Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01114

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01114

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 30-479 тоотод оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн Энхриймаа /РД:мю75111502/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 45/3 дугаар байр, 603 тоотод оршин суух, Жонгороо овогт Очирын Сарангуа /РД:ух62041881/-д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхриймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Сарангуа нь 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зохиогдох “Бид шинэ зууны хүүхдүүд” нэртэй хүүхдийн сүлд модны наадмын баярын үйл ажиллагаа дангаараа зохион байгуулах, уг арга хэмжээг зохион байгуулах зориулалтаар 10,000,000 төгрөгийг иргэн Д.Энхриймаа нт иргэн О.Сарангуад хүлээлгэн өгөх үүргийг хүлээж талууд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу Д.Энхриймаа нь О.Сарангуад 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8,500,000 төгрөг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны 50113039025 дугаартай дансаар 1,500,000 төгрөг шилжүүлэн хүлээлгэн өгсөн. О.Сарангуа нь 10,000,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулах, шинэ жилийн ажиллагаатай холбоотой санхүүгийн материалуудыг танилцуулах, грэээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, Д.Энхриймаагийн хөрөнгө оруулсан 10,000,000 төгрөгийг 4,000,000 төгрөгний ашгийн хамт нийт 14,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн. Гэвч О.Сарангуа нь тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй. Улмаар 2 тал төлбөр төлөх хугацааг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 сараар сунгасан. О.Сарангуа нь 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 06-08-ны хооронд төлье. Ашиг болох 8,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн өмнө төлж дуусгая гэсэн бичгийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийж өгсөн. Улмаар Д.Энхриймаад төлөх ёстой төлбөрөө 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 14 хоног тутамд 200,000-300,000 төгрөг өгч байя. 2015 оны 12 дугаар сарын 15-30 хооронд доод тал нь 5,000,000 төгрөг бөөнд нь төлье гэсэн бичгийг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй. Иймд О.Сарангуагаас мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан боловч шүүхэд ирээгүй. Харин О.Сарангуад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бямбадоржийн Пүрэвцэрэн гардан авах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх, шүүхэд давж заалдах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдлэнэ гэсэн тул дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч О.Сарангуагаас түүнд миний өгсөн 10,000,000 төгрөг ашиг 8,000,000 төгрөгний хамт нийт 18,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Даваасүрэнгийн Энхриймаа, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бямбадоржийн Пүрэвдорж нар Очирын Сарангуад холбогдох 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг харилцан тохиролцсоны үндсэнд эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 18,000,000 төгрөгийг багасгаж, хариуцагч 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгууллаа. Энэхүү 12,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүгчийн захирамжаар албадан биелүүлнэ. Төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 20-нд төлж дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхриймаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Энхриймаа миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэнтэй шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Энхриймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж бид хоёр шүүхийн шатанд эвлэрлийн гэрээг байгуулж эвлэрсэн тул хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                           

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судлаад                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхриймаа нь хариуцагч О.Сарангуад холбогдуулж 18,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Энхриймаа нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч тал эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зохигчид “нэхэмжлэгч Д.Энхриймаа өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 12,000,000 төгрөгийг хариуцагч О.Сарангуа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулна” гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 206,650 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ