| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/00918/И |
| Дугаар | 102/ШШ2017/01119 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01119
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ХД 22 дугаар байр, 5 тоотод оршин суух, Их Мянган овогт Баяртогтохын Отгонбаатар /РД:уу70112814/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 5Б байр, 32 тоотод оршин суух, Боржигон овогт Галсанпунцагийн Нинжбадгар /РД:хб85012468/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 38,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 3 дугаар сарын 14-нд иргэн Г.Нинжбадгартай тохиролцож Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 10.5 га аж ахуйн зориулалттай газар авахаар тохиролцон 33,300,000 төгрөг өгч мөнгө хүлээлцсэн баримт, хэлцэл үйлдэн нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан юм. Гэтэл одоог хүртэл мөнгө ч үгүй газар ч үгүй болоод байгаа билээ. Мөн миний бие нь Г.Нинжбадгараас Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд 748 м.кв газар худалдаж авсан бөгөөд уг газрыг авхад ББСБ-д 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг надаас зээлж уг зээлээ төлж байсан ба одоог хүртэл 5,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа билээ. Иймд хуулийн байгууллагад хандан шударгаар шийдүүлэн алдсан мөнгөө буцаан авахаар танай шүүхэд хандаж байгаа нь энэ юм. Г.Нинжбадгарыг залилан мэхэлсэн хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт гомдол гарган шалгуулж буруутайг нь бүрэн тогтоож, мөн өөрөө ч хүлээн зөвшөөрөөд байсан ч харамсалтай нь өршөөлийн хуулинд хамрагдан хэрэгсэхгүй болсон юм. Хэдий хэрэгсэхгүй болсон ч миний иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй байгаа билээ. Г.Нинжбадгар нь хэдийгээр хохирлыг барагдуулна хэмээн мөрдөн байцаалтын үед амалсан ч ямар эх үүсвэрээс хэзээ яаж барагдуулах нь тодорхойгүй одоог хүртэл худлаа ярьсан хэвээр, хугацаа хожих зорилготой байгаа нь илт харагдаж байгаа билээ. Уулзах болгонд удахгүй олоод өгнө, түр хүлээж байгаач гэж худлаа ярьдаг хэвээр. Сүүлийн үед уурлан “өгдөг шүүхдээ өгөхгүй юу, тэр шүүхийг чинь яахыг нь харья” гэж хууль, шүүхийн байгууллагыг басамжилж, доромжилж доог тохуу хийж байгаа тул уг хэргийг шударга үнэнээр түргэн шуурхай шийдэн хохирогч Б.Отгонбаатар миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Б.Отгонбаатар би Г.Нинжбадгарт зээлдүүлсэн 38,300,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч хоорондоо эвлэрсэн тул бидний эзгүйд хэргийг хуульд заасны дагуу эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Нинжбадгар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Отгонбаатарын 38,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг Г.Нинжбадгар миний бие хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг буцаах хугацаа тодорхой бус байгаа. Учир нь Г.Нинжбадгар миний бие нь 2014 оноос 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хорт хавдартай ээжийгээ сахин ажиллах боломжгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээж маань таалал төгссөн. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс ажлын байр түрээслэн өөрийн үндсэн ажил болох оёдол эсгүүрийн ажлаа эхлүүлсэн. 6 сар болж байна. Одоогоор цалин, түрээсийн өртэй ашиг, орлого, ажил жигдрээгүй байгаагийн улмаас тус өрийг барагдуулах хугацаа тодорхой бус байгаа хүлээн авна уу. Хуулийн дагуу хугацаа олгож шүүхийн заасан хугацаанд дээрхи төлбөрийг барагдуулна гэжээ.
Хариуцагч Г.Нинжбадгар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Отгонбаатарын нэхэмжлэлийн дагуу Г.Нинжбадгар надад үүссэн 38,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хурал 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон байна. Шүүх хуралдааныг бидний эзгүйд эцэслэн шийдэж өгнө үү. Учир нь бид 90 хоногийн хугацаанд төлбөрийг барагдуулахаар эвлэрлийн гэрээ хийсэн гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Отгонбаатар би Г.Нинжбадгараас авах 38,300,000 төгрөг буцаан авахаар танай шүүхэд хандсан билээ. Хариуцагч Г.Нинжбадгар эвлэрэх санал тавьснаар бид хоорондоо тохиролцон, Г.Нинжбадгар нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 14-ний хооронд хуваан төлөхөөр санал тавьснаар бид хоорондоо эвлэрч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар нь хариуцагч Г.Нинжбадгарт холбогдуулж 38,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 38,300,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэж тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Нинжбадгар нэхэмжлэлийн шаардлага болох 38,300,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний дотор нэхэмжлэгч Б.Отгонбаатарт бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 349,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |