Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01022

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01022

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн 24-616 тоотод оршин суух, Монгол овогт Лувсандоржийн Долгорсүрэн /РД:чт73020601/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 9В байр, 199 тоотод оршин суух, Тахал овогт Даваагийн Дуламцоо /РД:жю59063061/-д холбогдох,

 

Итгэмжлэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа /2230/, Д.Энхбаатар /1514/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Л.Долгорсүрэн миний бие хариуцагч Д.Дуламцоод Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгож, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Итгэмжлэлийг хариуцагчийн зүгээс намайг хууран мэхэлсний үндсэн дээр хийсэн учир уг 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Манай хамаатны дүү хариуцагч Д.Дуламцоогийн хамаатны залуутай танил бөгөөд энэ шугамаар бид анх 2013 оны 4 дүгээр сард танилцсан. Хариуцагч Д.Дуламцоо нь надад “...би Аж үйлдвэрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 1,2 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, одоо банкаар орж шалгуулна” гэж хэлсэн. Тэгээд Д.Дуламцоо нь надаас “...зээлийг авахад чамд туслах ямар боломж байна, Төрийн банкинд таньдаг хүн байна уу, цаашдаа хамтарч ажиллая” гэж асуусан. Ингээд би Төрийн банкинд өөрийн таньдаг хүнээрээ Д.Дуламцоогийн авах гэж буй зээлийг шалгуулахад тэрээр “...боломжийн зээл байна, гэхдээ зээлийг авахад барьцаа хөрөнгө нь дутах юм байна” гэж хэлсэн. Ингээд эхний ээлжинд зээлийн хорооны хурлаар оруулсан. 2013 оны 6 дугаар сарын 13-18-ны өдрийн хооронд зээлийн хорооны хурлын шийдвэр гарсан. Уг хурлаас “...1 тэрбум төгрөгийн зээл гарна, гэхдээ нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай, учир нь Д.Дуламцоогийн барьцаалж буй хөрөнгө нь 700,000,000 төгрөгт нь тохирно, үлдэх 300,000,000 төгрөгт таарах хэмжээний барьцаа шаардлагатай” гэсэн хариу гарсан. Д.Дуламцоо нь надад “...чи эгчдээ барьцаа хөрөнгө олж өг, би зээлээ аваад чамд хичнээн төгрөгийн эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна, түүнийг чинь гаргаж өгье, хоёулаа цаашид хамтарч ажиллая” гэж хэлсэн. Үүний дагуу би 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгож, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Би Д.Дуламцоотой цаашид хамтран ажиллана, түүний авах 1 тэрбум төгрөгийн зээлээс нь 300,000,0000 төгрөг авч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар төлөвлөж байсан тул би өөрийн үл хөдлөх хөрөнгөө Д.Дуламцоо руу шилжүүлсэн. Удалгүй банкнаас зээлийн мөнгө орж эхэлсэн байдаг. Би Д.Дуламцоо руу ярьж, зээлээ авах гэтэл 2013 оны 8 дугаар сараас эхлээд сураггүй алга болсон. Би 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл хийж өгөхөөс өмнө миний үл хөдлөх эд хөрөнгө Капитрон банкны 54,000,000 төгрөгийн барьцаанд байсан. Уг 54,000,000 төгрөгийг Д.Дуламцоо төлж, барьцаанаас суллаад Төрийн банк руу барьцаалсан. Ингээд зээл авснаас хойш 7 сарын дараа Төрийн банкны хүмүүс над дээр ирж миний бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг шалгасан. Би тэднээс “Д.Дуламцоо зээлээ төлж байгаа юу” гэж асуухад банкны ажилтан “...зээлээ төлөхгүй байгаа” гэж хэлсэн. Ингээд би Д.Дуламцоотой ахин холбогдох гэж оролдоход олдохгүй байсан. Удалгүй Төрийн банкнаас ярьж “таны барьцаанд байгаа эд зүйлийг зарж борлуулна” гэж хэлсэн. Би өөрөө Төрийн банк дээр очиж уулзахад Д.Дуламцоо нь ирчихсэн байсан. Тэрээр өөрийн зээлийн өрийг н.Батсайхан гэж хүн рүү шилжүүлж байсан. н.Батсайхан нь Д.Дуламцоогийн зээл болон компанийг нь тэр чигт нь худалдаж авсан. Ингээд миний үл хөдлөх эд хөрөнгийг зээлээс чөлөөлж авсан байсан. Би үл хөдлөх эд хөрөнгөө буцааж авья гэхэд Д.Дуламцоо нь өөрийн хамаатан болох н.Хандмаа гэж хүн руу зарсан байсан. Иймд 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Д.Дуламцоод Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Уг итгэмжлэл хүчин төгөлдөр бус болсноор би өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллаж, өөрийн нэр дээр буцаан авах боломжтой. Хариуцагчаас би өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг надад буцааж өгөхийг шаардахаар “...чи 94,000,000 төгрөгөө төлөөд ав” гэж хэлдэг. Би тийм их хэмжээний үндэслэлгүй мөнгө төлж чадахгүй. Би зээл чөлөөлүүлсэн мөнгөө л төлнө гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Долгорсүрэнгийн итгэмжлэл хүчингүй болгох хүсэлт бодит байдал болон хуульд нийцээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Шархад, Да хүрээ техникийн захад байрлах 400 м.кв үйлчилгээний обьектийг худалдах худалдан авах гэрээ хийж. Л.Долгорсүрэнгээс худалдан авахдаа 1018 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай уг гэрээн дээр зааж өгсөн байгаа. Гэтэл газрын гэрчилгээний нэр шилжүүлэхэд 3 сар шаардлагатай байдаг тул үл хөдлөх хөрөнгөө барьцаалахын тулд уг газрыг худалдах, барьцаалах итгэмжлэл хийлгэсэн юм. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар захиран зарцуулах итгэмжлэл хоёр нэг өдөр хийгдсэн байдаг юм. Харин хамтран эзэмшигчээр бүртгүүлбэл хурдан бүртгэгдэх боломжтой, гэхдээ газрыи албанаас хамтран ажиллана гэсэн заалтыг гэрээндээ оруулбал хамтран эзэмшигчээр нэмэх боломжтой юм байна гэж Л.Долгорсүрэнгийн хэлсний дагуу газрын эрх шижлүүлэх гэрээг 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бичиж өгсөн. Энэ нь зөвхөн газрын албаны шаардлагад нийцүүлж хийж байна гэж бодож хийсэн дүр үзүүлсэн гэрээ юм. Газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь газраасаа салчихвал үл хөдлөх эд хөрөнгө бишээ. Бодит байдал нь ийм байна. Иргэний Хуулийн 67 дугаар зүйлд төлөөлөл өөрчлөгдөх, дуусгавар болох, 67.2.2-т төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон, 67.2.5-д бүрэн эрхийг хэрэгжүүлсэн тохиолдолд дуусгавар болно гэж заасны дагуу итгэмжлэлийн 3 жилийн хугацаанд Л.Долгорсүрэн итгэмжлэлээ хүчингүй болгоогүй.  2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийг И.Хандмаад худалдахдаа уг итгэмжлэлийг үндэслэн газрын эрхийг И.Хандмаад шилжүүлж өгсөн. Ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, төлөөлөл нь хуульд заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, Д.Энхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Л.Долгорсүрэнгээс хариуцагч Д.Дуламцоод олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч анх шүүхэд хандсанаасаа хойш өөрийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхой гаргаж өгөхгүй, бидэнд тайлбар өгөх боломжийг олгохгүй байсан. Нэг бол итгэмжлэл хүчингүйд тооцуулна, нэг бол хамтран ажиллах гэрээний хохирол гээд учир нь олдохгүй байсан. Харин нэхэмжлэгч Л.Долгорсүрэн нь өөрийн шаардлагыг “2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Л.Долгорсүрэнгээс хариуцагч Д.Дуламцоод олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодруулсан ба үндэслэлээ “би хариуцагчид хууран мэхлэгдсэн” гэж байна. Уг маргаан бүхий итгэмжлэлийг хоёр тал өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хийсэн бөгөөд хэн нэгний дарамт шахалт дунд хийгээгүй, өөрсдөө гарын үсгээ зурсныг нотариатч баталгаажуулсан ийм л хэлцэл юм. Тодруулбал Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д нийцсэн хэлцэл гэж хариуцагч талаас үзэж байна. Яагаад уг итгэмжлэлийг хийх болсныг нэхэмжлэгч тал ярьж байна. Угаасаа Д.Дуламцоод зээл авах хүсэл зориг байсан, ингэхийн тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй болсон. Харин нэхэмжлэгчид өөрийн болон дүүгийнхээ зээлийг чөлөөлүүлэх хүсэл зориг байсан. Үүний дагуу Д.Дуламцоо нь нэхэмжлэгчийн хэлсний дагуу Капитрон банкны 52,000,000 төгрөгийн зээлийг мөн дүүгийнх нь байрны төлбөр гээд нийтдээ 94,000,000 төгрөгийн барьцааг нь Д.Дуламцоо чөлөөлж өгсөн. Уг мөнгөө эргүүлээд төлчихвөл үл хөдлөх эд хөрөнгөө авах боломжтойг ч хариуцагч нь нэхэмжлэгчид хэлж байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг талууд хамтран ажиллахаар анхнаасаа тохироогүй. 1 тэрбум төгрөгийн зээлээс 300,000,000 төгрөгийг нь Л.Долгорсүрэнд өгнө гэж хэлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 2013 оны 8 дугаар сараас хойш сураггүй алга болоогүй, нотариатчийн ажлаа хийгээд л явж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийнхөө 54,000,000 төгрөгийг чөлөөлүүлснээ яриад байгаа болохоос дүүгийнхээ зээл чөлөөлүүлсэн асуудлыг огт ярихгүй байна. Л.Долгорсүрэн өөрийн байраа 45,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьчихаад зээл, хүүгээ төлөхгүй байсаар 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болчихсон байсныг нь хариуцагч чөлөөлж өгсөн. Ингэж чөлөөлөхийн тулд л итгэмжлэлийг хийж өгсөн, түүнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа шиг “хамтран ажиллахаар тохирсон” зүйл байхгүй. Хариуцагч итгэмжлэлийг авахдаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар хуурч мэхлээгүй. Энэ үйл баримтыг эрүүгийн журмаар бүхэлд нь шалгаад дууссан. Ямар нэг залиж мэхэлсэн зүйл байхгүй болохыг прокуророос тогтоосон байгаа, баримтууд нь хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Л.Долгорсүрэн нь хариуцагч Д.Дуламцоод Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг “банкны зээлийн барьцаанд тавих”, “худалдах” эрхийг олгож, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

 

Дээрх итгэмжлэлийг хариуцагчийн зүгээс намайг хууран мэхэлж хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Долгорсүрэн нь хариуцагч Д.Дуламцоод холбогдуулж 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд ханджээ /хх 5 хуудас/.

 

Тодруулбал, “...2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийн дагуу Д.Дуламцоо нь банкнаас зээл авахдаа миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг барьцаалсан бөгөөд хамтран ажиллахаар тохирсны дагуу авсан зээлээсээ надад мөнгө өгөөгүй, намайг анхнаасаа хуурсан тул итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өөрийн өмчлөлийн зүйлээ барьцаанаас суллаж авна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.Долгорсүрэн тодорхойлж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба “...Д.Дуламцоо нь нэхэмжлэгчээс 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэл авахдаа түүнийг хуурч мэхлээгүй, ямар нэг байдлаар хамтран ажиллахаар тохироогүй. Харин Л.Долгорсүрэн болон түүний дүүгийн зээлийг чөлөөлж өгч, үүний хариуд нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан, хэрэв зээл чөлөөлсөн мөнгөө төлчих юм бол үл хөдлөх эд хөрөнгийг нь буцааж өгнө” гэж тайлбарлажээ.   

 

Төлөөлөл буюу итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилготой иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй тул хэлцэлд тооцогдоно. Өөрөөр хэлбэл итгэмжлэл нь хэлцлийн үндсэн дээр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгодог бүрэн эрх юм.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч Л.Долгорсүрэн нь хариуцагч Д.Дуламцоод 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгож, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон талаар маргаагүй байна. Иймд дээрх итгэмжлэлд талуудын хүсэл зориг, бүрэн эрх тусгагдсан, бичгийн хэлбэртэй, хуульд заасан шаардлагыг хангаж байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болохыг уг хуулийн заалтаар зохицуулжээ.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м2 газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг олгосон итгэмжлэлийг хууль зөрчсөн буюу нэхэмжлэгч итгэмжлэлийг олгохдоо хариуцагч Д.Дуламцоод хууран мэхлэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгчийг хэлцэл хийх зорилгоор хууран мэхэлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч нь Төрийн банкнаас авсан зээлээсээ нэхэмжлэгч Л.Долгорсүрэнд тохирсон ёсоор өгөөгүй, хамтарч ажиллаагүй явдал нь 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцох шалтгаан болохгүй. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Дуламцоод холбогдох, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Н.ХАНГАЛ