Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0265

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ж.Ж, өмгөөлөгч Д.Н, хариуцагч Х.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн тасгийн татварын улсын байцаагч Х.Н, Д.А нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 6 сарын 29-ний өдрийн татварын улсын байцаагчийн 263176 тоот актаар тогтоогдсон 72140.7 мянган төгрөгийн төлбөрөөс компанийн төлж барагдуулсан 52852.8 мянган төгрөгийг хасаж тогтоох хэсгийн а-д заасан 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги, нийт 19287.9 мянган төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан ашигласан зөрчилд ногдуулсан 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги, нийт 19287.9 мянган төгрөгийн торгууль, алдангийг

\

 

 
   


 Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна", 74.1.4-т "тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх", мөн хуулийн 74.3-т "Энэ хуулийн 74.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна" гэж заасныг үндэслэн ногдуулсан. Татварын хяналт шалгалтын шийдвэр гаргахад алданги, торгуулийг хөнгөлөх, чөлөөлөх заалт байхгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар шийдвэрээр, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан "М" ХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Х.Н, Д.А нарт холбогдуулан гаргасан "Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн "Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай" 263176 тоот актын тогтоох хэсгийн нэгийн а/-д 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч судалж үзээд эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй захиргааны актыг буцаан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Үндэслэл нь,

Шүүх маргаан бүхий актыг хянан хэлэлцэхдээ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "... дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр' татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна мөн зүйлийн 74.3-т "... энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна ..." гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн юм.

Татварын хуулийн татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэсэн үйлдэл, эс үйлдэхүйг Улсын Дээд шүүхийн 1997 оны /одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа/ 427 дугаар тогтоолоор нэг мөр тайлбарлан хэрэглэж ирсэн болно. Уг тогтоолд "нуух" гэснийг татвар ногдох орлого данс бүртгэл болон тайландаа тусгаагүй байх, татвараас зайлсхийх зорилгоор баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байхыг хэлнэ гэж тов тодорхой заасан байна. Гэтэл "М" ХК-ийн хувьд татвар ноогдох ямар нэгэн орлого нуусан, хуурамчаар бичиг баримт үйлдсэн болон санхүүгийн тайлан баланст бүрэн тусгаж ирсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-ийг хэрэглэж, торгууль болон алданги ноогдуулах үндэслэл нь нуусан байхыг хууль тогтоогч шаардсан болохыг шүүх анхааран үзээгүй юм. Нуугаагүй бол ямар нэгэн хариуцлага ногдуулах ёсгүй юм. Нэхэмжлэгч "М" ХК нь татвар нуух гэсэн асуудал огт тогтоогдоогүй бөгөөд хуурамч баримт үйлдээгүй, мөн тайлан тэнцэл, хийгдсэн худалдан авалт болон түүний дагуу олгосон анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримт, НӨАТ-ын тайланг татварын байгууллагад цаг тухайд хүргүүлж байсан байдаг.

Цагдаагийн Ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10/5-4587 дугаартай албан бичигт "... "М" ХК нь бараа, ажил үйлчилгээ авсан нь тогтоогдсон бөгөөд тухайн бараа ажил, үйлчилгээ үзүүлсэн этгээд нь хуурамч бичиг баримт хүлээлгэн өгсөн үйлдэл илэрсэн болно..." гэсэн нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Улмаар шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгтээ Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т "...татвар ноогдох орлогыг багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөсөн ..." гэсэн үндэслэлээр торгууль, алданги ногдуулсан үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Улсын Дээд шүүхийн 1997 оны 427 дугаар тогтоолд "тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх" гэдэгт нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, иргэний орлого, татвар тодорхойлох хуудсанд татвар ногдох орлого, эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ тоо хэмжээг санаатайгаар бууруулан тусгаж татварын албанд мэдээлсэн эсвэл мэдээлэхээр завдсан үйлдлийг ойлгоно,.." гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тоо хэмжээг санаатайгаар буруулсан, эсхүл худалдан авалт огт хийгдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүх анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг хуулийн шаардлага хангуулсан байдлаар хүргүүлсэн юм. Уг баримтуудаар худалдан авалт хийгдсэн болох нь тогтоогдож байгаа юм.

Нэхэмжлэгч “М" ХК нь НӨАТ-ын 5 ширхэг падааныг 2011 оны 7-08 дугаар сарын 31-ний хооронд хүлээн авсан байдаг болно. Ингээд НӨАТ-ын хуульд заасны дагуу дараа сарын буюу 2011 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Баянгол дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж, эрх бүхий байгууллага нь уг санхүүгийн тайлан болон падаануудыг хууль ёсны мөн гэж үзэн шалгаж, хүлээн авсанд шүүх дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан юм.

Шүүх Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалыг үндэслэл болгосон нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт мөн эсэх, мөн уг журам нь хэдий үеэс үйлчилсэн, энэхүү журмын буцаан хэрэглэх ёстой эсэх нь эргэлзээтэй байхад хэрэглэсэн нь хуульд үл нийцэж байна. Учир нь дээрх 5 ширхэг падааныг 2011 онд авсан ба тухайн үед уг падаануудыг хуурамч гэснийг огт мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн хууль ёсны дагуу хийгдсэн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3970/3989 дугаар бүхий Д.А-н шинжээчийн дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж хуульчилсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой атал энэхүү ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хэрэгт Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10/5-4587 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 138 тоот прокурорын тогтоолоор батлагдаж байгаа үйл баримтыг огт нягтлаагүй гэж үзэж байна.

"Э" ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагаанаас болсон татварын хуурамч падаанаас болж гэм буруугүй "М" ХК-д хуульд заасны дагуу торгууль болон алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Мөн шүүх хуралдааны оролцогч биш сонирхогч этгээдээс хэргийн талаар мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

 

 

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.А нар “М” ХК-ийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2012 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд шалгалт хийж, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263176 дугаар актаар 2011 онд хуурамчаар үйлдэгдсэн НӨАТ-ын падаан ашиглан “Э” ХХК-с 506209.1 мянган төгрөгийн, “Л” ХХК-с авсан 116890.9 мянган төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 50620.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги, нийт 72140.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба нэхэмжлэгч уг төлбөрөөс нөхөн татварын 50620.9 мянган төгрөгийг төлсөн байна.

 

Хариуцагч нь “Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч учраас нягтлан бодох бүртгэлийн баримт болохгүй. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн” гэж маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10/5-4587 тоот тодорхойлолтод “Тус хэлтэст шалгасан эрүүгийн 201201000259 тоот хэрэгт 2012 оны 6 дугаар сарын 29- ний өдөр Баянгол дүүргийн татварын хэлтсээс “М” ХК-д 263176 дугаартай акт үйлдэн ирүүлснийг шалгахад “М” ХК нь бараа, ажил үйлчилгээ авсан нь тогтоогдсон ...” гэж тодорхойлсны гадна татварын улсын байцаагчид нэхэмжлэгч хуулийн этгээдийг НӨАТ-ын падаанаар бичигдсэн бараа материалыг худалдан аваагүй гэж буруутгаагүй байна.

Мөн, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн актад худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нийт дүн 506.209.10 мянган төгрөг, буцаан авах НӨАТ 52.238.40 мянган төгрөг гэж тодорхойлон тогтоож, уг актыг татварын улсын байцаагчид гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийг татвар ногдох орлогоо нуусан, тоо хэмжээг бууруулсан, худалдан авалт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бус болохыг хариуцагч нь Улсын мөрдөн байцаах газраас тус Татварын ерөнхий газарт мэдэгдсэнээр мэдсэн, үүнээс өмнө тухайн падаанууд хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгасан нь үндэслэлгүй. Тус “Э” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудалд Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч хэн нэг этгээдийг гэм буруутай талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас Татварын хууль тогтоомж зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байхад тухайн компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэх боломжгүй, татварын улсын байцаагч нарын тогтоосон акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3 дахь хэсгийг баримтлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М” ХК-д Баянгол дүүргийн ' татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 263176 тоот актын тогтоох хэсгийн нэгийн а-д зааснаар 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгох үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 263176 тоот актын тогтоох хэсгийн нэгийн а-д 14681.6 мянган төгрөгийн торгууль, 4606.3 мянган төгрөгийн алданги ногдуулсныг хүчингүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3- т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

                                    ШҮҮГЧИД                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                                                                                                        Н.ХОНИНХҮҮ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА