Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01066

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01066

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байр, 23 тоотод оршин суух, Боржгон овогт Цэдэндамбын Баярцогзол /РД:нб76062809/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байр, 26 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Алтангэрэлийн Золбоо /РД:чз84032673/-д холбогдох

 

300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баярцогзол, хариуцагч А.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярцогзол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 8 дугаар сард Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байр, 23 тоот байраа худалдан авч супер засвар хийж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орсон. Орсноос хойш 4 удаа дээд айлаас ус алдаж дуудлага өгч сантехникч ирэх болгондоо ахуйн ус алдалт гэсэн акт өгсөн. Одоогийн байдлаар ванн, том өрөөний хана, тааз шарласан, обай ховхорч унасан чийгэндээ хөгцөрч харласан байдалтай байна. А.Золбоогийнд удаа дараа янзлахыг шаардасан боловч уурлаж загнаж доромжлон огт тоосонгүй. Иймд одоо засварт хэрэгтэй 300,000 төгрөгийг дээд айлаас гаргуулж биднийг хохиролгүй болоход тусална уу гэжээ.

 

Хариуцагч А.Золбоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Золбоо миний бие Баярцозолын гаргасан нэхэмжлэлтэй 2017 оны 02 дугаар сард уншиж танилцлаа.  2016 оны 8 дугаар сард 50 дугаар байрны 23 тоотод шинээр айл нүүж ирж засвар хийсэн. Засвар хийх үедээ нийтийн хэв журмын хуулийн 6,8 дугаар зүйлийг зөрчиж нийтийн орон сууцанд засвар хийхдээ ажлын бус цагаар амралтын бямба, ням гаригууд амралтын цаг шөнийн 00 цаг хүртэл ажиллаж үргэлж байранд тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж миний 8 сартай хүү үргэлж унтаж чадахгүй байдалд хүргэж цахилгаан өрөм ажиллуулж байхаар нь манай эхнэр Б.Уянга тагтан дээрээс 23 тоотын хөршдөө амарах цагаар тайван байдал алдагдуулж хүү минь унтаж чадахгүй байна өдрийн цагаар ажиллана уу гэж хүсэхэд Ц.Баярцолзол 23 тоотын пизда минь дуугүй бай элдвээр доромжилсон. Тухайн үед бид аргагүй байдал ороод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн ажилтан ирж шаардлага тавьж байсан. Бидний хувьд ус алдсан буруугаа ойлгож зөв зүйтэй харьцаж байсан бөгөөд манай өндөр настай аав Алтангэрэлийг хүртэл манай нөхөр ууртай шүү гэж дарамталж байх зохисгүй юм. Бид 23 тоотод ус алдсаны улмаас гарсан хохирлыг Замчдын тосгон СӨХ-нд нэхэмжилсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 58,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Бид Замчдын тосгон СӨХ-д иргэн Баярцолзол хохирлоо эхний удаа гаргасан 58,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хойшид 1 байранд амьдардаг иргэний хувьд амар амгалан амьдрах хүсэлтэй байна. Иргэн Баярцогзол нь хохирлоо СӨХ-той ярьж тохирсон 58,000 төгрөгийг төлж барагдуулсан байтал шүүхэд 300,000 төгрөг нэхэмжилсэн байна. Бид хохирлыг барагдуулсан тул 300,000 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баярцолзол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд ус алдсанаас үүссэн хохиролд 300,000 төгрөгийг нэхэмжилж анх шүүхэд хандсан. Гэвч хариуцагчаас ус алдалтаас үүссэн хохирлыг өөрөө засвар хийж арилгах хүсэлтийг гаргаж байх тул өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

Том өрөөний таазыг бүхэлд нь засварлах, том өрөөний обой солих, ванны өрөөний таазыг бүхэлд нь янзлах болгож өөрчилж байна. Ус алдсанаас үүссэн хохирлыг хариуцагч нэхэмжлэлд дурдсан байдлаар янзалж өгвөл би ямар ч гомдолгүй болно гэжээ. 

 

Хариуцагч А.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 50 тоот оршин суугч Баярцогзолын нэхэмжилсэн том өрөөний таазыг янзалж, обойг сольж өгнө. Хэрэв том өрөөнд таарах обой олдохгүй бол обойг бүхэлд нь янзалж өгнө. Мөн ванны өрөөний таазыг янзалж өгнө. 2017 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрийн хооронд засварыг хийж гүйцэтгэнэ гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярцогзол нь хариуцагч А.Золбоод холбогдуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-23 тоот орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч өөрийн шаардлагыг “Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-23 тоот орон сууцны том өрөөний таазыг бүхэлд нь засварлуулах, том өрөөний обойг солиулах, ванны өрөөний таазыг бүхэлд нь янзлуулах” болгож өөрчилсөн ба хариуцагч А.Золбоо уг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрчээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хариуцагч А.Золбоо нь нэхэмжлэгчийн “Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-23 тоот орон сууцны том өрөөний таазыг бүхэлд нь засварлуулах, том өрөөний обойг солиулах, ванны өрөөний таазыг бүхэлд нь янзлуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ХАНГАЛ

 

          ШҮҮГЧ                                                 З.ДОРЖНАМЖИН

 

Ч.ЦЭНД