Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

    2022        03         11                                        2022/ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

хохирогч Д.Ц,

хохирогчийн өмгөөлөгч Ө.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан эрүүгийн 2106 03502 2596 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1960 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******************** харуул ажилтай, ам бүл 1, ********************** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД: **********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 45-1 тоот гэртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Д.Цг эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэх шалтгаанаас болж зодож, түүний биед хамрын нуруунд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Цг зодож, түүний биед хамрын нуруунд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би ковид-19 тусаад халуураад их халуунтай байсан. Гэрээр 14 хоног эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэх бичиг өрхийн эмнэлгээс хийж өгсөн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэх бичгийн аваад очсон чинь ор байхгүй гээд буцаасан. Тэгээд би бие өвдөөд байна гэж хэлсэн чинь намайг үх гэж хэлсэн. Тухайн үед уур хүрч байсан учраас уурандаа хохирогчийг алгадсан. Би тэр хувцасны шүүгээ, гар утас эвдлээгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Тэгсэн боловч шүүх дээр уулзана гэж хэлсэн. Би шүүхээс хохирогчид олгохоор гаргасан 300.000 төгрөгийг 10 минутын хугацаанд нөхөн төлөх завсарлага авах хугацаанд төлж барагдуулсан.” гэв.

 

Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид хоёр 2013 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Намайг 2016 онд нүүрэндээ цохиулаад зодуулаад явж байсныг тэр хавийн айлууд, найз нөхөд бүгд мэдэж байгаа. Тэгээд уучлалт гуйгаад 2021 оны хүртэл хамт амьдарсан.  Энэ хүнд би хувцас хунар идэх хоол бүх зүйлийг авч өгдөг байсан. Энэ хүн авсан цалингаа гэр бүлдээ зарцуулдаггүй. Ерөөсөө өөрийгөө л боддог. Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй алга болоод хэд хоноод тэнд явж байна энд явж байна гэдэг байсан. Хамгийн сүүлд 2020 онд утсаа салгаад алга болчхоод гэнэт залгаад би Дорнод аймагт гэр бүлтэй болсон, хайртай хүнтэй болсон уучлаарай гэхээр нь би юу ч яриагүй. Удалгүй 08 сарын 25-нд ирээд бүх зүйл хувцас хунараа авна гээд ирсэн. Тэгээд ер нь ийм бодолтой байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн чинь нэг мэдсэн Багануурт гэр бариад хүнтэй амьдарч байна гэдгийг фэйсбүүкээр ангийнхан найз нөхөд нь бүгд сонссон байсан. Тэгэхээр би бүх хувцсыг нь өгөөд явуулсан. 05 сард яваад буцаж ирэхдээ 6 сард ирсэн. Тэгж ирээд намайг уучлаач, дахин тэгэхгүй гэж байсан. Би энэ хүнтэй 30 гаруй жил амьдрахдаа нэг удаа юм нэхэж үзээгүй. Би хүнтэй ярьж байгаад Хос худалдааны төвд хамгаалагчаар оруулж өгч байсан. Эхлээд КОВИД туссан. Дараа нь залгуулаад энэ өвдөхөөр би 10 хоног гэртээ эмчилсэн. Хорооноос эм тариагийн авч өгсөн. 7 хоног эмчлүүлбэл нөгөө эмнэлэгтээ очиж эмчлүүлж болно гээд Баянзүрх дүүргийн эмнэлэг бичиг хийж өгсөн. Тэгсэн чинь 14 хоносон хүний авна, манайд ор байхгүй гэсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь чи намайг эмнэлэгт хэвтүүлсэнгүй, намайг чи үхнэ гэж хэлсэн, энэ үг нь өөрөөс нь гарсан үг. Би хэзээ ч худлаа ярьж явж үзээгүй. Би энэ хүнд 10 сард зодуулах ямар ч юм хийгээгүй байсан. Би гомдож байна” гэв.

 

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цд бие муу байхад хэвтүүлж чадахгүй байж намайг авч ирлээ гээд уурласан. Тэгээд бид 2 гэртээ ирэх замдаа эмийн сан орж тариа аваад гэр рүүгээ очоод охиноороо тариулах болсон. Тэгээд охиноороо авахуулсан тариагаа тариулсан. Тэгээд буцаад гэртээ харих болоод Ц гэртээ түрүүлээд харьсан. Тэгээд би удалгүй гэртээ харьсан чинь Ц ууртай байсан. Тэгээд бид 2 өмнөх амьдралаа яриад хоорондоо маргалдсан чинь над руу гутлын тавиур дээр байсан гутлыг авч нүүр рүү шидэхээр нь би уурлаад барьж аваад өөр рүүгээ татсан чинь шалан дээр унасан өөр зүйл бол болоогүй...гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ямар нэгэн хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/, 

 

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой гэртээ 21 цагийн орчим ирээд сандал дээр сууж байсан чинь Б үгний зөрүү байхгүй намайг боогоод, үснээс зулгаагаад газар унагаад дээрээс хөлөөрөө дэвсээд байсан...миний цээж, нүүр 2 гар хөхөрсөн...гэр бүлийн асуудлаас болж маргаж муудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16-18, 89-91 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №9503 дугаартай дүгнэлт:

                 1. Д.Цгийн биед хамрын нуруунд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

                 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

***************** ХХК-ний тодорхойлолт /хавтаст хэргийн 117 дугаар тал/

 тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Быг нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 45-1 тоот гэртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Д.Цг эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэх шалтгаанаас болж зодож, түүний биед хамрын нуруунд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор 1000 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

 Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Цд учирсан нотлох баримт бүхий 300.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болно.

Харин хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Б.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бт 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Б нь 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР