Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01162

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01162

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс   

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13А байр, 80 тоотод оршин суух,  Их ойд овогт Эрдэнэцогтын Тамир /РД:уп89090374/-т албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ахмад Э.Булгантамир, гуравдагч этгээд Э.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ахмад Э.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Тамир нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Э.Тамир удаа дараа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэжээ. 

 

Гуравдагч этгээд Э.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би согтууруулах ундааг хэрэглэдэг боловч агсан согтуу тавиад байдаггүй. Би албадан эмчилгээнд явах хүсэл бол нэг их алга байна гэжээ.

  

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Э.Тамирыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх, мөн тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх, түүнчлэн тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэлүүд нэг дор бүрдсэн нөхцөлд аливаа этгээдийг албадан эмчилгээнд хамруулахаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зохицуулжээ.

 

Э.Тамир нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, эмчилгээнд хамрагдах шаардлагатай болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна тэрээр архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөрийн сайн дураар эмчилгээнд хамрагдах хүсэлгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

 

Иймд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Э.Тамирыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Их ойд овогт Эрдэнэцогтын Тамир /РД:уп89090374/-т албадан эмчилгээ хийлгэсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах  донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ