Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/393

 

 

 

                                               

 

 

 

 

 

      2022          03          16                                     2022/ШЦТ/393

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан эрүүгийн 1906 05714 0057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Ө, 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Эрээн суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************* оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь “Зар мэдээ” сонинд “Гурван өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуулсны дагуу иргэн Б.Ч нь 85748416 гэсэн дугаарын утсаар холбогдож, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан сан” хотхоны 1 дүгээр орц, 901 тоотоос түрээсийн нэг сарын төлбөр 600.000 төгрөг, барьцаа 600.000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг Б.Өын “ХААН” банкны ********** дугаартай дансанд шилүүлсэн буюу Б.Ө нь бусдыг хуурч буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад бага хэмжээний хохирлоос дээш төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ө нь иргэн Б.Чээс нийт 1.200.000 төгрөгийг бусдыг хуурч буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад бага хэмжээний хохирлоос дээш төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Хөнгөн шийдвэрлэж өгнө үү." гэв.

 

Хохирогч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сониноос 3 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ******** гэх дугаарын утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Алтан сан” хотхоны байрны 901 тоотод очиж уулзаад ...тэр даруй 3 өрөө байрны урьдчилгаа 600.000 төгрөгийг “Хаан” банкны мобайл банкаар Б.Ө гэх “Хаан’’ банкны ********** гэх данс руу шилжүүлээд түлхүүрээ аваад явсан...орой нь үлдэгдэл нэг сарын төлбөр болох 600.000 төгрөгийг шилжүүлээд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой байранд орох гээд ирэхэд ******** гэх утас руу залгахад утсаа унтраасан байхаар нь шууд тэр байр луу ороход аль хэдийн хүмүүс орчихсон байсан... надтай уулзсан мөнгө авсан эрэгтэй хүнийг би хараад танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 27- 28, 29-30/,

 

Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд манай нөхөр Б.Ө ******** дугаарын утсыг хэрэглэж байсан. Одоо ашиглахгүй байгаа... 2019 онд нөхөр Б.Ө бид хоёр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум руу нүүж амьдрах болоод мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд Б.Ө эгчээсээ мөнгө авсан гэж хэлээд миний данс руу 1.220.000 төгрөг шилжүүлсэн... ********** дугаарын данс нь манай нөхөр Б.Өын эзэмшлийн данс, харин 5064950510 дугаарын данс нь миний өөрийн эзэмшлийн данс...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...түрээслэн суудаг байсан ба түрээсийн хугацаа дуусаад зарын сайт дээр зар тавьж үл таних Б.Ч гэх хүнээс байрны түрээс болох 1.200.000 төгрөгийг авсан... тухайн үед ажилгүй байсан тул мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122/,

Б.Өын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49/,

Д.Оын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 131-136/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Өыг иргэн Б.Чээс нийт 1.200.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад бага хэмжээний хохирлоос дээш төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ө нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Ө нь бусдад учруулсан хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Өыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Өт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт Б.Өт 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР