Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0198/Э |
Дугаар | 2022/ШЦТ/237 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Од холбогдох эрүүгийн 2211 00000 0238 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Баярсайханы О /РД: ./
Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аж ахуйн нэгж фермерийн жолооч мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамжны 4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын нийтийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан М.Гансүхийн биед тархи доргилт, хуйх, хоёр нүдний дээд доод зовхи, алимын салст, хүзүү, хоёр хацар, эрүү, дээд доод уруул, уруулын дотор салстад цус хуралт, баруун зүүн ухархайн дотор ханын шинэ хугарал, хамар яс олон тооны шинэ хуучин хугарлууд, таславчийн мурийлт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Гансүхийн нүүрлүү нь гараараа нэг удаа цохиж, нүүрлүү нь хоёр удаа өшиглөсөн. ...хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх /хх-ийн 53х- 54х/,
Хохирогч М.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэртээ ирчхээд усанд ороод манай бага хүү халуураад бие нь өвдөөд байсан болохоор би гарч эмийн сангаас эм аваад буцаж орж ирээд орой 22 цаг өнгөрч байх үед би хүүтэйгээ унтах гээд хэвттэл манай дээд айлаас хүмүүс хоорондоо маргалдаад, чанга чанга дуугараад чимээ гараад манай хүү унтаж чадахгүй байсан юм. Манай хүү сүүлийн 2 хоног халуураад олигтой унтаж чадаагүй болохоор нь би хүүдээ санаа зовоод дээд айл руу орж уулзахаар гарсан юм. Би дээд айлын тоотыг санахгүй байна үүдэнд нь очоод хаалгыг нь тогштол нэг эмэгтэй хаалга онгойлгохоор нь манай хүүхэд толгой нь халуураад сүүлийн 2 хоног унтаж чадаагүй одоо та нарын чанга чанга орилох чимээнээр хүү бид хоёр унтаж чадахгүй байна гэж хэлтэл цаанаас нэг танихгүй залуу над руу согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтчихсон чамд бид хоёрын чанга ярих ямар хамаатай юм бэ? Гээд над руу уурлахаар нь би тэр залууд хандаж чи ч гэсэн үр хүүхэдтэй хүн биз дээ би хүүхдээ унтуулмаар байна гэж хэлээд буцаад алхаад гэрлүүгээ явах гэтэл тэр залуу манай эхнэрийг янхан гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр залуу дээр явж очоод чи манай эхнэрийг үг хэл амаар доромжилдог хэн бэ? Гэж хэлтэл тэр залуу миний зүүн хацар луу нэг удаа гараараа цохихоор нь би нүүрээ дараад доошоо болтол миний нүүр лүү тэр залуу гараараа олон удаа цохисон юм. Гэтэл хамт байсан эмэгтэй нь надаас тэр залууг холдуулаад би гэрлүүгээ ороод толинд хартал миний баруун болон зүүн нүд хавдаад хөхрөөд улайчихсан, зүүн хацар хавдчихсан, хамарнаас цус гарчихсан байсан юм...” гэх /хх-ийн 4х-7х/,
Гэрч Б.Одонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Оийг нэлээн загнаад байж байтал манай гадна хаалга хүн нүдэх шиг болохоор нь явж очоод хаалгаа онгойлготол манай доод айлын залуу М.Гансүх гэрт орж ирээд та хоёрийн чанга дуугарах чимээнээс болоод манай хүүхэд унтаж чадахгүй байна гээд над руу зандрах маягтай хэлтэл О намайг өмөөрөөд Гансүхтэй муудалцаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод нүүрээ дараад доошоо болохоор нь хөлөөрөө Гансүхийн нүүр лүү нь 2 удаа өшиглөхөд Гансүхийн хамарнаас нь цус гараад явсан юм. Би Од хандаж гэрт согтуу ирнэ бас агсам согтуу тавиад хүн зодоод байхдаа яадын гэж хэлээд загнаад унтуулсан юм...” гэх /хх-ийн 15х-16х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1977 дугаартай дүгнэлтэд
М.Гансүхэд тархи доргилт, хуйх, хоёр нүдний дээд доод зовхи, алимын салст, хүзүү, хоёр хацар, эрүү, дээд доод уруул, уруулын дотор салстад цус хуралт, баруун зүүн ухархайн дотор ханын шинэ хугарал, хамар яс олон тооны шинэ хуучин хугарлууд, таславчийн мурийлт топгоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ханган зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх
Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэх /хх-ийн 19х-20х/,
Хохирогч М.Гансүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66х/,
Шүүгдэгч Б.О хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67х/,
Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 70х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД