Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 997

 

      Ш.М-, О.А-, Э.У-,

    Б.Б-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Ням-Очир,

            шүүгдэгч Ш.М-, Б.Б-нарын өмгөөлөгч Д.Алтантуяа,

шүүгдэгч О.А-, Э.У- нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1605 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарт холбогдох 1705000530032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Я овгийн Ш М, 19.. оны .. дугаар сарын ..ны өдөр .............................. төрсөн, 23 настай, эрэгтэй, ............................ мэргэжилгүй, ...................................оюутан, .........................газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

2. Б овгийн О-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............................төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........................................................тоотод оршин суух, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ГИ99040512/;

3. Х овгийн Э У, 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр .................боловсролтой, мэргэжилгүй, ..................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;

4. С овгийн Б-гийн Б, 20... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...............төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................... ажилтай, ............................... тоотод оршин суух, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ...................../;

Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Ганьтын 40с байрны гадна иргэн Н.Н-хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан,

Мөн Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэн, иргэн Н.Н-ын биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 129 дугаартай магадлалд заагдсан ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 598 дугаартай захирамжид дурдагдсан асуудлууд биелэгдээгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Н-ын биед үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт хэрэгт авагджээ. Энэ дүгнэлтээр хохирогч Н.Н-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад энэ үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Хохирогч Н.Н-ын биед учирсан зүүн 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь хэдийд үүссэн, хэний үйлдлийн улмаас уг гэмтэл үүссэн болохыг хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг зүйлчлэн, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэтэл Баянгол дүүргийн прокурорын Э.У-, О.А-, Б.Б-, Ш.М- нарыг Тэмүүжин гэгчтэй бүлэглэн, Н.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н.Н-ын нэг шүдэнд учирсан хугарал гэмтлийг бүлэглэж учруулж болох эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, чухам хэний үйлдлээс уг гэмтэл учирсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах эсэхээс үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь заалтад заасан ажиллагаануудыг нотолбол зохино. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ням-Очир бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нарт холбогдох хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн магадлалын дагуу прокуророос магадлалд заагдсан тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэрэгт яллагдагч нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх хэргийг шалгах хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дууссан байна.

            Иймд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” нөхцөл байдалд хамаарч байсан тул цаашид хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, “хохирогчийн нэг шүд хугарсан” гэмтлийг яг хэний үйлдлийн улмаас учруулсан болохыг тогтоох ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдсэн.

Прокурорын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 631 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэж, 2017 оны 6 дугаар сарын 16-наас 7-нд шилжих шөнө Н.Н-биед хүч хэрэглэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан, мөн Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нар нь Тэмүүжин гэгчтэй бүлэглэн, Н.Н-ын биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж тус прокурорын газраас Ш.М-, Э.У-, О.А-, Б.Б-нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэний үйлдлийн улмаас уг гэмтэл үүссэн болохыг хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг зүйлчлэн, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь заалтад заасан ажиллагаануудыг нотолбол зохино” гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” нөхцөл байдалд хамаарч байхад мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

            Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгаарласан, яллагдагч нар нь бүлэглэн “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан “Эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг яг хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй гэж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго болох “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх” гэсэн зорилттой нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, яллагдагч нарын гэм бурууг Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ш.М-, Б.Б-нарын өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь прокурорын эсэргүүцэлд “шүүгчийн захирамжийг хянавал” гэж, мөн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолдоо “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянавал” гэж бичсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн прокурор эсэргүүцэлдээ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хохирогчид учирсан гэмтэл яг хэний үйлдлийн улмаас учирсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” бол яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй гэж заасан тул прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хуулиар олгогдсон байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан прокуророос хянавал зохих асуудлыг огт хянаж шалгаагүй буюу гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх, Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж чадаагүй. Хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлийг олдохгүй байгаа Тэмүүжин үйлдсэн гэсэн атлаа гэм буруугүй бусад шүүгдэгч нарыг яллагдагчаар татсан. Энэ хэрэгт Тэмүүжингийн үйлдлийг тусгаарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Дээрэмдэх гэмт хэрэгт яллагдагч нарыг тулгаж хөтөлж мэдүүлэг авсан байдаг. Хууль зөрчиж авсан мэдүүлгийг улсын яллагч үндэслэл болгож, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Мөн хохирогчийн түрийвчинд дээрэмдсэн гэх 110.000 төгрөг байсан эсэх нь эргэлзээтэй, хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдоогүй байхад түүний мэдүүлгийг үндэслэж, яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд тухайн түрийвчийг хулгайлж авсан уу, эсхүл газар унасан байхад нь Батхишиг авсан уу гэдгийг тогтоох ёстой байсан. Тийм учраас анхан шатны шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй. Харин улсын яллагч гэм бурууг бүрэн дүүрэн нотолж чадаагүй байж, хуульд нийцээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.А-, Э.У- нарын өмгөөлөгч Ж.Жавзандулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчид гэмтэл учруулсан үйлдлийг нэг бүрчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Гэм буруутай хүн тус бүрийн үйлдлийг тогтоох ёстой. Энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаж яллаж чадахгүй байна. Тийм учраас эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хэрэг гарснаас хойш 1 сарын дараа шүд хугарсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүдний гэмтлийг хэн учруулсан гэдгийг нарийвчлан тогтоохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Мөн хохирогчид яг хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоогоогүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарыг Тэмүүжин гэгчтэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Н.Н-ын биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тустус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1605 дугаартай шүүгчийн захирамжаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 129 дүгээр магадлалаар Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарт холбогдох хэрэгт дээрмийн гэмт хэргийн үйлдлээс гадна хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримтын талаар зохих хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулж, тэдний үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг прокурор болон анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан байна гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцааж байхад тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна.

Харин анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1605 дугаар шүүгчийн захирамж гарах үед тэдний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дууссан байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн ач холбогдолгүй болжээ.

Иймд прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарт холбогдох хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1605 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл шүүгдэгч Ш.М-, О.А-, Э.У-, Б.Б-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

                              ШҮҮГЧИД                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ  

 

                                                                                                            Б.ЗОРИГ