Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2022/0040/э |
Дугаар | 2022/ШЦТ/46 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт С-гийн С-д холбогдох эрүүгийн 2235000000038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-гийн С, 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах “Хишигт-2” гэх дэлгүүрээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус дэлгүүрийн захирал, хохирогч Н.Н-гийн эзэмшлийн Айфон-10 (iPhone-10) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000038 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас),
- Хишигт-2 дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас),
- Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- Н.Н-гаас хохирогчоор дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
- Эд зүйл үнэлсэн шинжээчийн 30 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
- Шүүх сэтгэц, эмгэг судлалын 3 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Я.Энхмөнхөөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
Х.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
- С.С-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй гэх лавлагааг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч С.С нь нотлох баримт шинжлэн судлаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би утас авсан гэм буруугаа зөвшөөрч байна. Та бүхнийг хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хохирогч Н.Н-гийн “Би Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багт байрлах Хишигт-2 хүнсний дэлгүүрийг хариуцдаг эзэн нь юм. ...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн орчим дэлгүүр дээрээ очсон. ...би бараагаа кодлоод зогсож байгаад “нээрээ над руу хүн мөнгө мобайлдах ёстой яасан юм бол” гэж бодоод утсаа цэнэглэсэн газраасаа очоод авах гэтэл байхгүй, зөвхөн цэнэглэгч нь залгуурт залгаатай үлдсэн байсан. Би нөхрөө дуудаад хяналтын камер шүүж үзэхэд миний гар утсыг бор өнгийн дээлтэй, бор өнгийн малгайтай, улаан өнгийн бүстэй, хар өнгийн гуталтай хүн дэлгүүрийн хаалга онгойлгож орж ирээд шууд лангуун дээрээс утас салгаж аваад дээлийнхээ өвөрт хийгээд гүйгээд гарч байгаа бичлэг бичигдсэн байсан... Би тухайн хүнийг хяналтын камерын бичлэг дээрээс хараад таньсан. Тухайн хүнийг Хөхөө гэдэг хүн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Тухайн хяналтын камерын цагаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 04 минутад ...50 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрийн шилэн хаалга нээж орж ирээд хаалганы хажууханд зэргэлдээ байх улбар шар өнгийн бохь, чихэр зэрэг жижиг бараа тавьсан касс дээр цагаан өнгийн залгуурт цагаан өнгийн цэнэглэгчээр цэнэглэсэн байх гар утсыг цэнэглэгчээс нь салгаад дээлийн өвөртөө хийгээд эргээд 15 цаг 04 минут 50 секундэд шилэн хаалга онгойлгоод гарав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас),
- Гэрч Н.С-ийн “Н.Н “миний утас хаана байна, хэн авсан бэ?” гэж асуухаар нь бид хоёр хоёулаа “хаана байсан юм, бид мэдэхгүй, хараагүй” гэхэд “кассын хажууд, лангуун дээр залгуурт цэнэглээд орхисон байхгүй байна” гэж хэлсэн. ...Н.Н нөхрөө дуудаад хяналтын камерын бичлэг шалгахад бор өнгийн дээлтэй хүн ганцаараа орж ирээд лангуун дээр байсан утас салгаад өвөртөө хийгээд гарч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
- Гэрч Я.Э-ийн “2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би нагац эмээгийнхээ гэрт бууз хийлцэх гээд очоод байж байтал 14-15 цагийн үед авга ах С.С Айфон-10 (iPhone-10) загварын хар өнгийн гар утас барьчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надад “нэг шил архи авч өгөөд энэ утас авах хүн байна уу?” гэсэн. Манай эмээ уурлаж “чи хулгайн утас авчихсан явж байгаа юм байлгүй, одоо утасны эзэн юм уу, цагдаа нар ороод ирнэ, наад утсаа аваад яв чи” гээд хөөгөөд гаргасан. Манай эмээгийн хажууд байдаг айл миний нагац ах н.Б-х бөгөөд тухайн үед тэдний гэрт н.Б ахын хүү Б.Б ганцаараа байсан. Тухайн утсыг Б.Б-т үзүүлж, харуулж байгаад хаячхаад гараад явчихсан байсныг Б.Б эмээгийн гэрт авч орж ирээд хүн нь хайж, ирж авна гээд гутлын тавиурын хажууд тавьчихсан байсан. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед цагдаа ирээд тухайн утсыг асуугаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
- Шинжээчийн 30 дугаартай “Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 01 дүгээр сарын байдлаар ашиглаж байсан Айфон-10 (iPhone-10) загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 900’000 (есөн зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч С.Сын яллагдагчаар өгсөн “...Би хяналтын камерт бичигдсэн өөрийн бичлэгээ харахад касс дээр байсан утас аваад өвөртөө хийж байсан тул хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутагт байрлах “Хишигт-2” гэх дэлгүүрээс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус дэлгүүрийн захирал, хохирогч Н.Н-гийн эзэмшлийн Айфон-10 (iPhone-10) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хохирогч Н.Н-гийн хулгайд алдсан нь Айфон-10 (iPhone-10) загварын гар утас 900’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч С.С-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хохирогч Н.Н “...Би тухайн хулгайд алдсан Айфон-10 (iPhone-10) загварын гар утсаа буцааж авсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учирсан зүйл байхгүй тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...Шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Х.Б-ын “...С.С нь эхээс есүүлээ бөгөөд Увс аймгийн Тэс суманд айлын отгон хүү болон мэндэлсэн. ...Биеийн байдлын хувьд сонсгол, хараа муутай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас), Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас), Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас), шүүгдэгч С.С-ын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг урьд Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны/ 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Хохирогч Н.Н “...Би тухайн хулгайд алдсан Айфон-10 (iPhone-10) загварын гар утсаа буцааж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас) зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох Айфон (iphone-10) загварын гар утсыг олоход тусалсан байна. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Хишигт-2 дэлгүүрийн хяналтын камерын 3 минут 02 секундийн бичлэгийг агуулсан “ди ви ди” диск нь хэргийн ул мөрийг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч С.С энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт С-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож нэг ширхэг “ди ви ди” дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА