Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/395

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         03         16                                         2022/ШЦТ/395

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан эрүүгийн 2203 00046 0120 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Т, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, тусгай дунд боловсролтой, радио телевизийн засварчин мэргэжилтэй, ********************-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ****************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний 10 цаг 41 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудалд “Skywell” маркийн 16-21 УНС улсын дугаартай автобусыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4, 10.1-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс автобусны хаалганд Д.Сгийн гарыг хавчиж, чирэгдсэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Д.Сгийн гарыг хавчих, чирэх зэргээр биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-15/,

-Хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...13 дугаар хорооллын автобусны буудал дээр ирээд хүн цөөтэй харагдаж байсан ногоон автобусанд суух гээд бариулаас нь бариул хөдлөөд явчихсан. Тэгээд л чирэгдээд босоод ирсэн чинь гутал маань задарчихсан хөлөөс маань цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

-Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Голомт банк орох гэж явж байтал нэг үл таних эмэгтэй их хэмжээгээр цус алдаж байхыг хараад яасан эгчээ гээд асуутал тэр үл таних эгч сая автобусны буудал дээр автобусанд чирэгдээд уначихлаа гэж хэлэхээр нь би цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

-Гэрч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү Ц.Т нь их төлөв даруу зантай, ах дүү амраг садандаа их тусч, бас ажлын хамт олондоо нэр хүнд сайтай, даруухан зантай, их хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Ц.Т нь баяр ёслолын үед хааяа ганц, нэг хундага уудаг. Өөр архи ууж байгааг нь би лав хувьдаа мэдэхгүй. Өмнө нь ямар нэгэн зав тээврийн осол гаргаж байгаагүй санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

-Гэрч Ц.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай төрсөн ах их дажгүй зантай, архи дарс хэрэглэдэггүй. Даруу төлөв зантай, ажил албандаа үнэнч нэр хүнд сайтай, гэр бүлийн хүрээнд нэр хүнд сайтай, ажлыг нэг хийвэл дуусгаж байж санаа нь амардаг. Гэр бүлээ тэжээж яваа залуу байгаа юм...”  гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1245 дугаар: “... 1. Д.Сгийн биед баруун тавхайн эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн тайрагдалт, баруун тавхайн эрхий, долоовор, дунд хурууны 1 дүгээр шивнүүр, чигчий хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал, баруун тавхай, шагай, өлмий, өсгийд шарх, баруун нүдний зовхи, зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Баруун тавхайн эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн тайрагдалт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулана.” гэх дүгнэлт /хх-ийн 38-40/,

-2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130 дугаар Мөрдөгчийн магадалгаа зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний 10 цаг 41 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудалд “Skywell” маркийн 16-21 УНС улсын дугаартай автобусыг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4, 10.1-д заасан заалтуудыг зөрчиж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйгээс автобусны хаалганд Д.Сгийн гарыг хавчиж, чирэгдсэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.С нь өөрт учирсан гэм хорын хохиролд 6.700.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Тас авсан, мөн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ц.Тг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ц.Тд 1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт Ц.Тд 1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (сая) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ШИНЭБАЯР