Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0775

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгчЭ.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0871 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0871 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, 47.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б- ХХК-ийн ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Б- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох; ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Б- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах; ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах; ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтад хүчин төгөлдөр тендер ирүүлсэн Б- ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, Б- ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйболгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдооБ- ХХК-ийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох "ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр "Б-" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон 0871 тоот шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б- ХХК нь маргаан бүхий тендер шалгаруулалтыг бүрэн хангасан хүчин төгөлдөр тендер хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БУ11-88/13 дугаар тусгай зөвшөөрөл, тус зөвшөөрлийг сунгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т гаргасан өргөдөлдөө Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага"-ын 2.1.1-д ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авахаар хандсан нь тодорхой нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн

0871 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэдийгээр тусгай зөвшөөрөлд "Б-" ХХК-ийн өргөдөлд бичсэнээс өөр ажлын төрлөөр олгосон нь нэхэмжлэгчийн буруу биш боловч тендерийн материалыг бүрдүүлэхдээ тендерт оролцогч хариуцлагатай хандаж тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан материал хавсарган гаргах боломжтой байжээ." гэжээ. Эндээс шүүх Б- ХХК нь маргаан бүхий тендер шалгаруулалтын шаардлагыг хангаж байгаа ч төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалж ойлголтын зөрүү гарсан болохыг зөв дүгнэсэн атлаа хариуцагчийн буруутай үйлдлийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас "Б-" ХХК-ийн тендерийн материалын төсвөөс бусад хэсгийг шаардлагад нийцсэн гэж үзсэн боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурал дээр үнэлгээний хорооны гишүүн О.Мөнхсоёлын хүсэлтээр тендерийн материалыг дахин хянаж "Б-" ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан чиг үүргийнхээ хүрээнд Үнэлгээний хорооны олонхи дэмжиж гаргасан хуулийн 47 дугаар зүйлийн 47.7., 47.8 дахь хэсэг, "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 4.4-д заасанд нийцсэн эцсийн шийдвэр гэж үзэв " гэж дүгнэжээ. Гэтэл энэ талаар бичмэл нотлох баримт хэрэгт огт байдаггүй ба "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-д үнэлгээний хорооны гишүүдийн 75 хувиас дээш ирцтэй бол хурал хүчин төгөлдөр болж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэж заасны дагуу өмнө хуралдаж шийдвэр гаргасан байдлыг хууль буруу хэрэглэн тайлбарлаж, үнэлгээний хорооны нэг гишүүний саналаар дахин хянасан мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан.

ТБОНӨХБАҮХАТХ-ийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Б- ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй болохыг дурьдаж, дахин үнэлгээ хийхийг даалгасан байтал "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ыг зөрчин үнэлгээ хийлгүйгээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн бичмэл тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтаар тодорхой нотлогдсоор байтал шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч Б- ХХК-ийн зүгээс хариуцагч этгээдээс чухам ямар хуулийн үндэслэлээр Сангийн яамны дахин үнэлгээ хийх шийдвэрийг хэвээр үлдээснийг тодруулахад ямар нэг нотлох баримт хуулийн үндэслэл байхгүй болохоо илэрхийлсэн. Б- ХХК-ийн зүгээс тендерийн шаардлага хангасан тендер хүргүүлсэн болохоо бичмэл нотлох баримтуудаар нотлогдсоор байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0871 тоот шийдвэрийг хүчингүй болгожөгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Б- ХХК-аас ... тендерийн үнэлгээний хороо манай компаниас шаардлага хангасан баримтыг хүргүүлсэн байхад тендерт шалгаруулаагүй... гэх үндэслэлээр Худалдан авах ажиллагааны газрын Буянт Ухаа орон сууцны хорооллын 20000 м/куб бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2/1000 кВА-н чадалтай ХТП 2 иж бүрдэл 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХААГ/2016/ХБ-29 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Б- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, мөн өдрийн дүгнэлтээр бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, тус тендер шалгаруулалтад тендер ирүүлсэн Б- ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, Б- ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргажээ.

Хариуцагчаас ...тендерт оролцогчдын тендерийн саналыг хүлээн авахад Б- ХХК нь барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар тушаалаар БУ17-330/16 тоот тусгай зөвшөөрлийг авсан байх боловч тендер шалгаруулалтын ТОӨЗ 4.4 (4.4) д заасан шаардлага хангаагүй байсан учир үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар тус компанийг шалгаруулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн тендер шалгаруулалтад оролцогчид тусгай зөвшөөрлүүдийг хангаж байсан боловч гэрээний хавсралтыг ирүүлээгүй байсан нь Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй гэх шаардлагыг хангаагүй буюу шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй учир ... дахин нээлттэй тендер шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зарлаж, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад нээхээр болсон. Худалдан авах ажиллагааны газар шинэ зохион байгуулалтад орсонтой холбоотой тус тендер шалгаруулалт зохион байгуулагдаагүй. Улмаар Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоол гарч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдах авах ажиллагааны сонгон шалгаруулалт зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхаар заасан тул тендер шалгаруулалт явуулаагүй... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх... гэж үнэлгээний хорооны эрх хэмжээг, 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж үнэлгээний хорооны шийдвэрийн хэлбэр, агуулгыг, 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж үнэлгээний дүгнэлтийг баталгаажуулахтай холбоотой шаардлагыг тус тус зааж хуульчилжээ.

Нэхэмжлэгчээс дээр дурдсан агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөрүүтэй, шүүхэд хандах болсон шалтгаан үндэслэл, аль захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн улмаас эрх зөрчигдсөн гэж үзсэн талаар тодруулах шаардлагатай гэж үзэж удаа дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан ирүүлэх боломжийг олгож байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Б- ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн БУ17-330/16 тоот тусгай зөвшөөрөл[1], Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Тодорхойлолт хүргүүлэх тухай 1/1381 дугаар албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/4093 дугаар Гомдол хянан үзсэн тухай албан бичиг[2], Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Тусгай зөвшөөрөл сунгах, олгох тухай 55 дугаар тушаал[3], Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох тухай 117 дугаар тушаал түүний хавсралт[4] зэрэг нотлох баримтаас үзвэл Худалдан авах ажиллагааны газраас зарласан ХААГ/2016/ ХБ-29 дугаар тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4 в-д заасан Барилга хот байгуулалтын яамны 2.1.1. барилгын засал чимэглэл, орчны тохижилт гэсэн ажлын төрлөөр тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг нэхэмжлэгч Б- ХХК тухайн үед хангаагүй баримтыг тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б- ХХК нь Барилга хот байгуулалтын яамны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаар тушаалаар БУ17-330/16 тоот тусгай зөвшөөрлийг 2.1.1* Барилгын засвар, засал, чимэглэл, интерьерийн ажил гэх ажил үйлчилгээний төрлөөр авсан талаар болон тус баримтыг тендерийн сонгон шалгаруулалтын баримтад хавсаргаж хүргүүлсэн талаар маргаагүй байна.

Иймээс тус тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б- ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:, 27.1.1-т энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэж, мөн зүйлийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасантай тус тус нийцсэн байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн манай компани өмнө нь 2.1.1 гэсэн ангиллаар тусгай зөвшөөрөл авч байсан байдлыг харгалзан үзээгүй, манай чадварыг дутуу үнэлсэн гэх тайлбар, гомдол үндэсгүй байна.

Нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/4093 дугаар албан бичгээр ... Б- ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг дахин сунгуулж авсан бөгөөд сунгалт хийх үед алдаа гарч 2.1.1 заалтыг 2.1.1* гэж андуурч бичигдсэн талаарх Барилгын хөгжлийн төвөөс хийсэн залруулгыг хавсарган хүргүүлсэн байна. Иймд энэхүү тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, хууль журамд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье гэх албан бичгийг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн болох нь тогтоогджээ.

Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ...Сангийн яамны 5/4093 тоотын дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж асуудлыг хэлэлцэж Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн... гэх 1/946 дугаар албан бичиг[5]-ийг нэхэмжлэгч Б- ХХК-д хүргүүлсэн болох нь, мөн тус тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 90 хувийн ирцтэйгээр хуралдаж дээр дурдсан Сангийн яамны 5/4093 тоот албан бичгийг танилцуулан улмаар Үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж, дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн[6] болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс ...тус хороо Сангийн яамны албан бичгийн дагуу хуралдахдаа журмын дагуу хурлыг хийгээгүй, ирц хүрээгүй, дахин үнэлгээ хийгээгүй... гэж маргах боловч тус Үнэлгээний хорооны дахин хуралдсан, дахин тендер шалгаруулалт зарласантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан, тус хуралдаанаас гарсан шийдвэрт дүгнэлт хийж, шийдвэр гаргах шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодорхойлох, тухайлбал, ямар шалтгааны улмаас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах эсхүл илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаар буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ялгамжтай байдлаар тодорхойлж тусгасан байх шаардлагатай.

Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож өгсөн байтал нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны актын илт хууль бус болох тохиолдлын алинд хамаарах талаар буюу хэрхэн ямар шалтгааны улмаас илэрхий алдаа бүхий захиргааны акт гэж үзсэн үндэслэлийг тодорхойлж заалгүйгээр адил үндэслэлээр тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Б- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэгэн зэрэг гаргасан нь ойлгомжгүй байх тул шүүх маргаан бүхий актыг илэрхий алдаа бүхий захиргааны актын тодорхой тохиолдолд нийцэх эсэх талаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тендерийн үнэлгээний хорооны бүх тендерээс татгалзсан шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд мөн дээр дурдсанчлан захиргааны актын илт хууль бусад тооцох хуулиар тогтоосон тохиолдлын алинд хамаарах талаар заагаагүйгээс гадна тус шийдвэрийн үйлчлэл чиглэгдсэн бүх тендерт оролцогчдыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх, тус нэхэмжлэл гаргах болсон шалтгаан үндэслэлийг тус тус тодорхойлоогүй, Үнэлгээний хорооны Б- ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон болон хүчин төгөлдөр бусад тооцсон талаар хүчин төгөлдөр шийдвэргүй байх тул шүүх Б- ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас