Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

           улсын яллагч Б.Нямханд /томилолт/

            насанд хүрээгүй хохирогч М.Гүнжийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваа, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,

            шүүгдэгч О.Ням-Осор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Отгоны Ням-Осорт холбогдох 201624000320 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, 1975 оны 12 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сум, Хайлааст баг 7-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Отгоны Ням-Осор, РД:ЙС75122016

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч О.Ням-Осор нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг “Сутай буянт” ХХК-ний урд замд Т.Корона маркийн 56-57 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Гүнжийг /13 настай/ мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Ням-Осорын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            2.Хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“....Хэргийн талаар болон хохирлын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй. Шүүгдэгчтэй эвлэрсэн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            3. Насанд хүрээгүй хохирогч М.Гүнжийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :  “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цаг 30 минутын үед хүүхдийн ордон руу дугуйландаа явах гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад зам дагуу алхаж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг “Сутай буянт” ХХК-ний зүүн талын замаар ерөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед явж байсан машинууд зам тавьж өгөөд зогссон юм. Тэгээд би машинууд зогсож байгаа юм чинь гэж бодоод зам гараад дуусах гэж байтал замын 1 дүгээр эгнээгээр явж байсан машин зогсолгүй ирээд миний баруун талаас мөргөсөн. Тухайн үед би мөргүүлээд 2 өвдгөөрөө тулаад газар унасан. Тэгсэн жолооч нь бууж ирээд “чи гарцаар гарч байж болгоомжтой гарахгүй яасан юм бэ” гээд загнаад байсан. Тэгээд би жолооч ахын утсаар ээж рүүгээ залгаж болсон явдлын талаар хэлсэн. Тухайн үед ослын дараа жолооч намайг машиндаа суулгаад эмнэлэг явна гээд хөдлөөд явснаа нэг их холдоогүй 5 шарын автобусны урд талын буудлын зогсоол руу ороод нэг ТҮЦ-ний араар зогссон. Тэнд зогсож байхад түргэн ирээд намайг үзчихээд аваад явсан. Түргэн намайг аваад явах үед ээж ажлынхаа газрын нэг хүнтэй ирсэн. Би тэр хүнтэй нь хамт гэмтлийн эмнэлэг рүү яваад ээж жолоочтой хамт нөгөө ТҮЦ-ийн ард үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

            4. Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 13 цаг 30 минут орчим цайны цагийн үед миний утас руу 99741720 гэсэн дугаараас дуудлага орж ирэхээр нь аваад ярьсан чинь манай охин “ээжээ би машинд мөргүүлчихлээ” гэхээр нь “хаана” гэсэн чинь “5 шарын замд” гэхээр нь ажлынхаа газрын хүнтэй хамт машинд нь суугаад 5 шар руу явсан юм. Явах замдаа охиныг мөргөсөн гэх жолоочтой утсаар яриад “яг хаана юм бэ” гэсэн чинь “5-н шарын буудал дээр байна, танай охин чинь зүгээр миний машинд сууж байна” гэхээр нь “чи 102, 103 руу залгаж хэлсэн үү” гэсэн чинь “би утас мэдэхгүй” гэхээр нь би өөрөө цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Тэгээд би 5-н шарын автобусны буудлын ойролцоо ирээд дахиад нөгөө жолооч руу залгаад “яг хаана байна” гэхэд нэг ТҮЦ-ны ард очоод зогсчихсон байсан. Тэр үед түргэн ирчихсэн байхаар нь охиноо үзүүлсэн чинь аваад явна гэхээр нь хамт явж байсан ажлынхаа газрын хүнтэй охиноо хамт явуулаад би өөрөө жолоочтой үлдээд замын цагдаагаас хүмүүс ирэх үед хэмжилт хийлгэсэн. Охиныг анх мөргүүлсэн А цэг, газар унасан Б цэгийг жолооч цагдаа нарт зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 х/

 

            5. Техникийн шинжээчийн дүгнэлт №84:

“...Тоёота Корона маркийн 56-57 ТӨВ дугаарын тээврийн хэрэгслийн жолооч О.Ням-Осор нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх /хх-ийн 60 х/

 

            6. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4914 дугаартай дүгнэлт:

            “...М.Гүнжийн биед дунд чөмөгний дисталь хэсгийн булууд хугарал, өвдөгний хажуугийн холбоосын урагдал, суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 57 х/

 

7. Шүүгдэгч О.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

            “...2016 оны 4 дүгээр сарын 04-ний 13 цагийн үед Төв аймгийн Заамар сумаас хот руу орж ирсэн юм. Тэгээд хүүхдээ 7 буудал руу хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн Тоёота Корона маркийн 56-57 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг “Сутай Буянт” ХХК-ний зүүн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай явж байхад миний урд байсан явган хүний гарцын өмнө, замын 2, 3 дугаар эгнээнд 2 машин зогсож байхаар нь тэр 2 машины хажуугаар гарах гэтэл нөгөө 2 машины урдуур нэг охин зам хөндлөн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд гүйгээд гараад ирэхээр би тоормос гишгээд жолоогоо баруун гар тийш нь дарсан чинь зогсож амжилгүй нөгөө охиныг машиныхаа зүүн талын толиороо шүргэсэн. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь нөгөө хүүхэд машины араар тойроод гараад ирэхээр нь “яасан бэ дүү, зүгээр үү” гээд машиндаа суулгахад нөгөө хүүхэд “би зүгээрээ миний буруу, та намайг гэрт хүргээд өгчих” гээд байхаар нь би нөгөө хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гээд ослын газраас хөдлөөд явж байгаад нэг л буруу юм хийж байна гэж бодоод нээх хол явалгүй 5-н шарын автобусны буудал дээр ирж зогсоод нөгөө охиноос ээжийнх нь утасны дугаарыг аваад залгаж болсон явдлыг хэлчихээд ээжийг нь хүлээгээд зогсож байсан юм. Надаас ээж нь түргэн, цагдаад хэлсэн үү гэхээр нь би дуудлага өгөөгүй ээ сандраад, хэлсэнгүй ээ гэсэн чинь ээж нь над руу ирэх замдаа түргэн цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Тэгээд түргэн ирэх үед ээж нь хамт ирсэн. Түргэний эмч хүүхдийг үзчихээд аваад явахад нь ээж нь надтай үлдсэн. Дараа нь замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийсэн. Хүүхэд анх мөргүүлсэн А цэг газар унасан Б цэгийг би замын цагдаа нарт зааж өгсөн. Тухайн үед би 3-н хүүхэд нэг том хүнтэй явж байсан надад жолоочийн хариуцлагын Монгол даатгал байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 х/

           

            8. Хэрэг учралын газат үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 х/

            9. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 142 х/

            10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 х/

            11. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75 х/

  12. Хохиролын баримтууд /хх-23-29, 36, 53-55, 143х/ болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт, шүүгдэгчээс гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч О.Ням-Осор нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг “Сутай буянт” ХХК-ний урд замд Тоёота Корона маркийн 56-57 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч М.Гүнжийг /13 настай/ мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч М.Гүнжийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваагийн мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байхаас гадна түүнчлэн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй болно.

   Иймд шүүгдэгч О.Ням-Осорыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваа нь шүүгдэгч О.Ням-Осортой сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ням-Осорт холбогдох эрүүгийн хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч  О.Ням-Осор нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хх-ийн 74 х/-ээр тогтоогдсон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч О.Ням-Осор нь хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваад уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Гүнжид учруулсан хохирол, төлбөрт бэлнээр 600.000 төгрөг, эмчилгээнд 635.000 төгрөг, даатгалаас 4.915.887 төгрөг, нийт 6.150.887 төгрөг төлсөн гэснийг хохирогчийн төлөөлөгч Т.Эрдэнэгаваа нь хүлээн зөвшөөрсөн, цаашид гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч О.Ням-Осорыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Ням-Осор нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, 56-57 УНӨ улсын дугаартай Тоёота Корона маркийн тээврийн хэрэгсэл болон В ангиллын №488205 тоот мэргэшсэн жолоочийн үнэмлэх, Тоёота Корона маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг О.Ням-Осорт буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ням-Осор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны Ням-Осорыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Ням-Осорт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 56-57 УНӨ улсын дугаартай Тоёота Корона маркийн тээврийн хэрэгслийг, мөн В ангиллын №488205 тоот жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Ням-Осорт буцаан олгосугай.

 4. Шүүгдэгч О.Ням-Осор нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Ням-Осорт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Г.АЛТАНЦЭЦЭГ