Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

   

                         

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Г.Г,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Р.Энх-Оюун нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гүнтэвийн Гт холбогдох эрүүгийн 2111 01432 0251 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Гүнтэвийн Г, Регистрийн дугаар: .,

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халаалт салхивч ХХК-ний аж ахуйн хашаанд оршин суудаг,

урьд Дорнод аймгийн шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36 дугаар зүйлийн “б”-д зааснаар 15 жилийн хорих ял шийтгэгдсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23-28 тоотод иргэн Э.Энхбаатарын дэлгүүр лүү архинд явуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нь авч яван тухайн өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 1,500,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр бэлэн 2,000,000 төгрөгийг нь авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Г

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23-28 тоотод иргэн Э.Энхбаатарын дэлгүүр лүү архинд явуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нь авч яван тухайн өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 1,500,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр бэлэн 2,000,000 төгрөгийг нь авч завшсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Э.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед ажлаасаа тараад явж байсан, тэгсэн Г ах /88690116/ утасдаад танайд очиж усанд оръё, ганц шил архитай явж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би эхэндээ дургүйцээд зөвшөөрөөгүй, тухайн үед гэрт манай хүүхдүүд байхгүй ээж дээрээ байсан, маргааш нь би бас амрах байсан ба Г ах гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд Г ах намайг гэрийн үүдэнд 19:30 минутын орчимд очиход ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр манай гэрт ороод хийчихсэн байсан хоолоо халааж идэцгээгээд 1 шил 0,75 литртэй “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд л хувааж ууж дуусаад унтацгаасан. Маргааш өглөө нь бид хоёр сэрээд ямар ч байсан амралтын өдөр байсан болохоор дахиад нэг шил 0,75 литртэй “Хараа” архийг би гараад дэлгүүрээс өөрөө худалдаж авч ирсэн, 13 цагийн орчимд байх, Тэгээд бид хоёр архиа хувааж уугаад бага зэрэг халцгаасан. Тэгээд дахиад архи авч уух гээд би Г ахыг нэг шил архинд гаргасан, тэгэхдээ би өөрийн Хаан банкны картаа өгөөд нууц кодоо хэлээд гаргасан. Тэгсэн буцаж орж ирэхдээ нэг шил 0,75 литртэй “Хараа” нэртэй архитай орж ирсэн, сүүлд нь Г ахыг архи авахдаа бэлэн мөнгөний машинаас миний картыг ашиглан 1 сая төгрөгийг авчихсан байсныг мэдсэн. Тэгээд бид хоёр авчирсан архийг нь уугаад согтсон, юу болсныг сайн мэдээгүй. Тэгээд орой нь би сэрээд хартал миний карт байхгүй, Г ах бас байхгүй байсан. Тухайн үед миний утас унтраастай байсан ба би архи уухаараа утсаа унтраачихдаг юм. Уг нь бол миний гар утсанд картнаас мөнгө гарахад гүйлгээний мэдээлэл ирдэг юм. Тэгээд тэр орой утсаа асаагаад үзтэл эхний удаа 1 сая төгрөг, дараа нь 500,000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Тэгээд дахиад сүүлд нь буюу 10 сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 05 цаг өнгөрч байхад 1,000,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 35-36-р тал/,

Э.Энхбаатарын эзэмшлийн Хаан банкны 5020799783 дугаарын дансны хуулга /хх-ийн 38-р тал/,

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 54-р тал/,

Шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20-р тал/, ял шалгасан хуудас /хх-ийн 13-р тал/ шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч Э.Энхбаатарын мэдүүлэг дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч гэм буруугийн санаатай үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23-28 тоотод иргэн Э.Энхбаатарын дэлгүүр лүү архинд явуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нь авч яван тухайн өдрөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 удаагийн үйлдлээр 1,500,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг, нийт 3 удаагийн үйлдлээр бэлэн 2,000,000 төгрөгийг нь авч завшсан нь тогтоогдож байна.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Г.Г хохирогч Э.Энхбаатарт 500,000 төгрөг өгсөн байх тул шүүгдэгч Г.Гоос 1,500,000 төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Хүрээ хотхоны 23-28 тоотод оршин суух Э.Энхбаатар /ЧО74012134/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Гүнтэвийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Хүрээ хотхоны 23-28 тоотод оршин суух Э.Энхбаатар /ЧО74012134/-д олгосугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД