| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00395/И |
| Дугаар | 102/ШШ2017/01167 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01167
| 2017 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01167 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 25 дугаар гудамж, 3-2 тоотод оршин суух, Боржигон овогт Ганчимэгийн Уранчимэг /РД:уз94081302/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11-53 тоотод оршин суух, Цорос Бунь овогт Цэцэгдэмбэрэлийн Магнайбаяр /РД:тя83121332/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Уранчимэг нь 2012 оны 10 дугаар сард миний хүүгийн эцэг болох Ц.Магнайбаяртай танилцаж түүнтэй өөрийн эцэг эхийн хамт хамтран амьдардаг байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүүтэй болсон. Хариуцагч Ц.Магнайбаяр нь хүүгээ гарснаас хойш ирэн очин байж байгаад 2015 оны 5 дугаар сараас эхлэн ирэхээ больж, огт холбоогүй болсон. Түүнээс хойш миний бие хариуцагчийг хайсан боловч олдоогүй бөгөөд найз нөхөд таньдаг хүмүүс нь надад түүнийг өөр гэр бүлтэй болсон талаар хэлсэн. Ц.Магнайбаяр нь өөрийн төрсөн хүүтэйгээ огт уулзахгүй байгаад нь маш их гомдолтой байна. Иймээс Монгол улсын Гэр бүлийн хуульд заасны дагуу хариуцагч Ц.Магнайбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхийн шинжилгээгээр Ц.Магнайбаяр нь хүү М.Анхбаярын төрсөн эцэг болох нь ч тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Магнайбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Магнайбаяр миний бие 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хөдөө ажлаар явах гэж байгаа тул энэ хэргийг миний оролцоогүйгээр шийдэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би М.Анхбаярын төрсөн эцэг нь мөн тул хүүхдийн тэтгэлгийг төлнө гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Уранчимэг нь хариуцагч Ц.Магнайбаярт холбогдуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Уранчимэг болон хариуцагч Ц.Магнайбаяр нарын хамтран амьдрах хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тэдний дундаас хүү М.Анхбаяр төрсөн байна.
Хүү М.Анхбаярын төрсөн эцэг нь Ц.Магнайбаяр мөн болох нь хэрэгт авагдсан №1122001027 дугаартай төрсний гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3431 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн “...бид 2015 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байгаа” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба талууд тусдаа амьдрах болсон үеэс хүү М.Анхбаяр нь эх Г.Уранчимэгийн асрамжид өсөж байгаа, мөн хүүхдийн насны онцлого зэргийг харгалзан цаашид хүүхдийн амьдарч дассан орчинг өөрчлөх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр, хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаан гаргаагүй болно.
Иймд хүү М.Анхбаярыг эх Г.Уранчимэгийн асрамжид үлдээж, эцэг Ц.Магнайбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдэд олгуулах нь хууль болон хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Хариуцагч Ц.Магнайбаярын хүсэлтийг үндэслэж түүний эзгүйд шүүх хуралдааныг хийснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Цоросбунь овогт Магнайбаярын Анхбаяр /РД:уж15231391/-ыг эх Г.Уранчимэгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү М.Анхбаяр /РД:уж15231391/-т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ц.Магнайбаяраас гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ