Е нь ашиг сонирхлын зөрчилтэй, хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөвөөр бөглөөгүй гэсэн агуулгаар албан бичиг ирсэн. Хэрвээ тухайн өдөр уг албан бичиг ирээд 2019 оны ******* сарын 26-ны өдөр гаргасан тушаалынхаа үндэслэл болгосон бол яагаад ******* сарын 23-ны өдөр гаргасан шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүх рүү явуулсан тухайгаа заагаагүй вэ гэдэг асуудал гарч байгаа. Авлигтай тэмцэх газрын албан бичгийг судалж үзэхэд А.Е-ны төрсөн дүү А.Ер-ийн нөхөр Х.Жийн өмчлөлд байсан газар нь тусгай зөвшөөрөлтэй бөгөөд архи согтууруулах ундаа худалдаалах эрхтэй гэх зэрэг зүйлүүдийг А.Е нь хөрөнгө оруулгын мэдүүлэгт мэдүүлээгүй байна гэх үндэслэлийг заасан байдаг.

       Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, мөн хуулийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг, 3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг тус тус хэлнэ гэж тодорхой заасан байна. Тэгвэл хуульд заасны дагуу “хүргэн дүү болон бэр, ах, эгч, дүү” гэж хамааруулж оруулаагүй. Өөрөөр хэлбэл, үүнийг урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт тодорхой заасан бөгөөд заавал авахыг шаардаагүй. Гэтэл Авлигатай тэмцэх газраас явуулсан албан бичигт хүргэн гэж заасан. ЦЕГ-ын дарга тушаал гаргахдаа дээрхийг заасан байдаг.

      Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэлнэ гэж тус тус заасан. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд Х.Жээс орж ирсэн ашгийг хүртдэг болох баримт аль алинд нь байдаггүй. Мөн цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож байгаа, шинээр томилогдож байгаа, ажилчдаасаа урьдчилсан мэдүүлэг авах үүрэгтэй. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлэхдээ санаатайгаар хууль бус үйлдэл гаргадаг. Өөрөөр хэлбэл, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн 170 дугаартай тогтоолоор цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Харин цагдаагийн байгууллагаас урьдчилсан мэдүүлэг явуулахдаа Баян-Өлгий аймгийн цагдаагийн дэд дарга бөгөөд тасгийн дарга гэсэн хүсэлтийг явуулсан. Орон нутгийн цагдаагийн байгууллагад дэд дарга бөгөөд тасгийн дарга гэх албан тушаал нэг л байдаг. Энэ нь тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын бусад тасгийн дарга нар нь дэд даргын албан тушаалын эрх хэмжээг эдэлдэггүй. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаан дээр бидний зүгээс шинэ программ туршиж үзсэн тул программ дээр алдаа гаргасан болохыг үгүйсгэхгүй гэсэн. Цагдаагийн байгууллагаас программын алдааг тухайн байгууллагын алдаа биш учраас учирсан хохирлыг бид хүлээх шаардлага байхгүй гэх агуулгаар хандаж байгаа нь хариуцлагагүй байна. Цагдаагийн байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байгаа гэдэг нь харагддаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ЦЕГ-ын даргад “...таны хийсэн үйлдэл буюу тушаал дүр үзүүлсэн тул шийдвэрийг гүйцэтгэ...” гэдэг ч өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байгаа.

        2019 оны ******* сарын 26-ны өдрийн Б/666 дугаартай тушаалдаа үндэслэл болгосон албан бичиг, 2019 оны ******* сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгүүдийг тус тус цагдаагийн байгууллагаас шаарддаг ч гаргаж өгдөггүй. Учир нь Авлигатай тэмцэх газраас уг албан бичгийг ирүүлсэн учраас Авлигатай тэмцэх газраас авах нь зөв гэдэг. Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас лавлахад бид нар хуульд заасан үүргээ биелүүлж, Цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтийн хүрээнд шийдээд явуулсан тул Цагдаагийн байгууллагаас ав гэдэг. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын эхээр уг албан бичгийг шүүхийн журмаар олж авсан. Нэхэмжлэгч А.Е-ыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо тодорхой бус үндэслэлээр Говь-Алтай аймгийн Алтай суман дахь албан тушаалд томилохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг бүхэлд нь хийж явдаг. Харин гуравдагч этгээдэд хамааруулан сонсох ажиллагаа огт хийгддэггүй. Мөн хамааруулах ёсгүй асуудлуудыг хамааруулж хольж ойлгож байгаа олон асуудлууд байгаа учраас бидний зүгээс хүчин төгөлдөр байгаа 170 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол бүрэн биелэгдээгүй, дүр үзүүлсэн гэж үзэж байна. Тиймээс шинэ захиргааны акт гарсан тул өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалуулахын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Е-ны Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна.

       Нэхэмжлэгч нь ЦЕГ-ын даргын 2018 оны Б/576, А/246 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Баян өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар эгүүлэн томилох шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 81 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 170  дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

    Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан ажилд томилох асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжид1 заасны дагуу ажиллагааг явуулж, ЦЕГ-ын даргын 2019 оны Б/655 дугаар тушаалаар А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон.

   Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилох асуудлыг шийдвэрлэх явцад эрх бүхий байгууллагаас түүний нэр дэвшсэн албан тушаал нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болгох талаар мэдэгдэж, түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзжээ.

      Цагдаагийн албаны тухай хуулийн 7******* зүйлийн 78.1-т “Цагдаагийн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгосон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2019 оны Б/666 тушаалаар Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн даргаар буцаан томилсон.

      Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 170 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд томилох асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажиллагааг явуулж, ЦЕГ-ын даргын 2019 оны Б/655 дугаар тушаалаар А.Е-ыг Баян-Өлгийн аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилох асуудлыг шийдвэрлэх явцад эрх бүхий байгууллагаас түүний нэр дэвшсэн албан тушаал нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болгох талаар мэдэгдэж, түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн албан бичиг Авлигатай тэмцэх газраас ирсэн.

      Цагдаагийн албаны тухай хуулийн 7******* зүйлийн 78.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2019 оны Б/666 тоот тушаалаар Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн даргаар буцаан томилсон. Мөн ашиг сонирхлын зөрчил үүснэ, үүсэхгүй гэх асуудлыг зөвхөн Авлигатай тэмцэх газраас бүх төрийн байгууллагууд тодорхойлолтыг авч албан тушаалтнуудыг томилдог. Түүнчлэн нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчилтэй байна хэмээн яагаад үзсэнийг миний бие Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч биш учраас сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахим санд алдаа гарсан талаар тайлбарлаж байна. Тэгвэл энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр хүн алдаад бичээд явуулсан байх магадлалтай. Харин  техникийн алдаанаас болж, нэхэмжлэгчийг хохироох асуудал цагдаагийн байгууллагад байхгүй. Энэ талаар манай цагдаагийн даргын хүний нөөцийн ахлах мэргэжилтнээс хэргийг шийдвэрлэх гэж байгаа шүүгчид тайлбар хүргүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5б/7127 тоот албан бичгээр тайлбарласан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Түүнчлэн ТТ-12, ТТ-13 дугаар шатлал нь ажилласан жилээс хамаардаггүй.

     Мөн н.Б гэх этгээдэд хувийн ашиг сонирхол үүсэх байсан эсэх асуудлыг шалгуулах эрх нь нэхэмжлэгч талд бүрэн байсан ч шалгаагүй нь одоо ингэж ярих үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь хууль бүх хүнд тэгш үйлчилж байгаа. Харин энэ эрхээ нэхэмжлэгч тал эдлэх бүрэн боломж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хэсгээс зөвхөн өөрт хамааралтай хэсгийг тайлбарласан. Тэгвэл уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, 3.1.6-т “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Тиймээс ЦЕГ-ын даргын 2019 оны Б/666 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн А.Еы нэхэмжлэлтэй ЦЕГ-ын дарга Цагдаагийн хурандаа С.Б-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлд гуравдагч этгээд П.Бийн зүгээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22-дугаар зүйлд зааснаар хариу тайлбар гаргаж байна.

     2019 оны 0******* сарын 27-ний өдрийн ЦЕГ-ын дарга Цагдаагийн хурандаа С.Б-ын Б/666 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэх эрх зүйн акт захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-дүгээр зүйлд заасан:”Нотлох баримтыг үнэлэх” -ыг үндэслэж нэхэмжлэгч А.Еы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг маргаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2019 оны ******* сарын 27-ны өдрийн ЦЕГ-ын даргын Б/666 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар хүчин төгөлдөр шийдвэр биелэгдсэн гэж харж байгаа. Мөн уг тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэх эрх зүйн акт захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Тиймээс 2019 оны ******* сарын 27-ны өдрийн ЦЕГ-ын даргын тушаал хууль зөрчсөн асуудал харагдахгүй байна гэж бодож байна. Учир нь тухайн тушаалыг гаргахдаа Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасныг тулгуурлан Цагдаагийн албаны тухай хуулийн 7******* зүйлийн 78.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заасан.

     Авлигатай тэмцэх газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/470 тоот “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хангасан тухай” ЦЕГ-ын дарга С.Б-д хандсан албан тоот байдаг. Энэ нь Баян-Өлгийн аймаг дахь Цагдаагийн газрын дэд даргаар томилогдохоор нэр дэвшсэн А.Еы хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

       Нэр дэвшигч А.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын ******* баг, Ах хус тау С. ******* гудамжны тоотод байрлал бүхий өөрийн өмчлөлийн газар дээр төрсөн дүү А.Е нөхөр Х.Ж  “R*******” нэртэйгээр “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий үйл ажиллагаа явуулж байгааг мэдүүлгийн “Нэр дэвшсэн нийтийн алба, түүний эрхлэх асуудал, харьяалах нутаг дэвсгэрт байгаа хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй нь дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.

         Түүнчлэн мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү А.Ер-ийн нөхөр Х.Ж нь тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа нь албан үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн төрсөн дүүгийн нөхрийн аж ахуй нэгж дээр харьяалалтай тухайн согтууруулах ундааны зүйлд нэхэмжлэгч хамааралгүй буюу садан төрлийн хамаарал байхгүй. Хүргэн гэдэг өөр төрлийн цустай өөр хүн гэх тайлбарыг өгч байна. Гэтэл Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуульд тухайн эд хөрөнгө нь дундын өмчлөлийн асуудал яригддаг.

      “R*******” “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй” аж ахуй нэгж нь сургуулийн бүсэд байдаг бөгөөд А.Еы дүүгийн газар гэвэл ямар ч албан хаагч очоод шаардлага тавьж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Үүнийг дээд албан тушаалтнууд олж харсан учраас эрх ашгийн зөрчилтэй гэх үндэслэлээр уг тушаалыг гаргасан. Б/666 тоот тушаалыг хүчингүй болгох үндсэн шалтгаанд “нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй, өндөр настай эцэг эхтэй гэж тайлбарладаг ч энэ нь нэхэмжлэгчийн хувийн шалтгаан гэж үзэж байна. Учир нь цагдаагийн алба хаагчид бүгд адил нөхцөл байдалд ажиллаж байгаа. Тиймээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ;

        Нэхэмжлэгч А.Е-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н ЦЕГ-ын даргын 2019 оны 0******* сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ны хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажил хүлээлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0185 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 170 дугаар тогтоолоор Е-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэн 2019 оны 0******* сарын 23-ны өдрийн Б/655 дугаар тушаалаар уг албан тушаалд эгүүлэн томилсон атлаа 0******* сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалаар дахин чөлөөлж өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус гэж, харин хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хэдий ч Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу цагдаагийн дэд хурандаа А.Еы хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгуулахад эрхэлж буй албан тушаал нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдсэн тул уг ажлаас чөлөөлж Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь хэсгийн даргаар буцаан томилсон гэж маргажээ.

       Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг ЦЕГ-ын даргын 2018 оны Б/576 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хууль бус болохыг тогтоож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

       Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 0******* сарын 23-ны өдрийн Б/655 дугаар тушаалаар А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоосон хэдий ч Авлигатай тэмцэх газрын 2018 оны 0******* сарын 05-ны өдрийн 05/6275 дугаар мэдэгдлийг үндэслэн Б/666 дугаар тушаалаар томилсон уг албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд томилсон гэж тайлбарлажээ

     Нэхэмжлэгч А.Е-ыг урьд эрхэлж байсан ажилд томилох асуудлыг шийдвэрлэх явцад эрх бүхий байгууллагаас түүний нэр дэвшсэн албан тушаал нь албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдсэний дагуу өөр ажилд шилжүүлэн томилсон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

        Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 7******* зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтогтодсон, тухайн албан тушаалыг урьд эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно.” гэж тус тус зохицуулжээ.

        ЦЕГ-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/470 дугаар албан бичгээр нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн ашиг сонирхлын зөрчлийн урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсний дагуу Авлигатай тэмцэх газраас 2019 оны 0******* сарын 05-ны өдрийн 05/6275 дугаар албан бичгээр “....Нэр дэвшигч А.Е нь Баян-өлгий аймгийн Өлгий сумын ******* баг, Ар хус тау Сурахбаяр ******* гудамжны 01 тоотод байрлал бүхий өөрийн өмчлөлийн газар дээр төрсөн дүү А.Ер-ын нөхөр Х.Ж-ийн “R*******” нэртэйгээр “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл” бүхий үйл ажиллагаа явуулж байгааг мэдүүлгийн “Нэр дэвшсэн нийтийн алба, түүний эрхлэх асуудал, харьяалах нутаг дэвсгэрт байгаа хамаарал бүхий этгээд” гэсэн хэсэгт мэдүүлээгүй  нь дээрх хуулийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн.

      Түүнчлэн мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү А.Ер-ийн нөхөр Х.Ж нь тухайн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлж байгаа нь албан үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албаны үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна.

        Иймд шаардлага хангасан этгээдийг нэр дэвшүүлэх нь зүйтэй байна.” гэж хариу ирүүлжээ.

   Харин нэхэмжлэгч А.Е болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай АТГ-ын дээрх албан бичгийг хүлээн авч мэдсэн атлаа маргаагүй бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газар “Ажлаас чөлөөлж, томилох тухай Б/666 дугаар тушаалыг гаргахдаа АТГ-ын дээрх 05/6275 дугаар албан бичгийг үндэслэл болгосон байна.

        Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр гаргах үүрэггүй гэж маргаж байгаа хэдий ч энэ тухай тодруулга хүссэн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1032 дугаар албан бичгийн хариуд АТГ-ын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05/1487 дугаар албан бичгээр[1] “...шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдож буй этгээд, хүүхэд асрах чөлөөтэй гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай төрийн албан хаагчдаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй талаар төрийн байгууллага, албан тушаалтанд тусгайлан зөвлөмж хүргүүлээгүй.” тухай хариу ирүүлжээ.

         Түүнчлэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж” нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;”, 3.1.3-д “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албаны үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;” гэж заасанд хамааралгүй этгээд болох хүргэнийг хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзсэн нь хууль бус гэж маргаж байна.

      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.”, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.”, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.6-д “хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалд томилогдох этгээд, цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилох, туршилтын хугацаагаар, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мэдүүлэг гаргах албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч, холбогдох баримт бичгийн хамт Авилгатай тэмцэх газарт нэн даруй хүргүүлнэ.”, энэхүү 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийн 3-ын “Хувийн ашиг сонирхол” гэсэн хэсгийн тайлбарт: ”Нийтийн албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бус нөлөөлөх боломжтой байгууллагад харьяалалтай болон хамааралтай ажил эрхэлж байгаа /байсан/ өрх тусгаарласан эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, эхнэр /нөхөр/, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүсийн талаар бичнэ.” гэж тус тус зохицуулжээ.

      Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзэхэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий этгээд АТГ-т хүргүүлж эрх бүхий байгууллага уг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу ирүүлдэг байна.

      Харин нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий актын үндэслэл болсон АТГ-ын дээрх мэдэгдэлтэй маргаагүй, түүний хууль зүйн үндэслэлийн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад А.Еы хамаарал бүхий этгээд хэн болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

     Түүнчлэн маргаан бүхий тушаалын 2 дахь заалтаар Бийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар томилсныг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

     Өөрөөр хэлбэл хариуцагч ЦЕГ-ын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Цагдаагийн төв байгууллагын дарга алба хаагч, ажилтныг томилж, чөлөөлөх.....” гэж заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд уг томилгоог хийсэн байх бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж нэр дэвшүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараар хүчингүй болгох үндэслэлгүй.

       Хэрэгт цугларсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар хариуцагч Цагдаагийн ерөнхий газар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр АТГ-т урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн, АТГ-аас 0******* сарын 05-ны өдөр хариу мэдэгдсэн, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон Б/655 дугаар шийдвэр 0******* сарын 23-ны өдөр, маргаан бүхий Б/666 дугаар тушаал 0******* сарын 27-ны өдөр тус тус гарсан үйл баримтууд тогтоогдлоо.

    Ийнхүү нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй талаар түүний урьдчилсан мэдүүлгийг хянаж гаргасан эрх бүхий байгууллагын мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгахааргүй байна.

    Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

      1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.2, 23.5, 23.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 7******* зүйлийн 78.1-д заасныг баримтлан ЦЕГ-ын даргын 2019 оны 0******* сарын 27-ны өдрийн Б/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Е-ны хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажил хүлээлцүүлэхийг даалгах нэхэмжлэгч А.Е-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 187 дугаар хуудас