Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0232

 

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: З.Б

       Хариуцагч: БОАЖЯ-ны ТНБД.

    Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖЯ-ны ТНБД-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус сахилгын шийтгэл байсныг тогтоолгон, урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, нэхэмжлэгч З.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Миний бие З овогтой Б нь 1994 онд төрсөн. 2016 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн  "Байгалийн ухааны сургууль"-ийг Газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр, 2019 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  харъяа "Билиг дээд сургууль"-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн бичгийн даргын Б113 тоот тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, газрын дотоод ажил хариуцсан гэрээт ажилтнаар томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/147 тоот тушаалаар Байгалийн нөөцийн хамтын Менежментийн нөхөрлөл, Сайдын зөвлөлийн хуралдаан, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн ажиллаж байтал миний биед урьдчилан мэдэгдэлгүй, миний тайлбарыг авалгүй мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 тоот тушаалаар “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

     Тушаалаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус яамны хүний нөөцийн мэргэжилтэн Д.Б-аас гардаж аван мэдсэн болно. Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа Тайвань улсын Тайпэй хотод "Газарзүйн мэдээллийн систем", Бүгд найрамдах Хятад Ард Улсад "Бүс нутгийн аюулгүй байдал” зэргээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж амжилттай төгссөн. 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам яам байгуулагдсаны 30 жилийн ойгоор Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу" медалиар шагнагдаж байсан ба жил бүр удирдлагуудтай байгуулсан Үр дүнгийн гэрээг A, B үнэлгээгээр дүгнүүлж ажиллаж байсан.

      2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн миний биеэр тууралт гарч гадуур эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сараас эхлэн биеэр гарсан тууралт нэмэгдэж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр "Арьсны өвчин судлалын үндэсний төв -д дахин шинжилгээ өгөхөд "зоосон экзем" нэртэй онош гарч тус эмнэлгийн Клиникийн 3 дугаар тасагт хэвтэн эмчлүүлэх шийдвэр гарсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гараад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орох гэтэл тус яамны хүний нөөцийн мэргэжилтэн Д.Б миний биед "З.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 тоот тушаалыг танилцуулсан.

          Мөн Төрийн албаны тухай хууль болон, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д тус тус заасны дагуу нэг ч удаа миний биеэс тайлбар аваагүй, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон үндэслэл, холбогдох баримт материалыг миний биед танилцуулаагүйгээс гадна сонсох ажиллагаа явуулаагүй байна

       Миний бие энэ жил Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд тус тус заасны дагуу ээлжийн амралтаа эдлээгүй болно” гэжээ.

         Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын Б/172 тоот тушаал хууль бус гэж үзэж байна. Монгол улсын Төрийн албаны зөвлөл Засгийн газрын эрхлэх газрын дарга нарын  хамтран гаргасан сахилга хариуцлага дэг журам чангатгах тогтоол болон сахилга хариуцлага тооцох журмыг зөрчсөн гэж үзэж байна.  Учир нь энэ журам тогтоолын дагуу ажиллагаа хийгдээгүй,  дурдсан хууль зүйн үндэслэлүүд нь хууль бус.

         Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайдын өгсөн шуурхай үүрэг даалгаврыг  шууд биелүүлэх үүрэгтэй гэж байна. Газар хэлтсийн дарга нарт  Яамны гурван өндөрлөг буюу дэд сайд, сайд, Төрийн нарийн бичгийн дарга үүрэг өгдөг болохоос биш мэргэжилтэнд цохож үүрэг өгдөггүй. Газар хэлтсийн дарга нараар дамжин тухайн ажиллагаа явагддаг.

         Мөн шуурхай хурлын даалгавар биелүүлээгүй гэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын шуурхай хуралдаанд  ямар албан тушаалтанд ямар хэлтсийн тэрэнд гэж үүргийг шуурхай төлөвлөгөөний ар талын хүснэгтэд байдаг болохоос биш. Тэр газрын тэр мэргэжилтэн гэж хэзээ ч шуурхайн хуралдааны төлөвлөгөөнд   тусгадаггүй.

       Мөн сайдын зөвлөлийн хуралдааны баримт материалуудыг архивлаагүй гэж байна. Намайг ажлаас чөлөө олгох хүртэл буюу 2019 оны 10 дугаар сард Архивын ерөнхий газрын шалгалт ороогүй байсан. Хаа байсан 12 сард Архивын ерөнхий газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны  архивт шалгалт хийсэн. Үүнийг 10 сард урьдчилж мэдэх боломжгүй.

         Мөн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг даалгавраа хэрэгжүүлээд явж байгаа. Дээрээс нь сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа боловч  газрын хурлыг хэзээ ч сонсох ажиллагаанд тооцдоггүй. Сонсох ажиллагааг тусдаа ажлын хэсэг байгуулаад дотоод аудитын газраар орсны дараа Төрийн нарын бичгийн дарга танилцуулах ёстой байдаг. Ийм ямар ч танилцуулга хийгдээгүй” гэв.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “З овогтой Б нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ажиллаж байх хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөөгүй, бүх ажлаа орхиод явсан ажлаа хүлээлгэж өгөх талаар удаа дараа 10-аад удаа утсаар ярьсан боловч "Өнөөдөр, маргааш Архангайд явж байна, хувийн ажил их байна. MSC ХХК-д ажилд орох гэж Байна” гэсээр өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа нь төрийн албаны тасралтгүй шуурхай байх зарчмыг алдагдуулж байна. Сайдын зөвлөлийн хуралдааны материалыг архивлаагүйгээс архивын улсын үзлэгийн шалгалт ирэхэд 2017, 2018 оны архивын тайлан хийгдээгүй зөрчил гарсан. Үнэлгээний хороо байгуулж, гэрээ байгуулсан ч дүгнэж ажиллаагvй, хугацаа хэтрүүлсэн. Үүнээс болж ажил гүйцэтгэх гэрээ үнийн дүнгээ дvгнэлгүй орхиж явснаас тухайн компаниуд эхний ээлжийн мөнгийг аваагүй. Байгал орчны менежментийн нөхөрлөлүүдийг хариуцаж ажиллан үзэсгэлэн зохион байгуулах байсан боловч үүнийг мөн орхигдуулсан. 3.Б нь өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй ба шуурхайн хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврыг хийхээс удаа дараа татгалзаж байсан. Хуралдаанаар өгсөн даалгавар болон бусад ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч З.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн эхний шаардлага нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  Б/172 тоот Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын тушаалыг хүчингүй болгуулах гэж байна. Тушаалын үндэслэлийг хууль бус  тул хүчингүй болгоно гэж тайлбарлаж байна. Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.6.8 болон 9.6.9 дахь хэсэгт Төрийн нарийн бичгийн даргын эрх үүргийг заасан байдаг. Төрийн албаны тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.  Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”. Дараа нь тус зүйлийн 37.1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” мөн тус зүйлийн  37.1.8 дахь хэсэгт өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; 37.1.16 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заасан байдаг. Дээд шатны удирдлага буюу төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтнийг шууд харьяалах эрх бүхий этгээд болох төрийн захиргаа удирдлагын газрын даргын хуульд нийцсэн үүрэг даалгавар болон, шуурхай хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс удаа дараа татгалзсан. Мөн “өөрийн мэдлэг ур чадвараа байнга хөгжүүлэх хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” гэж заасан бөгөөд З.Б нь сайдын зөвлөлийн хурлыг хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд тус хуралдааны тэмдэглэл болон архивд хүлээлгэж өгөх ёстой байсан 2016 оноос 2018 оны материалыг хүлээлгэж өгөөгүйгээс Архивын ерөнхий газраас шалгалтаас тааруу үнэлгээ авсан. Энэ нь хийх ёстой байсан ажлын хүрээнд хангалтгүй биелүүлсэн тул үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэн сахилгын шийтгэлийг ногдуулсан байдаг. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх гэсэн заалтыг зөрчиж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны хөдөлмөрийн дотоод журамд заасан байгаа. З.Б нь ямар нэгэн дээд шатны байгууллага болон дээд шатны харьяалах этгээдэд мэдэгдэлгүйгээр шууд ажлаа хаяж явсан. Ажлаа хаяж явснаас хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн эмнэлгийн бичиг өгсөн. Тус ажлаа хаяж явснаас хойш эмнэлэгт хэвтсэн хүртэл хугацааг ажил тасалсан хугацаанд орно. Хөдөлмөрийн дотоод журмын 6.6 дахь хэсэгт “Газар хэлтсийн дарга нар гадуур түр ажлаар яваад буцаж ирэхдээ сайд, дэд сайд, болон Төрийн нарийн бичгийн даргын туслахад бүртгүүлнэ, мэргэжилтнүүд гадуур явахдаа газар хэлтсийн даргадаа мэдэгдэж ирсэн, явсан тухайгаа бүртгэлийн дэвтэрт бичнэ” гэж заасан байдаг. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу тус мэргэжилтэн нь тухайн ажиллагааг хийгээгүй. Мөн ажлын цагийг хий дэмий өнгөрүүлсэн. Хэрэв энэ тухайгаа мэдэгдсэн бол хөдөлмөрийн дотоод журмын 6.9 дэх хэсэгт зааснаар  гачигдал гаргасан албан хаагчийн өөрийн хүсэлтийг үндэслэн хэлтсийн дарга нэг өдрийн чөлөө олгоно, газрын дарга ажлын  1-3 хоногийн чөлөө, Төрийн нарийн бичгийн дарга ажлын 4-5 хоногийн чөлөө олгоно. Үүнээс их байх тохиолдолд Төрийн нарийн бичгийн тушаалаар 90 хоног хүртэлх хугацаагаар чөлөө олгоно” гэж заасан байдаг.  Тус биеийн байдал муу байсан, эмнэлэгт хэвтсэн гэдгээ дээд шатны байгууллагад хэлээд хэлтсийн дарга болон газрын даргаасаа чөлөө авсны дараа эмнэлэгт хэвтэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ үйл ажиллагааг хийгээгүй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байх ба 37 дугаар зүйлийн 4 заалтыг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь хэсэгт “төрийн албанаас халах” шийтгэл ногдуулсан. Мөн тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Тус тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга гаргасан. Төрийн албаны тухай хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эдгээр шийтгэлийг заавал дараалуулж хэрэглэх шаардлагагүй тул  төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Монгол улсын сайд, Засгийн газрын эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалд тодорхой заасан байдаг. Тус тушаалын 1.5.1 дэх хэсэгт “сануулах” 1.5.2 дахь хэсэгт “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах”, 1.5.3 дахь хэсэгт “Төрийн албанаас халах”, 1.5.4 төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” буюу сахилгын шийтгэл оногдуулах 4 үндэслэл байдаг ба төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг хэрэглэсэн. Монгол улсын сайд, Засгийн газрын эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах” гэж тодорхой заасан байгаа.

        Сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хурлын тэмдэглэл болон хурлын бичлэгт З.Бт сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдсэн. Уг хуралд З.Б тухайн сонсох ажиллагаа дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ тохиолдолд Монгол улсын сайд, Засгийн газрын эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалын 2.6 дахь хэсэгт “Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана” гэж заасан байдаг.

      Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгаварт Засгийн газрын гишүүд 1.3 дахь хэсэгт “дутагдал гаргасан албан тушаалтанд тухай бүрт нь хариуцлага тооцож ажиллана” . Тухайн журмын 1.4 дэх хэсэгт “төрийн албаны үр ашгийг сайжруулах, ажилтан албан хаагчийн цаг ашиглалтыг сайжруулах,үр дүнтэй хийж гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахих” гэж заасан. Тус журмын 2.4 “хууль тогтоомж зөрчсөн, ажил үүргээ цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, зохих байгууллага албан тушаалтанд мэдээлэлж байна”. гэж заасан    

          Иймд захиргааны актын үндэслэл хэсэг бүрдсэн, хууль зүйн үндэслэлтэй сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж ярьсангүй. Ямар учраас хууль бус гэж үзэж байгаагаа хэлсэнгүй. Нэхэмжлэлийн үлдсэн 4 шаардлагын үндэслэлээ тайлбарласангүй. Энэ нь хууль бус би тухайн ажилд эгүүлэн томилогдмоор байна гэсэн л нэхэмжлэлийн шаардлага болсон байна.

       Мөн хөдөлмөрийн дотоод журмын 11.3 дахь хэсэгт албан хаагч нь ажлын нэг өдөр буюу 8 цагаас дээш хугацаагаар шалтгаангүйгээр ажлаа тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавраа хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжид үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

       Өмнөх шүүх хуралд дээр  тодорхой яригдсан 2017 оны орон тоо баталсан тушаалыг нэмэлтээр шүүхээс авахуулсан нотлох баримтад хүргүүлсэн. Үүнд З.Б-ыг Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, Үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогдсон тушаал байгаа. Өмнөх шүүх хуралд нэхэмжлэгч З.Б хэлэхдээ миний чиг үүрэг дээр нэмэгдэж 1,2  чиг үүрэг нэмэгдсэн ба тухайн ажлуудыг бүгдийг нь хийдэг байсан гэдгээ хэлсэн. 2018 оны албан тушаалын тодорхойлолт дээр нөхөрлөл болон үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалын тодорхойлолт шинэчлэгдэж өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ 2017 оны орон тооны тогтоол баталсан тушаал нь хэвээрээ үлдсэн. 2017 оны орон тоо баталсан тушаалд заасан чиг үүрэг болон 2018 онд албан тушаалд  нэмэгдсэн чиг үүргийг бүгдийг хийж хэрэгжүүлдэг байсан.

          Тухайн хавтаст хэрэгт ажилгүйдлийн  тэтгэмж болох 1.403.397 төгрөг авдаг байсан тухай нотлох баримт байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Төрийн нарийн бичгийн даргаас гаргасан Б/172 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Б нь ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлыг үр бүтээлтэй хийгээгүй. Ажлын чиг үүрэгт зааснаас бусад дээд шатны албан тушаалтнаас өгсөн шуурхай үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тус үүргээ биелүүлэхээс татгалзсан. Өөрийн ажил албан тушаалд заасны дагуу үйл ажиллагаа хийнэ гэсэн боловч тухайн ажлаа хийж гүйцэтгээгүй нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ч тайлбарласангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

        Нэхэмжлэгч З.Б Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус сахилгын шийтгэл байсныг тогтоолгон, урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч З.Быг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.16-д заасныг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн Б/172 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй.

          Учир нь нэхэмжлэгч З.Б ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, хориглосон үйл ажиллагаа явуулсан нь хангалттай нотлогдоогүй, сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй байхад албанаас халах шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч З.Б БОАЖЯ-ны ТНБД-ын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/113 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, биелэлт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллажээ.

          Хариуцагч ажил олгогчоос З.Б-ыг Б/147 дугаар тушаалаар “Сайдын зөвлөлийн хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, биелэлт хариуцсан мэргэжилтнээр томилж, 2017 оны 04 дүгээр сард баталсан ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор “Орон нутаг, хууль тогтоомж, хуралдааны зохицуулалт, Сайдын зөвлөлийн хурал, яамны автомашины зохицуулалт, газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”, 2018 оны 03 дугаар сард баталсан ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор “Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн”-ний чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр өөрчилж баталжээ.

          Дээрх ажлын байрны тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч З.Б 2018 оны 03 дугаар сараас түүний албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт орж “Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн”-нээр ажиллаж байсан гэж үзэхээр байна.

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн  бичгийн дарга маргаан бүхий актыг гаргахдаа “З.Б нь төрийн албаны захирах, захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаж чадаагүй...” гэж дүгнэн сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь уг тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.16 –д заасантай хэрхэн нийцэж байгаа талаар хангалттай нотлоогүй байна.

          Өөрөөр хэлбэл төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, захирах захирагдах ёсыг баримтлах зарчим болон төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах үүднээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.8-д “өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;” гэдгийг төрийн албан хаагч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн биелүүлээгүй, төрийн албаны захирах, захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаж чадаагүй зэргээс төрийн албанд болон байгууллагад ямар ноцтой үр дагавар учирсан эсхүл ажилтан өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөнөөс тухайн албан тушаалд ажиллах боломжгүй болсон талаар хангалттай нотолсны үндсэн дээр сахилгын зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

      Гэтэл энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нь удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан, 2016-2018 оны архивын материалыг хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын цагийг үр ашигтай хангаагүй, удирдлагад мэдэгдэж чөлөө авалгүй эмнэлэг явж ажил тасалсан гэх нөхцөл байдлууд нь тогтоогоогүй байна.

      Учир нь нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн, 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь эмнэлгийн магадлагаа[1], эмнэлгийн хуудас[2], амбулаториор эмчлүүлэгчийн карт[3]  зэргээр нотлогдсон, Архивын үзлэг шалгалт  З.Б-ыг ажиллаж байх хугацаанд тус яаманд ирээгүй бөгөөд маргаан бүхий тушаалаар ажлаас халагдсаны дараа ирсэн Архивын үзлэгийн үр дүнг энэхүү актын үндэслэл болгосон талаар тайлбарлаж байгаа нь хууль бус байна.

         Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газарт байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 3 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын явцын талаар хуралдаан болсон бөгөөд нэхэмжлэгч З.Б энэ хуралдаанд өөрийн биеэр оролцсон байна.

          Тус хуралдааны тэмдэглэлээс үзэхэд үзэсгэлэн худалдаа болох хугацааг хойшлуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд харин мэргэжилтэн З.Быг чухам ямар чиг үүрэг хэрэгжүүлээгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх чиглэл өгч байгаа нь тодорхойгүй байна.

          Уг хуралдаанаар хэн нэг ажилтны сахилга хариуцлагын талаар бус тухайн цаг хугацааны үед зохион байгуулагдах байсан үзэсгэлэн худалдааны ажлын явц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудын талаар хэлэлцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд энэхүү ажлыг зохион байгуулахтай холбоотой ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй орхигдуулсан эсхүл биелүүлээгүй талаар тодорхой дүгнэж шийдвэрлэсэн баримт тусгагдаагүй байна.

          Нэхэмжлэгч нь Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний орон тоон дээр төрийн албаны дэс түшмэлийн ангилалд ажилладаг түүний албан үүргийн биелэлтийг хэмжих үзүүлэлт нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд “..Байгалийн нөөцийн хамтын менежмент, нөхөрлөлүүдийн чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, нөхөрлөлийн бүртгэл судалгаа хийх” чиг үүрэгтэй[4] байна.

          Энэхүү чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгч үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаарх удирдамж, албан даалгаврыг аймаг орон нутагт хүргүүлсэн, зарим гэрээ хэлэлцлүүдийг хийгээд явж байгаа талаар энэ тухай хэлэлцсэн хуралдаан дээр тайлбарласан байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, захирах захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй гэх үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцээгүйн дээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр гарсан гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Б-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, захирах захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй гэх зөрчлийг хэрхэн шалгаж тогтоосон, ямар нотлох баримтыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

          Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно.”, 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.”2.7-д “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй.” гэж зохицуулжээ.

       Гэтэл хариуцагч яамны Төрийн нарийн бичгийн дарга дээрх процесс ажиллагааг хийлгүйгээр, зөрчил үйлдсэн талаар шалгаж тогтоолгүй сахилгын шийтгэл оногдуулсныг зөвтгөх боломжгүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас....халахыг хориглоно.” гэж хуульчилсантай болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын холбогдох зохицуулалтуудтай нийцээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, менежментийн ажлын хүрээнд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/542, 10 дугаар сарын 11-ний өдрийн 09, 10 дугаар сарын 16-ны өдрийн А/582 дугаар тушаалыг хэрэгжүүлж Ажил гүйцэтгэх гэрээ, Үзэсгэлэнгийн байр ашиглалтын гэрээ, Телемарктенгийн үйлчилгээ үзүүлэх гэрээг холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэж, удирдамж боловсруулж батлуулах зэргээр зохих хэмжээнд гүйцэтгэсэн байхад төрийн албаны захирах, захирагдах ёс, зарчмыг баримтлаагүй, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаж чадаагүй гэж дүгнэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

        Өөрөөр хэлбэл бодит байдал дээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.16-д заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй байхад энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй.

        Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017, 2018 оны болон 2019 оны эхний хагас жилийн Үр дүнгийн гэрээний биелэлт “В” буюу сайн үнэлгээтэй дүгнэгдсэн нь хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болгосон удирдлагаас өгсөн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээж ханган ажиллаж чадаагүй гэх дүгнэлтийг үгүйсгэж байна.

          Мөн нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд ээлжийн амралтаа эдлэхээр Төрийн нарийн бичгийн даргын “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” А/29 дүгээр тушаалын хавсралтаар баталсан хэдий ч ажлын ачаалал, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан биеэр эдлээгүй бөгөөд ээлжийн амралтаа эдлэх эрхээ хэрэгжүүлэх талаар нэхэмжлэлийн нэг шаардлага болгон тодорхойлсон байна.

      Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.”, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” А/26 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.3-д “.....Ажилтан тухайн ондоо багтаан ээлжийн амралтаа биеэр эдлэнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан мөнгөн урамшууллыг төсөвтөө багтаан олгоно.” гэж тус тус зохицуулжээ.

       Харин нэхэмжлэгч ээлжийн амралтаа эдлэх байсан 08 дугаар сард ажлын зайлшгүй шаардлага гарч амралтаа 10 сард эдлэхээр удирдлагатайгаа тохирсон байсан гэж тайлбарлаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнтэй маргаагүй байна.

       Иймд  Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу биеэр эдлээгүй ээлжийн амралтаа эдлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд  шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй гэж дүгнэв.

        Нэхэмжлэгч сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдсаны дараа Нийгмийн даатгалын сангаас 3 сарын хөдөлмөрийн хөлсний дундажаар ажлаас халагдсаны тэтгэмж 1403397 төгрөгийн тэтгэмж авсан байна.

         Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож олгоно.” гэж тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байна.

      Харин нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халагдсаныг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож  шийдвэрлэж байгаа тул ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийх нь зүйтэй.

        Түүнчлэн хариуцагч захиргааны акт гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх оролцоог хангаж, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй нь энэ хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

          Мөн нэхэмжлэгч З.Б-ын ажилгүй байсан хугацаанд авах байсан цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд бодож нийт 3107190 (Гурван сая нэг зуун долоон мянга нэг зуун ерэн) төгрөгийг олгох нь зүйтэй байна.

          Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч БОАЖЯ-ны ТНБД төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халж түүний эрхийг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийн Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, хууль бус сахилгын шийтгэл байсныг тогтоолгон, урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралтаа эдлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/172 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б-ыг урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, Байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хуульд заасны дагуу ээлжийн амралтын мөнгөн урамшуулал олгож, ажилгүй байсан хугацааны цалин 3107190 (Гурван сая нэг зуун долоон мянга нэг зуун ерэн) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 151 дүгээр хуудас