Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2017/00012/И |
Дугаар | 102/ШШ2017/01015 |
Огноо | 2017-04-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01015
2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01015 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 52 дугаар байр, 22 тоотод оршин суух, Мэргэн овогт Гадиймаагийн Алтангэрэл /РД:хг79081978/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж 11 дүгээр байр, 127 тоотод оршин суух, Сартуул овогт Рэнцэнцогтын Өнөрсайхан /РД:хи60091262/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15,661,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Алтангэрэл, түүний өмгөөлөгч О.Батцэцэг /№0282/, хариуцагч Р.Өнөрсайхан, өмгөөлөгч Ц.Гэнэндулам /№776/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Өнөрсайхан нь 2009 оны 10 дугаар сард миний ээж талийгаач Б.Гадиймааг байрны захиалганд оруулж өгнө гэж хуурч мэхлээд 16,000,000 төгрөгийг нь залилан мэхлэж авсан. Түүний энэ хууль бус үйлдэлийг цагдаагийн байгууллага шалгаж, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод, яллагдагч Р.Өнөрсайханыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг заагаад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дэх зааснаар өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж үзээд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 675 тоот тогтоолоор Р.Өнөрсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолд “...хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно” гэж заасан тул хохирогч Б.Гадиймаагийн өв залгамжлагч Г.Алтангэрэл миний бие өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр олгосон шаардах эрхийнхээ дагуу Р.Өнөрсайханаас хохирлын төлбөр 16,000,000 төгрөгийн үлдэгдэл 14,500,000 төгрөг, бусад хохирлоо нэхэмжилж байна. Тухайлбал шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд прокурорын архиваас 16,000 төгрөгийн баримт хуулбарлаж авч, мөн шаардах эрхээ өвлөн авахын тулд нотариатад 145,000 төгрөгний зардал гаргасан бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцааны төлбөр 1,000,000 төгрөг зарцуулж байгаа болно. Иймд иргэн Р.Өнөрсайханаас гэм хорын хохирол 15,661,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Алтангэрэл, түүний өмгөөлөгч О.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Өнөрсайхан нэхэмжлэлийн шаардлагаас 14,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул бид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нь татгалзаж, хариуцагчтай эвлэрэх саналтай байна. Хариуцагч 14,500,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-нд төлж, үлдэгдэл 12,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэснийг бид зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Р.Өнөрсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ам бүл 5 охин, хүргэн, зээ нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 58-6 тоотод амьдардаг ба одоогоор эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байдаг. Би өөрийн найз талийгаач Б.Гадиймаагаас 2009 онд БНСУ-руу явах гэж 3,000,000 төгрөг, 2011 онд одоогийн амьдарч байгаа байрандаа урьдчилгаа мөнгө өгөх гэж 17,000,000 төгрөг авч нийт 20,000,000 төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр ямарч гэрээ хэлэлцэл хийгээгүй авсан юм. Миний бие Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа уг мөнгөнөөс нийт 4,000,000 төгрөгийг талийгаач Б.Гадиймаад бэлнээр төлж барагдуулсан. 2013 онд миний бие хагас харвасны улмаас эрүүл мэндийн байдал муудаж ажиллах чадваргүй болж тэтгэвэртэй суусан. Иймээс миний бие орлогогүй болж төлөх чадваргүй болж өдий хүрсэн. Гэтэл Б.Гадиймаагийн хүү Г.Алтангэрэл нь уг мөнгөний үлдэгдэл болох 16,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж 2016 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсд өргөдөл өгч шалгуулсан. Миний бие шалгагдаж байх хугацаандаа 1,000,000 төгрөгийг төлсөн ба хүү Г.Алтангэрэлтэй харилцан тохиролцож уг мөнгийг цувуулж өгөхөөр хүсэлт гаргасны дагуу 2016 оны 9 дүгээр сард 450,000 төгрөг, 12 дугаар сард 450,000 төгрөгийг тус тус төлсөн. Би хүү Г.Алтангэрэлд өөрийн эзэмшилд байдаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг байрлах Номт амын 1 га газрыг зарж борлуулж уг мөнгөний үлдэгдэл болох 14,000,000 төгрөг, 100,000 мянган төгрөгийг төлнө гэж ярьж хэлсэн боловч өдийг хүртэл тус газар нь зарагдахгүй байна. Миний бие уг мөнгийг төлж барагдуулах чин сэтгэл байгаа боловч авсан тэтгэвэр минь орон сууцны зээлэнд төлөгддөг орлого байхгүй, охин маань ажилгүй нялх хүүхэдтэй, хүүхэдээ хараад гэртээ байдаг тул өнөөдрийг хүрлээ. Гэтэл талийгаачийн хүү Г.Алтангэрэл нь эхнэрийн хамт гэрт минь ирж намайг болон хүүхдүүдийг минь айлган сүрдүүлж заналхийлж дарамталж сэтгэлийн гүн хямралд оруулсан. Миний бие уг мөнгийг төлж барагдуулах сэтгэл байгаа боловч одоогийн байдлаар өөрийн бололцоогоор өнөөдрийг хүртэл төлж барагдуулж байна. Цаашдаа ч гэсэн авсан мөнгөнөөс үлдсэн үлдэгдлийг төлж барагдуулах болно. Уг мөнгөнөөс илүү нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулж чадахгүй, авсан мөнгөний үлдэгдэлээ 1 жилийн хугацаанд төлж барагдуулах болно. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Өнөрсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Г.Алтангэрэл, нөгөө талаас хариуцагч Р.Өнөрсайхан нар дараах нөхцөлөөр эвлэрч байна. Хариуцагч Р.Өнөрсайхан нэхэмжлэлийн төлбөрөө 14,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд үүнээс урьдчилж 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-нд төлж үлдэгдэл 12,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцов. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,161,000 төгрөгөөс татгалзаж байгаа болно. Улсын тэмдэгтийн хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтангэрэл нь хариуцагч Р.Өнөрсайханд холбогдуулж гэм хорын хохиролд 15,661,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Г.Алтангэрэл өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,661,000 төгрөгөөс 1,161,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Р.Өнөрсайхан үлдэх 14,500,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 12,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчид дээр дурдсан байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зохигчид “Г.Алтангэрэл өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,661,000 төгрөгийн 1,161,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Р.Өнөрсайхан үлдэх 14,500,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, 12,500,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид төлнө” гэж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 230,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
М.МӨНХТӨР