Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 6

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч У.Батхүрэл, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хөхүүдүү овогт Учралын Батхүрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012705 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 1-11 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх

            2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 364 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан Хөхүүдүү овгийн Учралын Батхүрэл /РД: УП92052053/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.Батхүрэл нь 2015 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23-р байрны гадна зогсоолд байсан 28-87 УНЭ улсын дугаартай “Тоёото гранд марк-2” маркын авто машины цонхыг хагалж агуулах сав буюу авто машинд хууль бусаар нэвтэрч хойд гэрлэн дохиог хулгайлж хохирогч Ц.Бат-Эрдэнэд 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдээр 2016 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны гадна авто зогсоолд байсан 52-20 УНК улсын дугаартай “Тоёото гранд марк-2” маркын авто машины гурвалжин шилийг хагалж авто машинд хууль бусаар нэвтэрч түрийвч, бэлэн 10.000 төгрөг, арын хос гэрлийг хулгайлж, хохирогч Б.Билгүүнд 680.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлахад:

 

  1. Шүүгдэгч У.Батхүрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2. Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Өглөө 09 цагийн үед машин дээрээ очиход баруун хойд талын гурвалжин цонх цуурсан, зүүн хойд талын гурвалжин цонх хагарсан байдалтай машины хойд 2 дохио алга болсон байдалтай байсан. 17 цагийн үед машиндаа дохио худалдаж авахаар “Авто Молл” худалдааны төвд явж байхад 2 давхрын 12 тоот лангуун дээр миний машины алдагдсан гэрэл байсан. Би зүүн хойд дохионы голын цагаан дээрх зураасан болон зүүн талын дохион дээр байсан ногоон өнгийн будгийг арилгасан ул мөрөөр нь минийх байна гэж таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

3. Иргэний нэхэмжлэгч Т.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...20-25 насны залуу ирээд ахаа тоёото “Гранд марк-2” маркийн авто машины хойд дохио 2 ширхэг байна, та авах уу гэхээр нь би үзээд хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд үгүй ээ, манай ах машинаа мөргүүлээд солонгос явчихсан, намайг зараад мөнгөө олж ав гэсэн юм гэхээр нь би тэгвэл бичиг баримтаа үзүүл гэхэд байхгүй гэхээр нь би хэсгийн байцаагчдаа хэлэхээр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Би бичиг баримтгүй бол авахгүй гэхэд та надад 1.000 төгрөг өгчих би танд түц машинаас иргэний үнэмлэхний лавлагаа аваад ирье гэхээр нь би 1.000 төгрөг өгч явуулахад удалгүй зурагтай лавлагаа аваад ирэхээр нь хойд дохио 2 ширхэгийг 135.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

            4. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 36-37 х/

 

5. Хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө өөрийн эзэмшлийн 52-20 УНК улсын дугаартай “Гранд марк-2” маркийн машинаа өөрийн гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны 3-р онцны үүдэнд зогсоол дээр тавьсан юм. Тэр шөнөдөө би хөдөө яваад 2016 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед гэртээ иртэл манай эхнэр машинд хулгай орсон байна, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Намайг байхгүйд манай эхнэр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед гарч машинаа халаасан. Маргааш өглөө нь халаах гээд гарахад хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98 х/

 

6. Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Миний хүү 2015 оны 07 дугаар сард суллагдаж гэртэй байж байгаад надтай хамт барилгын ажил хийж хажуудаа одоог хүртэл ажиллуулж байгаа. Миний хүү Батхүрэлийг 2 настай байхад нь эцэг Учрал нь биднээс салсан. Миний 2 дахь хүү Батхүрэл цагаан цайлган зантай, хөгжилтэй, гэнэн, хүнд муу санадаггүй, нөхөрсөг, эрх талдаа, гэр орны бүх ажлаа хийдэг, дүү нараа сайн асардаг хүүхэд..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

           

            7. Эд зүйлийн үнэлгээ

-“Гранд марк-2” автомашины арын хос гэрэл 600.000 төгрөг, түрийвч 20.000 төгрөг, бэлэн мөнгө 10.000 төгрөг, хаалганы жижиг шил 50.000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 94 х/

 

8. Шүүгдэгч У.Батхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:

“...23-р байрны урд талын зогсоол дээр байсан цагаан өнгийн “Гранд марк-2” маркийн машин байхыг хараад дөхөөд очиход машин дотор хүн байгаагүй. Би машин дотроос эд зүйл байвал авъя гэж бодоод үзүүртэй чулуугаар хойд хаалганы гурвалжин шилийг хагалсан. Машин дотроос эд зүйл хайсан боловч олдоогүй. Би машины жолоочийн талын хаалганы хавтаснаас улаан хүрэн өнгөтэй бахь байсныг аваад хойд 2 дохионы гэрлийг авахаар шийдсэн. Уг машины арын багажийг онгойлгоод хойд 2 дохионы гэрлийг нь бахиар боолтоор нь тайлж аваад шууд ертөнцийн зүгээр хойшоо яваад авто зам гараад хөндлөн байрласан гражны буланд нуугаад гэртээ харьсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би нуусан дохионы гэрлээ аваад такси бариад “Авто Молл” дэлгүүрийн 2 давхарт гараад 130.000 төгрөгөөр зарахаар тохироход бичиг баримтгүй бол авахгүй гэхээр нь би тэр хүнээс 1.000 төгрөг аваад Төв шуудан ороод иргэний үнэмлэхний лавлагаа аваад буцаж худалдагчид нь өгөөд 130.000 төгрөг авсан...

...12-р байрны захын орцны урд цагаан өнгийн “Гранд марк-2” маркийн машины гурвалжин шилийг хагалсан байхаар нь би очоод үзтэл шилийг нь хагалаад дотор юмыг нь онгичсон байсан. Дотогшоо ороод голын хайрцагны дотор талыг үзтэл 10-ын түлхүүр багаж байхаар нь би онгойлгоод хойд 2 гэрлийг нь түлхүүрээр тайлаад 2 гэрлийг нь аваад 1-р хорооллын арын граж дунд хоёр гэрлээ нууж тавиад маргааш өглөө нь нуусан гэрлээ аваад захаар зарагдахгүй болохоор нь авто плазагийн гадна явж байсан танихгүй хүнд хосоор нь зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х, 104 х/

 

9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 х, 91-94 х/

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч У.Батхүрэл нь 2015 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23-р байрны гадна зогсоолд байсан 28-87 УНЭ улсын дугаартай “Тоёото гранд марк-2” маркын авто машины цонхыг хагалж авто машинд нэвтэрч хойд гэрлэн дохиог хулгайлж хохирогч Ц.Бат-Эрдэнэд 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдээр 2016 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны гадна авто зогсоолд байсан 52-20 УНК улсын дугаартай “Тоёото гранд марк-2” маркын авто машины гурвалжин шилийг хагалж авто машинд нэвтэрч түрийвч, бэлэн 10.000 төгрөг, арын хос гэрлийг хулгайлж, хохирогч Б.Билгүүнд 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Өглөө 09 цагийн үед машин дээрээ очиход баруун хойд талын гурвалжин цонх цуурсан, зүүн хойд талын гурвалжин цонх хагарсан байдалтай машины хойд 2 дохио алга болсон байдалтай байсан. 17 цагийн үед машиндаа дохио худалдаж авахаар “Авто Молл” худалдааны төвд явж байхад 2 давхрын 12 тоот лангуун дээр миний машины алдагдсан гэрэл байсан. Би зүүн хойд дохионы голын цагаан дээрх зураасан болон зүүн талын дохион дээр байсан ногоон өнгийн будгийг арилгасан ул мөрөөр нь минийх байна гэж таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

2. Иргэний нэхэмжлэгч Т.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...20-25 насны залуу ирээд ахаа тоёото “Гранд марк-2” маркийн авто машины хойд дохио 2 ширхэг байна, та авах уу гэхээр нь би үзээд хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд үгүй ээ, манай ах машинаа мөргүүлээд солонгос явчихсан, намайг зараад мөнгөө олж ав гэсэн юм гэхээр нь би тэгвэл бичиг баримтаа үзүүл гэхэд байхгүй гэхээр нь би хэсгийн байцаагчдаа хэлэхээр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Би бичиг баримтгүй бол авахгүй гэхэд та надад 1.000 төгрөг өгчих би танд түц машинаас иргэний үнэмлэхний лавлагаа аваад ирье гэхээр нь би 1.000 төгрөг өгч явуулахад удалгүй зурагтай лавлагаа аваад ирэхээр нь хойд дохио 2 ширхэгийг 135.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

            3. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 36-37 х/

 

4. Хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2015 оны 12 дугаар сарын 31-ний шөнө өөрийн эзэмшлийн 52-20 УНК улсын дугаартай “Гранд марк-2” маркийн машинаа өөрийн гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны 3-р онцны үүдэнд зогсоол дээр тавьсан юм. Тэр шөнөдөө би хөдөө яваад 2016 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед гэртээ иртэл манай эхнэр машинд хулгай орсон байсан, цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн. Намайг байхгүйд манай эхнэр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед гарч машинаа халаасан. Маргааш өглөө нь халаах гээд гарахад хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98 х/

           

            5. Эд зүйлийн үнэлгээ

-“Гранд марк-2” автомашины арын хос гэрэл 600.000 төгрөг, түрийвч 20.000 төгрөг, бэлэн мөнгө 10.000 төгрөг, хаалганы жижиг шил 50.000 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 94 х/

 

4. Шүүгдэгч У.Батхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...23-р байрны урд талын зогсоол дээр байсан цагаан өнгийн “Гранд марк-2” маркийн машин байхыг хараад дөхөөд очиход машин дотор хүн байгаагүй. Би машин дотроос эд зүйл байвал авъя гэж бодоод үзүүртэй чулуугаар хойд хаалганы гурвалжин шилийг хагалсан. Машин дотроос эд зүйл хайсан боловч олдоогүй. Би машины жолоочийн талын хаалганы хавтаснаас улаан хүрэн өнгөтэй бахь байсныг аваад хойд 2 дохионы гэрлийг авахаар шийдсэн. Уг машины арын багажийг онгойлгоод хойд 2 дохионы гэрлийг нь бахиар боолтоор нь тайлж аваад шууд ертөнцийн зүгээр хойшоо яваад авто зам гараад хөндлөн байрласан гражны буланд нуугаад гэртээ харьсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би нуусан дохионы гэрлээ аваад такси бариад “Авто Молл” дэлгүүрийн 2 давхарт гараад 130.000 төгрөгөөр зарахаар тохироход бичиг баримтгүй бол авахгүй гэхээр нь би тэр хүнээс 1.000 төгрөг аваад Төв шуудан ороод иргэний үнэмлэхний лавлагаа аваад буцаж худалдагчид нь өгөөд 130.000 төгрөг авсан...

...12-р байрны захын орцны урд цагаан өнгийн “Гранд марк-2” маркийн машины гурвалжин шилийг хагалсан байхаар нь би очоод үзтэл шилийг нь хагалаад дотор юмыг нь онгичсон байсан. Дотогшоо ороод голын хайрцагны дотор талыг үзтэл 10-ын түлхүүр багаж байхаар нь би онгойлгоод хойд 2 гэрлийг нь түлхүүрээр тайлаад 2 гэрлийг нь аваад 1-р хорооллын арын граж дунд хоёр гэрлээ нууж тавиад маргааш өглөө нь нуусан гэрлээ аваад захаар зарагдахгүй болохоор нь авто плазагийн гадна явж байсан танихгүй хүнд хосоор нь зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 х, 104 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 х, 91-94 х/ зэрэг  нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

          Иймд шүүгдэгч У.Батхүрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

          Шүүгдэгч У.Батхүрэл нь хохирогч Ц.Бат-Эрдэнэд “Гранд марк-2” маркийн авто машины хойд дохио 2 ширхэгийг хүлээлгэн өгсөн. /хх-ийн 36-37 х/ Иргэний нэхэмжлэгч Т.Батжаргалд 135.000 төгрөг төлсөн. /хх-ийн 21 х/ Хохирогч Б.Билгүүнд 680.000 төгрөг төлсөн. /Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт/ Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

          Шүүгдэгч У.Батхүрэл нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусч суллагдсан. У.Батхүрэлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтайд тооцох хугацаа 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч У.Батхүрэлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч У.Батхүрэл нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Батхүрэлийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  

            1. Шүүгдэгч Хөхүүдүү овгийн Учралын Батхүрэлийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батхүрэлийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Батхүрэлийн эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч У.Батхүрэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн хэргийн ялтайд тооцох хугацааг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч У.Батхүрэлд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар У.Батхүрэлд 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.   Энэ тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Батхүрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ