Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1002

 

Ө.Б, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор И.Ариунсанаа,

          шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүгдэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Б, Б.Т нарт холбогдох 1806 0463 21295 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ө-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн 2 дугаар ангид суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ............................. тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:........................../;

2. О овгийн Б-ийн Т, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................................... тоотод оршин сууж байсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:....................../;

Ө.Б, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамжны 243 тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Ү-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Б, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Т, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ө.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Т миний бие 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн.

Миний бие тус шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Шүүхээс миний эрхийг зөрчиж намайг өмгөөлөгчгүй орох уу гэж асуугаагүй. Миний бие урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан ч энэ зэргийг сайн мэдээгүй. Мөн Ө.Б нь энэ хэрэгт ямар ч хамаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Би өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж анхнаасаа гэм буруугийн тал дээр маргаагүй ба өөрийн үйлдэлд тохирсон хуулийн зөв заалтаар хариуцлага хүлээлгэхийг хүссэн. Хэргийг зөвөөр зүйлчлэхийн тулд эхлээд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг зөв тодорхойлох ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгт гэрчээр оролцсон Э.З нь анх “... танай өөдөөс харсан айлын охин хаалгаа цоожлоод, түлхүүрээ хулдаасан доогуураа хийгээд явчихлаа.” хэмээн ярьж Б.Т-т хулгайлах гэмт хэргийн сэдлийг гаргаж өгчихөөд ямар ч гэм зэмгүй мэт хэргийн гэрчээр тогтоогдсонд гомдолтой байна.

2. Хулгайлах гэмт хэргийг Б.Т ганцаараа үйлдэж, айлаас хууль бусаар авсан зурагтаа манайд оруулан ирж, боож аваад миний бичиг баримтаар ломбарданд тавихаар надтай хамт авч явсан. Э.Знь эзгүй айл байгааг хэлснээс хойш уг айлаас эд зүйл авахаар Э.Збид хоёрын хэн хэн нь үйлдлээрээ нэгдээгүй. Харин хулгайлах үйлдэл нь төгссөний дараа миний бие Э.Золжаргалын адил хэргээс татгалзалгүй, өөрийн бичиг баримтаар ломбарданд аваачиж тавьсан гэм буруутай.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хавтас хэргийн материалд авагдсанаар миний бие түлхүүрийг авч онгойлгосон ч юм уу, эсхүл дээрх айлд Ө.Т-ийн хамт орсон болон зурагтыг нь авч гарсан гэх хулгайн үйлдэлд ямар нэг байдлаар үйлдлээрээ нэгдэн оролцсон гэх ямар ч нотолгоо байхгүй. Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж 2 жилийн хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд хулгайлах гэмт хэрэгт миний оролцоо байхгүй учир хуулийн өөр зүйл, хэсгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү.

Миний бие урьд өмнө нь шунахай сэдэлтэй ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үнэнч шударгаар амьдарч Цэргийн их сургуульд суралцаж байгаа, анх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид сурч боловсрох, сургуулиа төгсөж, мэргэжил эзэмших бололцоо минь хаагдаж байгаа зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж, хуулийн зөв зүйл, заалтаар зүйлчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Б-ийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс “шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Ө.Б нь Б.Т-тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 17-243 тоотод оршин суух Д.Ү-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Ү-гйин мэдүүлэг, гэрч М.Г-ийн мэдүүлэг, гэрч Э.З-ын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.” гэжээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Д.Ү-гийн мэдүүлэгт Б.Т, Ө.Б нарыг өөрийн орон байранд нэвтэрч хулгай хийснийг харсан талаар мэдүүлээгүй, гэрч М.Г нь Ө.Б ломбарданд зурагт тавьсныг гэрчилдэг болохоос хулгайн үйлдлийн талаар мэдүүлээгүй, гэрч Э.Знь Б.Тийн хулгай хийх санаа гаргахад Ө.Б нь үүнээс татгалзаж өөртэй нь хамт гарч явсан төдийгүй хулгай хийхийг нь болиулах гээд араас нь орсон гэж мэдүүлдэг.

Мөн Б.Т нь анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ хохирогч Д.Үгийн гэрт нэвтэрч зурагтыг хулгай хийхэд Ө.Б нь оролцоогүй харин хулгайн үйлдэл хийж авсан зурагтыг Ө.Б-ийн өрөөнд оруулан боож байхад Ө.Б орж ирсэн, ломбарданд тавихад өөрийн нэрээр тавьж өгсөн гэж мэдүүлсэн байдаг.

Ө.Б нь энэхүү хэргийн мөрдөн шалгах явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэгтээ “би хулгайн үйлдэлд оролцоогүй” гэж тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд энэхүү мэдүүлгүүд нь гэрч Э.З, шүүгдэгч Б.Т нарын мэдүүлгүүд болох бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжтой.

Б.Т нь хохирогч Д.Ү-гийн орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан Ө.Б-ийн байрлах байранд оруулж тавьснаар тухайн гэмт хэрэг төгсөж байгаа. Энэхүү гэмт үйлдэл нь төгссөний дараа миний үйлчлүүлэгчийг Б.Т нь “бичиг баримтаараа ломбарданд тавиад өг” гэсэн үндсэн дээр хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж ломбарданд тавьж өгч байгаа Ө.-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн шинжийг агуулсаар байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг тохирсон зүйл, хэсгээр зүйлчлэхгүй, хамааралгүй гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Ө.Б-ийн хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн шинжийг агуулж байгаа нь түүний өөрийнх нь гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Э.З-ын мэдүүлэг, Б.Т нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүхээс энэ байдлыг дордуулан хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан ял оногдуулахгүй тэнсэх, эсхүл торгох ялаар шийтгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Т нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 678 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан, түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний талаар дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлын талаар нөхөн дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасныг зөрчинө гэж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь заалтад “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан

2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд, тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэхээр заасан бөгөөд зарчмын зөрүүтэй байдал байхгүй байна.

Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч Ө.Б, Б.Т нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээс үзэхэд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд /хх 141-151/ өмгөөлөгч Д.Бум-Аюуш нь шүүгдэгч Ө.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч”-ийг өмгөөлөгчтэй оролцуулахаар хуульчилсан байхад шүүгдэгч Б.Т-ийг анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан нь шүүхийн шийдвэр гаргах явцад нөлөөлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гарсан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийлгүй  орхиж, шүүгдэгч Б.Т-ийн давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байхад анхан шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ө.Б, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ