| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2016/01902/И |
| Дугаар | 1965 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 1965
П.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01347 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.Бгийн, хариуцагч Б.Б нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 81 416 567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П.Бг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 6 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Хүннү Молл их дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр зам гарахаар явж байхад нь 36-36 УНИ улсын дугаартай хариуцагч Д.Түмэннастын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Баяржаргал замын хөдөлгөөний дүрэм зөрчин түүнийг дайрч, П.Бгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан.
Энэ ослоос болж нэхэмжлэгчийн ууцны 1 дүгээр нугалам, баруун зүүн суудал ясны дээд, доод хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, тархины няцрал, цус харвалт зэрэг гэмтлүүд учирч, өнөөдрийг хүртэл байнгын эмчилгээтэй байна. Тэрээр ярих чадваргүй, дөрвөн мөч нь мэдрэлгүй, биеийн байдал нь хүнд, Дүүргийн эмнэлэг болон Хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 90 хувь алдагдсан гэж гарсан ба хэвтрийн дэглэмтэй, байнгын асаргаа, сувилгаа авч 1 жилийн хугацаа өнгөрч байна. Хариуцагч Б.Баяржаргал нь энэ хэргийн улмаас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн.
Гэвч эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш хариуцагч биднийг нэг ч удаа эргэж ирээгүй, биеийн байдлыг нь яаж байгаа талаар асууж байгаагүйд гомдолтой байна. Б.Баяржаргалын эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад эмчилгээний зардалд бидэнд өгсөн 14 756 899 төгрөгт маргахгүй. Харин эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед бидэнд хандаж “... би танд эмчилгээний зардал гарсан тухай бүрт нь өгч байя, зав чөлөөтэй үедээ ирж хохирогчийг асарч байх болно, гомдолгүй гэж хэлж өгөөч” гэж гуйсан учраас бид “гомдолгүй” гэж бичиж өгсөн.
Би хил хамгаалах газарт тогоочоор ажилладаг байсан ба ажлаасаа гарч нөхрөө асарч байна. П.Бг БНХАУ, Японы хамтарсан Найрамдлын эмнэлэгт үзүүлсэн бөгөөд сэргээн засах эмчилгээний төлбөрт 30 000 000 төгрөг, асаргаанд 10 000 000 төгрөг гарна гэсэн тул нийт 40 000 000 төгрөгийг, мөн Монгол Хьюндай эмнэлэгт түнхний үе солиулах хагалгааны төлбөр болох 13 800 000 төгрөгийг, Б.Баяржаргалтай байгуулсан асаргааны гэрээний дагуу асаргааны төлбөрт сарын 500 000 төгрөг гэж тохирсон бөгөөд үүнийг нийт 30 сараар тооцож, нийт 15 000 000 төгрөгийг, эм тариа болон бусад зардлын баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэ нь 12 616 567 төгрөг, нийт 81 416 567 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөн хариуцагч Д.Түмэннаст нь Б.Баяржаргалын ээж бөгөөд уг тээврийн хэрэгслийн эзэмшигч тул хамтран хариуцах ёстой гэжээ.
Хариуцагч Б.Баяржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би хохирогчийн биед гэмтэл учруулсан болохоо мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрээс уучлал гуйж, гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 сарын турш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ачтан, Оточ Мандал эмнэлгүүдэд П.Бг эрүүл саруул болгохын тулд сахин хонож, хэвтэн эмчлүүлэхэд шаардлагатай эм тариа, эмчилгээ болон бусад зардалд 19 756 899 төгрөг, шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчид 1 500 000 төгрөг, нийт 21 256 899 төгрөгийг өгсөн. Би эрхэлсэн тодорхой ажилгүй тул нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Бг Улсын нэгдсэн төв нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хагалгаанд орох асуудал нэн чухал биш, эхлээд сэргээн засах эмчилгээг сайн хийлгэх хэрэгтэй гэсэн. Мөн хэрэгт авагдсан НӨАТ-ын баримтууд эргэлзээтэй бөгөөд Ачтан эмнэлэгт эмчлүүлсэн тухай баримт нь байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин асаргааны мөнгө гэж 9 сард хэлцэл хийгээд, 9, 10, 11 сард төлж байтал шүүхэд нэхэмжлэгч хандсанаар уг төлбөрийг зогсоосон гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б нараас 15 116 567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгож, илүү нэхэмжилсэн 66 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 233 533 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчаас эм тариа, эмчилгээний зардалд 12 616 567 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх эдгээр төлбөрийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зарлагын баримтуудад худалдан авагчийн нэр байхгүй, тамга тэмдэггүй, нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулж худалдан авсан эсэх нь тодорхойгүй. Тодруулбал, эмчилгээ, эм тариа нь нэхэмжлэгчийн өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай байсан нь тогтоогдохгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд олон байхад 12 616 567 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч “Нарлаг орон” ХХК-ийн 357 500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү баримтаас харахад ямар бараа, үйлчилгээ худалдаж авсан болон нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулан авсан нь тодорхойгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь “Монгол фарм” эмийн сангийн 182 500 төгрөг, “Тавин ус” эмийн сангийн 1 865 000 төгрөгийн зарлагын баримтуудыг үндэслэн нийт 2 047 500 төгрөг нэхэмжилж байгаа боловч эдгээр зарлагын баримтуудад худалдан авагчийн нэр байхгүй, тамга тэмдэггүй, нэхэмжлэгчийн эмчилгээнд зориулж авсан нь тодорхойгүй, эдгээр эм тариа нь нэхэмжлэгч П.Бгийн өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай байсан нь тодорхойгүй, эмчийн жоргүй олгосон эм тариа байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй, хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
“Алтан гарьд” ХХК-ийн 22 000 төгрөг, Бөмбөгөр худалдааны төвийн 1 630 100 төгрөгийн баримтуудыг үндэслэн ахуйн хэрэглээний зардалд нийт 1 652 100 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч эдгээр баримтуудад худалдан авагчийн нэр байхгүй, зарим баримт нь тамга, тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул эдгээр баримтын дагуу нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн дээрх илүү нэхэмжилсэн 4 057 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Б.Б нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 81 416 567 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Б.Баяржаргал нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 цаг 50 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд хариуцагч Д.Түмэннастын эзэмшлийн Тоёота Виста маркийн 36-36 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 2.3А дахь хэсэгт заасныг зөрчиж, явган зорчигч П.Бг мөргөн биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Хан-Уул дүүргийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 20А дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч нарын хувьд эмчилгээний зардал өгч байсан, одоо эдийн засгийн боломжгүй байгаа, эмчилгээний зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргадаг бөгөөд мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч П.Б нь зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаж, ухаангүй, хэл яриа байхгүй, 4 мөч хөдөлгөөнгүй, байнгын хэвтэрт байж бусдын асрамжид орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал Б.Баяржаргалыг эмчилгээний зардалд мөнгө өгч байсан гэдгийг зөвшөөрдөг, одоо хариуцагч нараас шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацааны эмчилгээ, сувилгааны зардлыг нэхэмжилсэн тул тэдгээрийг гэм хорын хохирлыг хариуцан бүрэн арилгасан гэж үзэхгүй юм.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, холбогдох хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 15 116 567 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй бөгөөд энэ нь талуудын диспозитив зарчимд нийцнэ гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Б нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсны улмаас байнгын хэвтэрт, бусдын асаргаанд орж эм тариа, бэлдмэл болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг давтамжтайгаар хэрэглэж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул “Нарлаг орон” ХХК-ийн 357 500 төгрөгийн, “Монгол фарм” эмийн сангийн 182 500 төгрөгийн, “Тавин ус” ХХК-ийн 1 865 000 төгрөгийн, “Алтан гарьд” ХХК-ийн 22 000 төгрөгийн, Бөмбөгөр худалдааны төвийн 1 630 100 төгрөгийн, нийт 4 057 100 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудад заагдсан альбумин, флудитек, памперс, тархины эд эс сэргээх эм тариа, бэлдмэл болон хуурай болон нойтон сальфетка, 00-ийн цаас зэрэг ахуйн хэрэглээний барааны үнийг /хх-28-31, 38-65, 138-140/ П.Бгийн эмчилгээ, асаргаа сувилгаатай холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзэх тул үүнтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэн өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Баяржаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД