Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

 

 

 

 

 

       2022        03         11                                  2022/ШЦТ/365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Ц.Б, орчуулагч А.Э,

шүүгдэгч В.Ц, түүний өмгөөлөгч Ш.М, орчуулагч Д.С,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Ө.Мөнхнавч нарыг оролцуулан эрүүгийн 2106024942008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С.З /S.Z/, 1977 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хө Бэй мужийн Боа Дин хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн ******************* суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ГПД: ***********************,

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В.Ц /W.J.G/, 1964 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шан дун мужийн Жау Юань хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, санхүү эдийн засгийн мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн ****************************** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ГПД: ********************,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн В.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт БНХАУ-ын иргэн С.З-тай мөнгөний асуудлаас болж маргалдан, С.З-ийн гарыг хутгаар зүсэж, түүний биед гарын алганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

 -мөн шүүгдэгч БНХАУ-ын иргэн С.З нь БНХАУ-ын иргэн В.Ц-г уулын таягаар цохиж, түүний биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, бүсэлхийнд цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч БНХАУ-ын иргэн В.Ц, БНХАУ-ын иргэн С.З нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримтууд нь:

- шүүгдэгч БНХАУ-ын иргэн С.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Одоо би В-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэв.

- шүүгдэгч БНХАУ-ын иргэн В.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би С-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

 

- Яллагдагч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад В.Ц-тэй We chat-аар харьцсан. Тэгээд би В.Ц-аас мөнгөө авъя гэж хэлэхэд намайг учир зүггүй харааж эхэлсэн...тэгсэн намайг В.Ц харангуутаа л хутга бариад дайрахаар нь хутгыг нь бариад автал татаад миний зүүн гарыг маань зүсчихсэн. Би В.Ц дээр очих үедээ хөнгөн цагаан таяг шиг зүйл бариад авч очсон. Миний гарыг зүсчихээр нь тэр зүйлээр толгой руу нь 2-3 удаа цохисон. Би тэрнээс зүүн гуя, сарвуу, бүсэлхий баруун өвдөг, зүүн сарвуу зэрэгт нь цохиогүй. Энэ талаар яллагдагчаар татах тогтоолд дурдагдсан байна лээ. Би В.Ц-д гараа зүсүүлчхээд шууд эмнэлэг рүү явсан. Харин энэ болсон зүйлийнхээ талаар эхнэртээ шууд хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...би одоо гараа зүсүүлсэндээ гомдолтой байна. Учир нь би гараа зүсүүлснээс болж ажил төрлөө хийж чадахгүй байгаа. Иймд эм тариа эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-107 дугаар тал/,  

- Яллагдагч В.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг толгой руу цохих үедээ гэмтэл авсан байх. Би тэрнээс гарыг нь зүсэж гэмтэл учруулсан асуудал байхгүй...надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-136 дугаар тал/,  

Хохирогч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд... В.Ц дээр очиход В.Ц баруун талын ташаанаасаа цагаан өнгийн иртэй, бариулыг нь хараагүй хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би хутгыг нь зүүн гараараа бариад авсан. Тэгтэл хутгаа буцааж татаад миний зүүн талын эрхий хурууны дотор хэсгийг зүссэн. Мөн миний толгой хэсэг рүү В.Ц зүүн гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,  

Хохирогч В.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гандангийн үүдэнд ирээд С.З-ны ******** дугаар руу залгаад би гандангийн гадаа ирчихлээ гэсэн. Тэгтэл араас С.З нь миний толгой руу хатуу төмөр мэт зүйлээр 4-5 удаа цохисон...миний толгойн зүүн хэсэгт хагарсан. Мөн өвдөг, гуя, нуруу, тохой шалбарч хавдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-66 дугаар тал/,  

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний орой...нөхөр С.З...22 цагийн үед над руу залгаад би хутгалуулчихлаа хаалга үүдээ сайн түгжээрэй хутгатай хүмүүс очиж магадгүй шүү гэж залгасан...би урдаас нь тосож очоод Гэмтлийн эмнэлэгт очиж гарт 7-8 орчим оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №6719 дугаартай дүгнэлт:

  1. С.З-ийн биед зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №6771 дугаартай дүгнэлт:

  1. В.Ц-ы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, бүсэлхийнд цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дугаар тал/,

 

                 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч БНХАУ-ын иргэн В.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт БНХАУ-ын иргэн С.З-тай мөнгөний асуудлаас болж маргалдан, түүний гарыг хутгаар зүсэж, түүний биед гарын алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд,

 - Шүүгдэгч БНХАУ-ын иргэн С.З нь В.Ц-г уулын таягаар цохиж, түүний биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, бүсэлхийнд цус хуралт, баруун өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүдэд нь С.З, В.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч БНХАУ-ын иргэн С.З, В.Ц нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжээр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

           

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч С.З, В.Ц нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг таяг, 1 ширхэг хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С.З /S.Z/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В.Ц /W.J.G/ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.З /S.Z/, В.Ц /W.J.G/ нарт тус бүр 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар С.З /S.Z/, В.Ц /W.J.G/ нарт 1.300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.З /S.Z/, В.Ц /W.J.G/ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг таяг, 1 ширхэг хутгыг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст даалгаж, С.З /S.Z/, В.Ц /W.J.G/  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.З /S.Z/, В.Ц /W.J.G/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР