Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/396

 

 

 

 

 

 

      2022       03       16                                   2022/ШЦТ/396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 0587 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.М, 1998 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, **************** ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эмээ, эх, дүүгийн хамт ****************** тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кремиль” гэх нэртэй рестораны гадна Т.Бтэй андуурсан гэх шалтгаанаар А.Аын нүүр хэсэгт нь цохих, жийж унагаах үйлдлээр түүний эрүүл мэндэд нь баруун хөмсөг, нүдний зовхи, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.М нь хохирогч А.Аыг цохиж зодсон үйл баримт нь: Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд би салгаад зодоод байсан залууг нь тэврээд зогсож байсан чинь зодуулж байсан залуу нь босож ирээд миний баруун талын нүдний зовхины дээр цохиод авсан... өөрөөр хэлбэл М.М гэх эрэгтэй эхлээд намайг зогсож байхад хажуугаас цохиж дараа нь холоос гүйж ирээд жийж, дараа нь цохиж байхдаа надад тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,

Гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М.М караокены ажилтан залууг хажуугаас нь гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод авсан... М.М босоод цааш явж байгаад эргэж гэнэт  хараад  шууд наашаа чиглэж гүйж байгаад караокены ажилтан залуу руу дайраад түүний нүүр нүд рүү дахин гараараа цохиод түүнийг унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2065 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний гадна баруун нүдний дээд, доод зовхины гадна буланг хамарсан 4х3.5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Баруун шууны дунд 1/3-ийн гадна хэсэгт 2.5х2 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй, тохой, бугуйн үений хөдөлгөөн чөлөөтэй. Цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар хөхний толгойн доод талд тогших, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэнэ. Биед өөр ил харагдах гэмтэлгүй... ДҮГНЭЛТ 1. А.Аын биед баруун хөмсөг, нүдний зовхи, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлдлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Шүүгдэгч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би уурандаа Т.Б-ийг гараараа цохих гэж байгаад хажууд нь зогсож байсан караокены ажилтан болох 30 орчим насны эрэгтэйг нэг удаа цохичихсон... ахин караокены ажилтан болох 30 орчим насны эрэгтэй рүү дайраад түүнийг үсэрч байгаад хөлөөрөө жийгээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон ба би түүнийг Балтсүх л байна гэж бодоод дайрсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кремиль” гэх нэртэй рестораны гадна Т.Бтэй андуурсан гэх шалтгаанаар А.Аын нүүр хэсэгт нь цохих, жийж унагаах үйлдлээр түүний эрүүл мэндэд нь баруун хөмсөг, нүдний зовхи, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч А.Ат учирсан хохиролд 300.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.Мг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Алтан овогт М.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.М нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР