Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02227

 

2017 оны 06 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2017/02227 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Овоот * тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Б овогт М О /*********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Монелийн * гудамж, *тоотод оршин суух, 46 настай, эрэгтэй, Т овогт Д Б /********13/ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийнбичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие М.О нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д овогтой Бд зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 11 дүгээр сараас хойш тус дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 удаа шүүхээс нэхэмжлэл буцлаа. Тухайн үед гэрээ байгуулж зээлсэн 1 500 000 төгрөгөө эргүүлж төлөхгүй 3 жил гаруй болж байгаа тул хариуцагч Д.Бгаас 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ надад 1 500 000 төгрөг өгөөгүй тул би буцааж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Зохигчдын болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээ дагуу төлөх 1 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тухайн мөнгийг зээлж аваагүй тул төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч тал зээлийн төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээний үүргийг гүйцэтгүүлнэ гэж тайлбарлаж байна.

Зохигчид хооронд 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нэг тал нь 1 500 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нөгөө тал нь гэрээнд зааснаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 250 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон нь зохигчдын тайлбар болон тус зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 5 дахь талд/ тогтоогдож байна.

Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул гэрээний дагуу зээл өгөх үүрэг зээлдүүлэгчид үүссэн, зээл авсан бол түүнийгээ буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүснэ гэж үзэхээр байна.

Талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг нь агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх бөгөөд иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээний тохиролцоо, зохицуулалтын онцлогоос хамааран тус гэрээгээр талуудад нэгэн зэрэг үүрэг үүсэх боломжгүй бөгөөд гэрээний дагуу эхлээд зээлдүүлэгч тал зээл олгох үүргээ гүйцэтгэх ёстой.

Зээлдүүлэгч тал гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн буюу 1 500 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзэх бөгөөд энэ үеэс авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэг зээлдэгч талд үүсэх зохицуулалттай.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг зээлийн гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай санал нэг байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Бд 1 500 000 төгрөгийг шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Нэгэнт гэрээний дагуу зээлдүүлэгч тал мөнгө зээлдүүлээгүй, гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг шилжүүлээгүй тул зээлдэгч талд буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэгч талаас мөнгө зээлээгүй, шилжүүлээгүй боловч яагаад зээлийн гэрээний дагуу мөнгө буцаан төлөх үүрэгтэй гэж шаардаж байгаа нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараар, зохигчид хамтын амьдралтай байсан бөгөөд зээлийн гэрээ байгуулсан нь өөр зорилготой байсан, мөнгө зээлээгүй ч нэгэнт гэрээнд мөнгө буцаан төлөх үүргийг заасан учраас гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг буцаан өгөх ёстой гэх зэргээр тайлбарлаж байна.

Тус зээлийн гэрээг байгуулах зорилго байгаагүй өөр зорилготой байсан гэж тайлбарлах боловч тухайн тайлбараар дурдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Иймд талуудын гарын үсэг зурж, бичгээр үйлдсэн тохиролцооны дагуу зээлдүүлэгч тал 1 500 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч талд зээл буцаан төлөх үүрэг үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН