Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт О-ын С-д холбогдох эрүүгийн 2235000000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт О-ын С, 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын наймдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.С нь Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Шар гурив” гэх газарт бэлчээрт байсан иргэн С.Д-гийн нэг тооны үхрийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хулгайлж 1’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000027 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас),

- Шүүгдэгч О.С-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр алаг зүсмийн морь битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

- Шүүгдэгч О.С-гоос хуучин хар өнгийн эмээл нэг ширхэг, улаан өнгийн тохом нэг ширхэг, бор өнгийн модон иштэй хутга нэг ширхэг, алаг зүсмийн үхрийн арьс нэг ширхэг, үхрийн толгой нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

- С.Д-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

- С.Д-гаас хохирогчоор мэдүүлэг авсан “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний эзэмшлийн хүрэн алаг зүсмийн таван настай, ямар нэгэн им тэмдэггүй эм үхэр Тэс сумын 8 дугаар багийн “Шар гурив” гэх газарт бэлчээрлэж байгаад хулгайд алдагдсан. ...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.С манай гэрт ирж “би таны хүрэн алаг зүсмийн эм үхрийг бэлчээрээс нь хулгайлж аваад алчихсан, намайг уучлаарай ах, би таныг хохиролгүй болгож өгнө та цагдаагийн байгууллагад битгий хандаарай” гэж гуйчхаад явсан. 2021 оны 12 дугаар сарын эхэн үед өдрийн санахгүй байна. О.С нь манай гэрт ирэхдээ хар зүсмийн зүүн талын чих нь урд талаасаа ухмал имтэй, долоон настай эм үхэр, түүний гэдсэндээ цагаантай, хар алаг зүсмийн эм тугалын хамт авч ирж өгчхөөд явсан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

- Х.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна. Манай тавдугаар багийн иргэн н.Ш гэх хүний үхэр алга болсон. Би уг алга болсон үхрийг Н.Тулгын хамт хайж явсан ба 23 цагийн үед О.Сгийн гэрийн ойролцоо явж байхад гэрэл гарсан. Уг гэрлийг чиглээд О.Сгийн гэрийн гадна очиход О.С нь хүрэн алаг зүсмийн эм үхэр нядалж байсан. Н.Гантулга О.Сгоос “шөнө орой ямар үхэр нядалж байгаа юм. Хэний үхэр вэ?” гэж асуухад хариулаагүй тул Н.Гантулга “наад үхрийнхээ учрыг олоорой” гэж хэлээд бид хоёр явсан. Сүүлд сураг сонсоход О.Сгийн нядалж байсан хүрэн алаг зүсмийн эм үхэр нь С.Дгийн үхэр болохыг мэдсэн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

- Н.Г-аас гэрчээр мэдүүлэг авсан “...О.С нь гэрэл тусгачихсан хүрэн алаг зүсмийн эм үхэр нядалж байсан. Би О.Сгоос “ямар үхэр нядалж байгаа” талаар асуухад “манай энд явж байсан үхэр” гэж хариулсан. Би О.Сгоос “энд явж байгаа үхэр аваад нядалдаг нь ямар учиртай юм” гэж асуухад юм дуугарахгүй дуугүй зогсоод байсан тул “маргааш наад үхрийнхээ учрыг олоорой” гэж хэлчхээд явсан. Маргааш нь С.Д хүрэн алаг зүсмийн эм үхэр хайж эхэлсэн. О.С-гийн нядалж байсан хүрэн алаг зүсмийн үхэр нь С.Дгийн үхэр болохыг мэдсэн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаартай “Увс аймгийн Тэс суманд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар таван настай эм үхрийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’000’000 (нэг сая) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),  

- 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай “2022 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймагт найман настай морь, хуучин эдэлж хэрэглэж байсан эмээл, хазаар, тохом, модон иштэй хутга зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1’236’000 (нэг сая хоёр зуун гучин зургаан мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

- О.С-гоос яллагдагчаар авсан “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би адуугаа харчхаад буцаж явахад Шар гуривын гүүрнээс урагшаа нэг километр орчим зайнд манай багийн иргэн Сүхбаатарын Дгийн ойролцоогоор тавь гаруй тооны үхэрнүүд бэлчээртээ бэлчиж байсан. Тухайн үед би “уг үхэрнүүдээс нэг үхэр авчихъя” гэж бодоод тэдний үхэрнээс нэг тооны таван настай алаг зүсмийн эм үхрийг мориороо тууж аваад гэртээ орой нар жаргаж харанхуй болсны дараа 20 цаг 00 минут орчим авч ирсэн. ...Ингээд би уг үхрийг гэрийнхээ зүүн талд малынхаа хашааны хажууд авч ирж тэнд уг үхрийг унагаад ганцаараа нядалж эхэлсэн...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - С.Д-гаас хохирогчоор мэдүүлэг авсан “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.С манай гэрт ирээд “би таны эзэмшлийн хүрэн алаг зүсмийн эм үхрийг бэлчээрээс нь хулгайлж аваад алчихсан намайг уучлаарай ах, би таныг хохиролгүй болгож өгнө, та цагдаагийн байгууллагад битгий хандаарай” гэж гуйчхаад яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын эхэн үед өдрийн санахгүй байна. О.С нь манай гэрт ирэхдээ хар зүсмийн зүүн талын чих нь урд талаасаа ухмал имтэй, долоон настай эм үхэр, түүний гэдсэндээ цагаантай, хар алаг зүсмийн эм тугалын хамт авч ирж өгчхөөд явсан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

-  М.Д-аас гэрчээр мэдүүлэг авсан “...О.С нь Увс аймгийн Тэс сумын наймдугаар багт, хөдөө эхнэр хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. О.С нь зан аашийн хувьд гайгүй, даруу төлөв зантай, илүү дутуу янз бүрийн ааш авир гээд байх зүйл байдаггүй, хөдөө хэдэн малаа маллаад амьдардаг юм...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- С.С-оос гэрчээр мэдүүлэг авсан “...О.С нь зан аашийн хувьд сайн, янз бүрийн хэл ам гаргаад байдаггүй, элдэв муу зан аашгүй залуу юм. О.С нь амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж айл өрх бөгөөд хөдөө хэдэн малтай, малынхаа араас л явдаг, малынхаа үр шимээр амьдралаа залгуулдаг айл өрх юм...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

- О.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

- 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

- Хохирогч С.Д-гийн тодорхойлолтыг (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 Хохирогч С.Д-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр миний эзэмшлийн хүрэн алаг зүсмийн таван настай, ямар нэгэн им тэмдэггүй эм үхэр Тэс сумын 8 дугаар багийн “Шар гурив” гэх газарт бэлчээрлэж байгаад хулгайд алдагдсан. ...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.С манай гэрт ирээд “би таны эзэмшлийн хүрэн алаг зүсмийн эм үхрийг бэлчээрээс нь хулгайлж аваад алчихсан, намайг уучлаарай ах, би таныг хохиролгүй болгож өгнө, та цагдаагийн байгууллагад битгий хандаарай” гэж гуйчхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас), гэрч Х.Б-ийн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна. ...Уг гэрлийг чиглээд О.С-гийн гэрийн гадна очиход О.С нь хүрэн алаг зүсмийн эм үхэр нядалж байсан. Н.Г, О.С-гоос “шөнө орой ямар үхэр нядалж байгаа юм. Хэний үхэр вэ?” гэж асуухад хариулаагүй тул Н.Гантулга “наад үхрийнхээ учрыг олоорой” гэж хэлээд бид хоёр явсан. Сүүлд сураг сонсоход О.С-гийн нядалж байсан хүрэн алаг зүсмийн эм үхэр нь С.Д-гийн үхэр болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дүгээр хуудас), гэрч Н.Г-ын “...Маргааш нь С.Д хүрэн алаг зүсмийн эм үхэр хайж эхэлсэн. О.С-гийн нядалж байсан хүрэн алаг зүсмийн үхэр нь С.Д-гийн үхэр болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас) болон дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч О.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Би адуугаа харчхаад буцаж явахад Шар гуривын гүүрнээс урагшаа нэг километр орчим зайнд манай багийн иргэн С-ын Д-гийн тавь гаруй тооны үхэрнүүд бэлчээртээ бэлчиж байсан. Тухайн үед “би уг үхэрнүүдээс нэг үхэр авчихъя” гэж бодоод тэдний үхэрнээс нэг тооны таван настай алаг зүсмийн эм үхрийг мориороо тууж аваад гэртээ орой нар жаргаж, харанхуй болсны дараа 20 цаг 00 минутын орчим авч ирсэн. ...Ингээд би уг үхрийг гэрийнхээ зүүн талд малынхаа хашааны хажууд авч ирж тэнд уг үхрийг унагаад ганцаараа нядалж эхэлсэн.” гэх (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) мэдүүлгээр дараах үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Шар гурив” гэх газраас шүүгдэгч О.С нь өөрийн хээр алаг зүсмийн морийг уналга болгон ашиглаж хохирогч С.Д-гийн хүрэн алаг зүсмийн, таван настай, нэг тооны эм үхрийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нядалсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч О.С хохирогч С.Дгийн нэг тооны эм үхрийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч О.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Увс аймгийн Тэс суманд 2021 оны 11 дүгээр сард таван настай эм үхэр 1’000’000 (нэг сая) төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн 27 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчид 1’000’000 (нэг сая) төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Хохирогч С.Д “...О.С нь манай гэрт ирэхдээ хар зүсмийн зүүн талын чих нь урд талаасаа ухмал имтэй, долоон настай эм үхэр, гэдсэндээ цагаантай, хар алаг зүсмийн эм тугалын хамт авч ирж өгчхөөд явсан. ...О.С надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас) мэдүүлсэн, мөн “...надад учирсан хохирлыг О.С нь бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас) тодорхойлолт гаргасан байна.

Тодруулбал шүүгдэгч нь хохирогчийн таван настай эм үхрийн оронд тугалтай, долоон настай эм үхэр буюу адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгсөн байх тул гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзнэ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор А.Анхбаяр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан яллагдагч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасны дагуу яллагдагч О.Сгийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан найман настай хээр алаг зүсмийн морийг, эд мөрийн баримтаар хураагдсан цэрэг эмээл нэг ширхгийг, суран хазаар нэг ширхгийг, тохом нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох үхрийн үнэ буюу 1’000’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч М.Д-ын “...О.С нь Увс аймгийн Тэс сумын наймдугаар багт хөдөө эхнэр хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. О.С нь зан аашийн хувьд гайгүй, даруу төлөв зантай, илүү дутуу янз бүрийн ааш авир байдаггүй, хөдөө хэдэн малаа маллаад амьдардаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), гэрч С.С-ийн “...О.С нь зан аашийн хувьд сайн, янз бүрийн хэл ам гаргаад байдаггүй, элдэв муу зан аашгүй залуу юм. О.С нь амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж айл өрх бөгөөд хөдөө хэдэн малтай, малынхаа араас л явдаг, малынхаа үр шимээр амьдралаа залгуулдаг айл өрх юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгч О.Сгийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч О.С нь эхнэр, хоёр хүүхдийн хамтаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан хууль зүйн нөхцөл хангагдсан байна.

Иймд шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.С нь хохирогчийн хүрэн алаг зүсмийн таван настай эм үхэр нядалж, хүнсэндээ хэрэглэсэн байх тул гэмт хэрэг үйлдэж 1’000’000 төгрөгийн (тухайн үхрийн үнэлгээгээр) орлого олсон гэж үзнэ. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн найман настай морийг уналга болгон ашигласан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, тохмыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл гэж үзнэ.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1’000’000 (нэг сая) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 25’000 (хорин таван мянга) төгрөгийн үнэ бүхий цэрэг эмээлийг, 8’000 төгрөгийн үнэ бүхий суран хазаарыг, 2’000 төгрөгийн үнэ бүхий тохмыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1’200’000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэ бүхий найман настай морийг шүүгдэгч О.Сгоос тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн үхрийн толгой, арьс нь түргэн муудах шинжтэй эд зүйлс байх тул даруй устгахыг, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Сгийн эзэмшлийн найман настай морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт О-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.С-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.С-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 1’000’000 (нэг сая) төгрөгийг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл болох 25’000 (хорин таван мянга) төгрөгийн үнэ бүхий цэрэг эмээлийг, 8’000 төгрөгийн үнэ бүхий суран хазаарыг, 2’000 төгрөгийн үнэ бүхий тохмыг,

- гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1’200’000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэ бүхий найман настай морийг шүүгдэгч О.Сгоос тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн үхрийн толгой, арьсыг даруй устгахыг, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч О.С-гийн эзэмшлийн найман настай морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА