Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1870

 

А.Дөлгөөний нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01736 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Дөлгөөний нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч А.Дөлгөөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00623 дугаар шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 040 000 төгрөг гаргуулж, “Мөнгөн зоос ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь зүйлийг заана” гэж, 46.1.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай”, 46.1.2-т “Албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг” гэж заасан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7/252 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоол нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй. Уг тогтоолд хуульд зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хаягийг заагаагүйгээс төлбөр төлөгч миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 7 дугаар  сарын 08-ны өдрийн 10 цагт болсон үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Дөлгөөний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоот 18 м.кв орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13/128 тоот эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч А.Дөлгөөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/14141 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 120 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналыг бичгээр өгсөн. А.Дөлгөөнд албадан дуудлага худалдааны мэдэгдлүүдийг тогтоолын хамтаар хуульд заасан хугацаанд биечлэн хүлээлгэн өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7/252 тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын тогтоох хэсэгт төлбөр төлөгч А.Дөлгөөний төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоотод байрлах 18 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож үнэлсэн 120 000 000 төгрөгийн 50%-иар буюу 60 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт болох албадан дуудлага худалдаа гэж дурдсан нь үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг зэргийг хуульд заасны дагуу дурдсан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Үндэсний шуудан сонины №125/2566/ дугаарт албадан дуудлага худалдааны зарыг олон нийтэд мэдээллийн хэрэгслээр зарлаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны сайтаар мэдээлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар А.Дөлгөөний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2201002402 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 байрны 326 тоотод байрлах, 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч А.Дөлгөөний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 7201 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т "үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай", 46.1.2.-д "албадан дуудлага худалдаа явуулах, огноо, цаг, хаяг" гэж заасан Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт үнэн сонинд нийтэлснийг тооцохгүй гэж ойлгогдож байна. Хуулийн зохицуулалтад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гэж тусгагдсан байхад анхан шатны шүүх үнэн сонинд нийтэлсэн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд нийтлэгдсэнтэй нэгэн адил гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч А.Дөлгөөн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/04386 дугаар шийдвэрийн дагуу А.Дөлгөөнөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 56 040 000 төгрөг гаргуулж “Мөнгөн зоос кредит ББСБ“ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас түүний зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хурааж тэмдэглэл үйлдэх, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. /хх-23-24, 31, 35, 37-38/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 7/252 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тогтоосон үнийн 70 хувь буюу 60 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, мөн оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3/23085 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч А.Дөлгөөнд гардуулж, мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 51, 55/

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Үндэсний шуудан сонины 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 125 /2566/ дугаарт мэдээлсэн байна. /хх-54/

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул 46 дугаар зүйлийн 46.11, 46.1.2-т заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж байгаа талаар 3/23085 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тодорхой зааж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул дуудлага худалдаа явуулах газрыг мэдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Дөлгөөнөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА