| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2016/0098/э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2016-09-02 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Д.Цэнгэлмаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Д.Цэнгэлмаа
шүүгдэгч Б.Баяр-Очир, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 5-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Бөмбөгөр худалдааны төв дээр мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 5 дугаар гудамжны 40 тоотод оршин суух хаягтай, 2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:АС84070516/, Шарнууд овогт Бямбын Баяр-Очирт холбогдох эрүүгийн 201626021943 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Баяр-Очир 2016 оны 7 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө согтуураар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олд Хаус” пабын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Амаржаргалын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Баяр-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 7 дугаар сарын 5-ны орой би төрсөн өдрөө найз нартайгаа “Олд Хаус” пабад тэмдэглээд жаахан юм уучихсан юм. Тэгээд найз Мөнхбаяртай эхлээд тоглож байснаа муудалцаад Мөнхбаярыг өшиглөх гэж байгаад Амаржаргал гэх эмэгтэйн нүүр рүү өшиглөчихсөн байсан. Амаржаргалаас уучлалт гуйж данс руу нь 300000 төгрөг шилжүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Баяр-Очирын хувийн байдалтай холбоотойгоор түүний ял шалгах хуудас /хх-ийн 26/, 2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 27-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 31/, цэргийн жинхэнэ албанд татагдсан гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/, өргөмжлөл, шагналын хуулбар /хх-ийн 33-34/ зэргийг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баяр-Очир 2016 оны 7 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө согтуураар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олд Хаус” пабын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Амаржаргалын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжлэн судалсан
хохирогчоор Б.Амаржаргалын:..”2016 оны 7 дугаар сарын 6-ны шөнө би Зайсанд байрлах гэрээсээ гараад өөрийн ажиллуудаг паб болох “Олд Хаус” пабыг хаалгахаар ажил дээрээ шөнийн 00 цагийн үед очсон. Намайг ажил дээрээ очоод байж байхад манай бармен Мөнхбаярын найзууд ажил дээр ирчихсэн гээд пиво ууцгааж байсан. Тэгээд Мөнхбаяр бид хоёр тухайн өдрийнхөө тооллогыг хийж байтал Мөнхбаярын найзууд бололтой эхнэр нөхрүүд хоорондоо хэрэлдэж муудалцгааж байсан. Тэгтэл Мөнхбаяр найзуудаа өөрөө дагуулаад пабаас гарцгаасан ба тэд нар ер нь бүгдээрээ өндөрлөж байсан. Гадаа эмэгтэй эрэгтэйгүй орилолдоод байдал бишдээд ирэхээр нь би хаалгаа онгойлгоод үүдэнд гартал бармен Мөнхбаярыг Баяраа нь доороо оруулаад унагаачихсан цохиод байгаа юмуу ноцолдоод байгаа юм уу зодолдоод байхаар нь би болиоч ээ гэж хэлтэл тэд нар болихгүй байсан ба 2 эхнэр нь салгах гээд дийлэхгүй больцгоо гэж хэлж байсан. Би тэд нараас айгаад дотогшоо паб руугаа орох гээд эргэж хартал миний зүүн мөрөн дээгүүр хөл орж ирээд миний уруул руу хүчтэй өшиглөсөн. Тэгтэл би өөрийн мэдэлгүй толгой манараад нэг сэртэл газар дөрвөн хөлөлчихсөн байсан ба амнаас бөөн цус гарчихсан...би толинд хартал уруулын зүүн дээд хэсэгт сэтэрчихсэн дотор талдаа мөн сэтэрсэн байсан. ...уг сорвио хөдлөөд байгаа шүдтэйгээ хамт эдгээчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 9/ гэсэн,
гэрчээр Х.Ундрахын:...”2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр манай нөхөр Баяр-Очирын төрсөн өдөр болсон...Уранжаргал бид 2 гарч байтал Мөнхбаяр, Баяр-Очир нар бид нарын урдуур түрүүлж гараад хашаан дотор заамдалцаж аваад нэг нэгнийгээ цохиод авахаар нь Мөнхбаярыг татаж аваад чи эрүүл байж ийшээ бай гээд үүдний хэсэгт авчиртал хойно ёооё гээд эмэгтэй хүн орилохоор нь хартал тэр кафед л байсан бололтой эмэгтэйн уруул нь бага зэрэг язраад урагдсан байсан бөгөөд Мөнхбаяр, Баяр-Очир нарын зодооны дундуур нь салгах гэж орсон уу эсвэл унахдаа уруулаа гэмтээчихсэн юм уу гэж би ойлгосон. /хх-ийн 10-11/ гэсэн,
гэрчээр Б.Мөнхбаярын:...”2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ...манай эхнэр Уранжаргал найз Баяр-Очир түүний эхнэр Ундрах нар нь манай ажил дээр орой 20 цагийн үед ирцгээсэн...караокед бид нар 075 л хэмжээтэй экс нэртэй архи авсан. Тэгээд тэндээсээ шөнийн 2 цагийн үед манай ажил руу орж ирцгээсэн бөгөөд манай ажил дээр нэмж 3, 4 шил пиво авсан...нэг мэдэхэд Баяр-Очир эхнэртэйгээ маргалдаж муудалцсан байсан тул манай эхнэр Уранжаргал маргааныг нь болиулж Баяр-Очирын эхнэр Ундрахыг өмөөрсөн янзтай байсан. Хэсэг хугацааны дараа би пабаасаа гараад Баяр-Очиртой юм ярилцах санаатай гараад эхнэрээ өмөөрөөд Баяр-Очирыг буруутгасан аястай зүйл хэлээд өөрийн эхнэрээ өмөөрөөд чи яах гээд байгаа юм бэ миний ажлыг хүндрүүллээ гэхэд Баяр-Очир ална шүү пизда минь гэсэн утгатай зүйл хэлээд намайг цохих гээд дайрсан бөгөөд бид нар пабынхаа үүдэнд хашаан дотор байсан тул манай эхнэр Уранжаргал гарч ирээд Баяр-Очирыг болиоч гэж хэлж байсан. Тэгтэл манай пабын менежер Амаржаргал гарч ирчихсэн боль гэж байсан тэгтэл Баяр-Очир намайг өшиглөх гэж байгаад Амаржаргалын уруул хавьд өшиглөөд дотор талд нь сэтэлж язалсан. /хх-ийн 12-13/ гэсэн,
гэрчээр Д.Уранжаргалын:..”2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр...Баяраа намайг угаалгын өрөө орчихоод ирэхэд эхнэр Ундрахтай муудалцсан байсан ба жоохон сууж байгаад пабаас Мөнхбаяр, Баяр-Очир нар гараад явсан. Араас нь Ундрах бид 2 гартал Баяраа, Мөнхбаяр нар нь барилцаж аваад заамдалцсан байхаар нь би Баяр-Очирыг хориод Ундрах манай нөхөр Мөнхбаярыг хориод боль гэж байтал манай нөхөр Баяр-Очирын нүүр рүү нь нэг удаа цохисон тэгэхээр нь би больцгоо гээд дундуур нь ороод салгаж байтал намайг Баяр-очир хальт өшиглөсөн гэхдээ намайг оноогүй би жирэмсэн байсан тул хашгирч орилж Баяр-Очирын нүүр рүү нь алгадаж сэргээсэн...намайг Баяр-Очирыг цохиж алгадахын өмнөхөн Амаржаргалын нүүр рүү нь өшиглөсөн юм уу цохисон юмуу ямар ч байсан амаа дарчихсан явган сууж байсан. Уруул сэтэрчихлээ гэж хэлж байсан. /хх-ийн 14-15/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Түүнчлэн сэжигтэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:
Б.Баяр-Очирын:...2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд манай найзууд намайг “Олд Хаус” гэх пабад дуудахаар нь би эхнэр Ундрахтай хамт оройн 21 цагийн орчим очсон. Тэгээд бид нар 2 давхарт байх караокед орсон бөгөөд дотроос пиво нэг шил архи захиалж уусан. Архиа уучихаад доошоо паб руу орцгоосон бөгөөд тэнд байсан зарим нэг найзуудаа түрүүлж явуулаад Мөнхбаяр Уранжаргал, Ундрах бид 4 үлдсэн. Тэндээ байж байгаад Мөнхбаяртай юм ярилцаж байгаад сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Уранжаргал намайг болиоч чи хүний хүүхэд цохичихлоо гээд алгадаж байсан ба би хаана байна тэр хүүхэд харъя гэж хэлснээ санаад байгаа. Надад цохиулсан гээд байгаа хүүхнийг хальт харахад уруул дээрээ алчуур тавьсан байсан. Мөнхбаяртай яагаад маргалдсанаа сайн санахгүй байгаа юм тоглож байгаад намайг Мөнхбаяр миний духан дээр галын цогоор түлчихсэн юм тэгээд би ууралсан санагдаж байна. би эхнэр Ундрахаа нэг удаа алгадаад харин Уранжаргалын гэдэс рүү нь өшиглөсөн гэхдээ оноогүй гэсэн. Би Мөнхбаярт уурлаад 2-3 удаа нүүр рүү нь цохисноо санаж байгаа юм /хх-ийн 22-23/ гэсэн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9507 дугаартай: Б.Амаржаргалын биед дээд уруулын няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт, Б.Амаржаргалын дансанд 300000 төгрөг шилжүүлсэн банкы хуулга зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий бичгийн баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна.
Прокуророос Б.Баяр-Очирт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд Шарнууд овогт Бямбын Баяр-Очирын үйлдсэн гэмт хэрэг нь танхайн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Б.Баяр-Очирын 2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялтай байдлын хуульд заасан хугацаа дууссан байх тул түүний үйлдсэн энэ гэмт хэргийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс Б.Баяр-Очирт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Амаржаргал хэргийн материалтай танилцсан баримтанд...”хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 43/ гэсэн, хавтаст хэрэгт хохиролтой холбогдох баримт авагдаагүй тул шүүгдэгч Б.Баяр-Очирыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шарнууд овогт Бямбын Баяр-Очирыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Баяр-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3.Б.Баяр-Очирт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Б.Баяр-Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Б.Баяр-Очирт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсүүдэд даалгасугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяр-Очирт авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ