| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01016/И |
| Дугаар | 102/ШШ2017/01009 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01009
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 184 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Бат-Эрдэнэ /РД:ти81061176/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 71А байр, 31 тоотод оршин суух, Алаг Адуут овогт Норовхүүгийн Бямбасүрэн /РД:хз81091964/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Н.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бат-Эрдэнэ би Н.Бямбасүрэнтэй 1999 онд танилцаж, улмаар 2001 оны 12 дугаар сарын 03-нд гэр бүл болсныг 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд 411 тоот баталгаагаар бүртгэж, гэр бүл болсон билээ. Бид хамтран амьдрах хугацаанд 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Оюунсувд төрсөн. Одоо 15 настай, 38 дугаар сургуульд сурч байна. Бид зан харилцаа, үзэл бодлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос хойш тус тусдаа амьдрах болсон бөгөөд би Дарханд, эхнэр Улаанбаатарт амьдарч байна. Бид хоёр харилцан тохиролцсоноор эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охиныг ээжтэй нь хамт амьдруулахаар шийдвэрлэсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсоныг хүндэтгэн үзэж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 онд танилцаж, 2001 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2002 онд охин Б.Оюунсувд төрсөн. Гэрлэлтээ бол 2007 онд албан ёсоор батлуулсан. Үндсэндээ 1999-2009 оныг хүртэл хамт амьдарсан ба үзэл бодол нийлэхгүйн улмаас 2009 оноос тусдаа амьдарч байна. Бид 2 шашны 2 өөр үзэл баримтлалтай. Бид үзэл бодол, шүтдэг шашин ондоо учир цаашид хамтран амьдрах боломжгүй. Охин Б.Оюунсувдыг эх Н.Бямбасүрэнгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон. Ханьдаа хэлж амжаагүй үгс надад байдаг. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа дайн зарлаж амьдарсан юм. Би бол тэр нүглээ ойлгож ухаарсан. Ханьдаа хайртай уучлаарай гэж хэлмээр байна. Миний төлөө байсан бүхнээ зорилж амьдарч байсан ханьдаа баярладаг шүү. Уучлаарай гэж хэлмээр байна гэжээ.
Хариуцагч Н.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Норовхүү овогтой Бямбасүрэн нь нөхөр Б.Бат-Эрдэнийн 2017 оны 3 дугаар сарын 20-нд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос өөр хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч Н.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан бүх зүйл үнэн. Бид 2009 оноос хойш тусдаа амьдарч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Б.Оюунсувдыг би өөрийн асрамжиндаа авна. Боломжтой бол хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн бид шашны хувьд өөр өөр шүтлэгтэй. Үзэл бодлын хувьд таарч тохирдоггүй. Гэвч миний хань сайн аав шүү гэдгийг нь хэлмээр байна. Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ нь хариуцагч Н.Бямбасүрэнд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Бат-Эрдэнэ, Н.Бямбасүрэн нар 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Оюунсувд төрсөн байна /хх 3-9 хуудас/.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Шүүх гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Б.Оюунсувдыг эх Н.Бямбасүрэнгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Б.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Оюунсувдад олгох нь хүүхдийн эрх, ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Боржигон овогт Батбаярын Бат-Эрдэнэ, Алаг Адуут овогт Норовхүүгийн Бямбасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Оюунсувд /РД:те02290106/-ыг эх Н.Бямбасүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Оюунсувдад 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Бат-Эрдэнээс гаргуулан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай. 7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
| ||||
| |