| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Н.Батхуяг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямаагийн Батхуягт холбогдох эрүүгийн 213 100 324 0245 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэбадрах” ХХК-ийн Цагааннуур салбарт хөрөө, рамчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит, 2 дугаар хэсгийн 143 тоотод оршин суух оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямаагийн Батхуяг, /РД:МЮ98020951/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Шүүгдэгч Н.Батхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр бид Гандөш ах бид хоёр орон дээр зэрэгцэж сууж байгаад муудалцсан. Тэгээд би Гандөш ахын гарыг тавиулах гээд нэг удаа цохиод орон дээр түлхэж суулгаад нэг удаа өшиглөсөн. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ
2.Шүүгдэгч Н.Батхуягийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед хамт ажиллаж байсан найз Гандөшийн гэрт найз ах Амраагийн хамт би мөнгө гаргаж 0,5 литр, 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи замдаа дэлгүүрээс авч очиж хувааж уусан юм. Тэгээд би хэсэг хугацаанд уусан архиндаа согтсон байсан болохоор Гандөш ахтай яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, Гандөш ах бид хоёр хоорондоо заамдалцсан байдалтай зогсож байгаад Гандөш ах намайг миний өмсөж байсан цамцны захнаас хоолой боохоор нь би гарыг нь мушгиж тавиулаад тэгээд би баруун талын орон дээр сууж байхад Гандөш хөлөөрөө миний цээж рүү жийж чамайг алчих уу гээд байсан ба би орон дээрээс босч Гандөшийг гараараа нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон, тэгээд Гандөш өөдөөс дахин над руу дайраад босоод ирэхээр нь бид 2 дахин заамдалцаж байгаад бид хамт газар унасан ба би босч ирээд Гандөшийн нүүрлүү нь хөлөөрөө 2 удаа дэвссэн юм. Тэгээд тухайн үед Гандөшийн зхнэр Цагдаа дуудна гэж орилохоор нь би гэрээс нь гараад зугтаасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/,
3.Хохирогч Э.Гандөшийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батхуяг нь миний хэвтэж байсан хажуугийн орон дээр манай эхнэрийг гарнаас нь татаж суулгачхаад аниа таныг үнсмээр байна гэж хэлээд хацар дээр нь үнсээд байхаар нь би босож, бид 2 хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон ба би Батхуягийн нүүр хацар луу гараараа 2 удаа цохисон тэгээд Батхуягийн доор нь орчихсон, тэгээд Батхуяг миний толгой руу хөлөөрөө нэлээд хэдэн удаа дэвсэлсэн ба би тухайн үед нэлээд манарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар хуудас/,
4. Гэрч А.Амарбаясгалангийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны11 дүгээр сарын 02-ны өдөр ахын гэрт очъё гээд Гандөш гээд залуугийн гэрт ирсэн тэгээд 2 шил архи уусан. Тэгээд Шарка гээд надтай ирсэн залуу Гандөш 2 хэрэлдэж зодоон хийгээд эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
5. Гэрч Ж.Баасанжаргалын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батхуяг намайг суугаач гэж чангааж байхад орон дээр унтаж байсан манай нөхөр босож ирээд эхнэрээр оролдлоо гэж хэлээд Батхуягтай маргалдсан. Эхлээд Батхуягийг цохиод авсан ба хариуд нь Батхуяг манай нөхрийг толгой нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд тэд барьцалдаж хамт газар унасан ба Батхуяг түрүүлж босож ирээд манай нөхрийн толгой руу хөлөөрөө дэвсэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
6. Гэрч Т.Адьяамөнхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны11 дүгээр сарын 02-ны өдөр ахын гэрт очъё гээд Гандөш гээд залуугийн гэрт ирсэн тэгээд 2 шил архи уусан. Тэгээд Шарка гээд надтай ирсэн залуу Гандөш 2 хэрэлдэж зодоон хийгээд эхэлсэн. Ж.Батхуяг нь хүний үгнээс гардаггүй, ажил дээрээ нэр хүндтэй. Байнга шагнал урамшуулал авдаг, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 22 дугаар хуудас/,
7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 405 дугаартай “Э.Гандөшийн биед зовхи, хацарт цус хуралт, бугалганд зүсэгдэж няцарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй"... гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 07 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-45 дугаар хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/, “Шинэ бадрах” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 71 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Батхуяг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 134 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ иргэн Н.Гандөштэй харилцан зодолдож газарт унаган толгой тус газар нь хөлөөрөө дэвсэж биед нь зовхи, хацарт цус хуралт, бугалганд зүсэгдэж няцарсан зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Н.Батхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би Гандөш ахын гарыг тавиулах гээд нэг удаа цохиод орон дээр түлхэж суулгаад нэг удаа өшиглөсөн. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх, хохирогч Э.Гандөшийн мөрдөн байцаалтад өгсөн “... Батхуяг нь миний хэвтэж байсан хажуугийн орон дээр манай эхнэрийг гарнаас нь татаж суулгачхаад аниа таныг үнсмээр байна гэж хэлээд хацар дээр нь үнсээд байхаар нь би босож, бид 2 хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон ба би Батхуягийн нүүр хацар луу гараараа 2 удаа цохисон тэгээд Батхуягийн доор нь орчихсон, тэгээд Батхуяг миний толгой руу хөлөөрөө нэлээд хэдэн удаа дэвсэлсэн ба би тухайн үед нэлээд манарсан байсан...” гэх мэдүүлгүүд, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 405 дугаартай “Э.Гандөшийн биед зовхи, хацарт цус хуралт, бугалганд зүсэгдэж няцарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж мэдүүлсэн гэрч А.Амарбаясгалан, Ж.Баасанжаргал, Т.Адъяамөнх нарын мэдүүлгүүд зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ зүйлчлэлд оногдуулах ялын санкц нь “Дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Батхуягийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Гандөш нь шүүгдэгч Н.Батхуягаас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Батхуяг нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Батхуяг нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуяг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж тус тус шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Батхуяг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Батхуяг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нямаагийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батхуягийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Батхуяг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ